Жижиг гэж гололгүй итгээд, дэмжээд үзье л дээ
Бондын мөнгөнөөс жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл мэтийн жижиг сажиг зүйлд зарцуулахгүй гээд байгаа. Гэтэл жижиг сажиг гэж нэрлээд байгаа зүйл нь улс оронд үнэхээр ололт дэвшилт, хөгжил авчирна гэдгийг мэдэхгүй байгаа нь сонин.
Бондын мөнгийг томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна. Тухайлбал, бид шатахууны дарамтаас гарахын тулд хурдхан шиг нефть боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Тиймээс бондын мөнгөний тодорхой хэсгийг үүнд зарцуулна гэж байгаа. Ингэснээр хамгийн наанадаж 2015 он гэхэд үйлдвэрийн барилга баригдаж дуусаад, магадгүй 2017 он гэхэд бид Оросоос шатахуун гуйхгүй болох байх.
Харин тэр хооронд өдийг хүртэл үргэлжилсэн дарамт хэвээр байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Дахиад өнгөрсөн оны нэгдүгээр сар шиг үйл явдал болохыг ч үгүйсгэхгүй. Энэ үед юу болсныг сануулах нь илүүц биз. Харин энэ үед өнөөх жижиг сажиг гээд тоохгүй байгаа зүйл хэрхэн аминд орж байсныг дурдъя.
Үндэсний үйлдвэрлэгчтэй байхын давуу тал энэ дээ
Шинэ төрлийн альтернатив түлш үйлдвэрлэх зорилгоор анх 2009 онд үйлдвэрээ байгуулж, 2010 онд ургамлын болон амьтны өөхөн тосыг химийн аргаар боловсруулан дизель түлш хийж эхэлсэн “Эн Би Эф” гэж үндэсний жижиг компани бий. Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэрлэгч гэсэн үг.
Үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжөө өөрсдөө бүтээсэн. Хоногт 1-2 тонн түлш үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай ч, жилд 40-50 тонныг үйлдвэрлэж байсан. Байсан гэсний учир нь өдгөө тус үйлдвэр технологио шинэчлэх гээд түр ажиллахгүй байгаа. Харин ажиллаж байх хугацаандаа буюу өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын шатахууны хомсдлын үеэр монголдоо үйлдвэрлэсэн дизель түлшээрээ нийслэлийн бүхий л нийтийн тээврийг хангаж, олон хүнийг хөл дүүжилж байсан юм.
Тэр үед Монголд үйлдвэрлэсэн дизелийг тоож ч хэрэглэдэггүй байсан жолооч нар үхэн хатан дугаарлаж байсныг тус компанийн захирал Б.Энхболд гуай ярьж билээ. Тухайн үед шатахууны үнэ 1700 төгрөгт хүрчихээд байхад үндэсний үйлдвэрлэгч компани маань дизель түлшээ ердийн үеийн үнэ болох 1000 төгрөгөөр л зарж байсан гэдэг.
Энэ тухай Б.Энхболд захирал хэлэхдээ “Жолооч нар манай үйлдвэрийн гадна дугаарлаж, хэдээр ч хамаагүй зарчих гээд гуйж байсан. Мянган төгрөгөөр зарж байгааг сонсчихоод яагаад ийм хямдхан байгаа юм бэ, нэмж зараач гэж байсан хүн олон. Гэвч бид үндэсний үйлдвэрлэгчийнхээ хувьд хүнд хэцүү цагт ард иргэдийгээ хуурч, мөлжиж болохгүй учраас өмнөх үнээрээ л зарж байсан” гэсэн юм.
Энд л үндэсний үйлдвэрлэгчтэй байхын давуу тал харагдаж байна. Жижиг, дунд үйлдвэрлэгчид хэзээ ч ард иргэдийг мөлждөггүй. Тэд хийж бүтээе гэсэн сэтгэлтэй байдаг болохоор бараа, бүтээгдэхүүн дээрээ үйлдвэрлэлийнхээ зардлыг л нэмдэг гэж байгаа. Тиймээс ч тэд төр засаг нь дэмжлэг үзүүлэхгүй байгаад гомдож л явдаг байх. Монголдоо үйлдвэрлэсэн дизель түлш авто хэрэгслээс гарах утааг 50-60 хувь бууруулдаг, түлшний зарцуулалтыг 3-5 хувь хэмнэдэг, автотехникийн машин механизмд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг Электрон техник машин судлалын концерн, мэргэжлийн байгууллагатай хамтран баталж, 60-70 автобусанд туршиж үзсэн.
Гэхдээ био дизель түлш нь ургамлын гаралтай болохоор өвлийн улиралд царцдаг талтай. Тиймээс одоогоор үйлдвэрлэлээ түр зогсоогоод Японы компаниудтай хамтран өвлийн улиралд буюу хасах 15-20 градуст хэрэглэж болдог био дизель хийх шинэ техник технологи нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.
Аливаа зүйлийг хийж бүтээх ямар хэцүүг яс махандаа тултал мэдэрдэг манай үйлдвэрлэгчид ашгаас илүүтэй Монголдоо хэрэгтэй юм хийж бүтээж яваа нь энэ. Хэрэв ашиг харъя гэсэн бол амар хялбар бизнес эрхлэх боломж нь тэдэнд бий шүү дээ. Бусадтай адил импортын бараа оруулж ирээд наймаа эрхэлбэл байгаа хэдэн төгрөгөө хэд нугалаад л авах байх. Гэхдээ Монголоо хөгжүүлье гэсэн хүсэл нь тэднийг гадныхныг царайчлаад ч хамаагүй технологио шинэчлэх их ажилд нь урьсан биз. Гэтэл жижиг сажиг зүйл хэмээн голж байдаг.
Монгол инженерийнхээ ур ухаанд итгэ
Био дизель түлш бас их давуу талтай. Улаанбаатарт жилд 350-360 мянган тонн хог хаягдал гардгийн 10-15 хувь нь буюу 40-50 мянган тонн нь хуванцар хог хаягдал байдаг. Үүний 6-8 хувь нь дахин хэрэглэх боломжтой ундааны сав байдаг аж. Одоогоор үүнийг Хятад руу гаргаж байгаа. Үлдсэн хэсгийг нь газрын хөрсөнд булж, устгадаг. Манайх хог хаягдал дахин боловсруулах үйлдвэргүй учраас байгаль орчинд хортой энэ аргыг хэрэглэхээс аргагүй. Гэтэл монголдоо үйлдвэрлэж байгаа дизель түлшийг эдгээр хог хаягдлаар хийж болдог гэж байна.
Улаанбаатарын хогноос жилд 25-30 тэрбум төгрөгийн түлш үйлдвэрлэх боломжтой түүхий эдийг бид зүгээр л булаад байна. Жижиг сажиг зүйл хэмээн тоолгүй, дэмжихгүй байхаар жилд 25-30 тэрбум төгрөгийг булж, байгаль дэлхийгээ хордуулдаг гэж байна. Тэгвэл энэ үйлдвэрлэлд хэрэгтэй 200 гаруй сая төгрөгийн зээлийг бондын хөрөнгөнөөс, эсвэл утаанд төсөвлөсөн мөнгөнөөс, хог хаягдалд зарцуулах төсвөөсөө хуваагаад гаргаад өгчихмөөр л санагдах юм.
Цаана чинь Европын орнууд газарт булдаг аргыг 2020 он гэхэд таслан зогсоох зорилт тавьчихаад байна. Хуванцар хог хаягдлыг халуун задралын аргаар дахин боловсруулж дизель түлш, шатахуун үйлдвэрлэж болохыг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Сүүлийн таван жилд л гэхэд 200 гаруй үйлдвэр ашиглалтад орж 5-8 сая тонн дизель түлш, шатахуун үйлдвэрлэсэн байна. Тиймээс монгол инженерийнхээ ур ухааныг чамлаж, үндэснийхээ үйлдвэрийг жижиг хэмээн гололгүй итгээд үзвэл ямар вэ.
М.Ариунсувд
URL: