С.Ганбаатар: Хөдөлмөрийн хуулийг хаврын чуулганаар оруулахад бэлэн боллоо
Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын тухай ярьж байна. УИХ-аар хэзээ хэлэлцэх боломжтой вэ?
-Бид Хөдөлмөрийн хуулиа бүрэн төгөлдөржүүлж хаврын чуулганаар оруулахад бэлэн боллоо. Мөн үйлдвэрчний эвлэлийн зүгээс дэмжиж байгаа хуулиудыг цэгцлэн, нийгмийн эрүүл мэндийн даатгалыг чуулганаар оруулж баталгаажуулсан. Зах зээлийн эдийн засаг хүн, байгаль хоёрт маш их халгаатай. Хүнийг хамгаалдаг нь Хөдөлмөрийн хууль юм. Одоогоор хувийн хэвшилд ажиллаж байгаа мянга, мянган залуус хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байна. Оюутолгойд ажиллаж байгаа гадаад, дотоодын ажилтны цалингийн ялгаа нь өдөр шөнө шиг. Монгол залуу 1500 ам.долларын цалинтай байхад гадаад хүн 30 мянган ам.доллар авна. Гэтэл хөдөлмөрлөж буй нөхцөл, хийж байгаа ажил нь яг ижил байх жишээтэй. Ингэж ялгаварлаж болохгүй. Бидний үнэлэмж өндөр байх ёстой. Үүнийг төрөөс бодлого, эрхзүйн орчноороо шахах хэрэгтэй.
-Одоо мөрдөж байгаа Хөдөлмөрийн хуулиас ямар заалтыг нь өөрчилвөл энэ хууль төгөлдөр болж, иргэд хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэх боломжтой вэ?
-Хамгийн гол заалт гэвэл хамтын гэрээ хэлэлцээрийг ажилчид өөрсдөө хийдэг байх. Тухайлбал, Оюутолгой компанийн Үйлдвэрчний эвлэл нь эздийн эрх мэдлийнх байсан. Тиймээс хүмүүсийн эрх ашгийн төлөө С.Гантуяа тэмцэж байгаа. Бид хувиа хичээгээд, ажилгүй болохоос айгаад дуугүй суугаад байж болохгүй. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг хамгаалдаг ганц газар нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллага. Тиймээс асуудал гарсан, эвлэлдэн нэгдэж чадахгүй байгаа бол бидэнд хандаач. Үүнийг хуульд хамтын гэрээ хэлэлцээр гэсэн заалтаар оруулсан байгаа.
-Хөдөлмөрийн хуулийг мөрдөж ажилладаг газар бараг алга гэдэг. Хичнээн сайн хууль гаргасан ч мөрдөхгүй бол үр дүн гарахгүй. Тиймээс хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах ямар алхам хийх вэ?
-Хөдөлмөрийн хууль хэрэгжихгүй байгаа бол үйлдвэрчний эвлэлдээ тэр дор нь хандаж байх хэрэгтэй. Хэрвээ бидэнд хандвал хөдөлмөрчдийн төлөө, хуулийг мөрдүүлэхийн төлөө зүтгэх болно. Аймаг, дүүрэг бүрт хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо ажиллаж байгаа. Тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэрчний эвлэл ажиллахгүй бол хөдөлмөрчид өөрсдөө хандаж болно. Амиа бодож сууснаас байдал ийм болж байгаа юм. Бусдынхаа төлөө өөрөөсөө хамаарах тодорхой хэсгийг золиослох сэтгэлтэй байгаасай.
-Хөдөлмөрийн хууль зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжид хуулийн хариуцлага хүлээлгэх эрх үйлдвэрчний эвлэлд байдаг уу?
-Хөдөлмөрийн хууль зөрчиж ажлаас халлаа гэж бидэнд хандсан тохиолдлын 93 хувийг нь бид хөдөлмөрчдийнхөө талд шийдвэрлүүлж чадсан. Энэ бол маш өндөр тоо. Жирийн ажилчид хоорондоо эвлэлдэн нэгдэж гомдлоо барагдуулах хэрэгтэй. Гэвч би ажилчин хүнд бурууг тохох гээгүй. Үйлдвэрчний эвлэл ч мөн ажиллах ёстой, сул ажилладаг нэгэн байгааг ч би хүлээн зөвшөөрнө. Мөн Хөдөлмөрийн хуульд нэмж, хасах, сайжруулах заалтууд бий.
Д.Оюунчимэг
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: