Хан Хэнтийчүүд амар мэндийн золголтоо ая дууны түрлэг, хүчит бөхийн уухайтай хийнэ

as44sasd45Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ирэх долдугаар сард тэмдэглэх энэхүү түүхэн тэгш ойгоо угтан Хан Хэнтийчүүд олон бүтээлч ажил өрнүүлж, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ бүхний салхийг хагалж Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй Хэнтий аймгийн уугуул иргэддээ зориулан амар мэндийн золголт, ая дууны цэнгүүн зохион байгуулах юм байна. Золголт XVII жарны Тийн ялгуусан хэмээх усан могой жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 9-ний билэгт сайн өдөр буюу хоёрдугаар сарын 19-ний 15 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх гэнэ. Энэ үеэр Хэнтий аймгийн бүх сумдын иргэдийн золголт, брэнд бүтээгдэхүүний өдөрлөг болох юм байна. Мөн хүчитний өлгий Хэнтий нутгийн харьяат аймаг, цэргийн цолтой 32 залуу бөхийн барилдаан болох ажээ.

Амар мэндийн золголт, ая дууны цэнгүүн, аатай хийморьтой хүчит бөхийн барилдаанд Хан Хэнтий нутгаас төрөн гарсан урлаг, соёл, спортын алдартнууд оролцон элгэн нутгийн зон олонтойгоо нэгэн үдшийг дуу хуурын дугараа, уухайн түрлэг дүүрэн өнгөрүүлэх нь ээ. Золголт, цэнгүүнд Өмнөд Энэтхэгийн Гоман дацанд ном бясалгаж байгаа Монголын долоон хувилгаан, хутагтын нэг, Хэнтий нутгаас  тодорсон Жонон Ханчэн рембүүчи оролцож нутгийн зон олонтойгоо учран золгож, ерөөл айлдах гэнэ. Хан Хэнтий нутгийнхны золголт, цэнгүүнд хүрэлцэн ирсэн хүн бүрт гарын бэлэгтэй бөгөөд азын сугалаагаар могой жилийн од хийморио сорих боломжийг олгож байгаа ажээ.

www.bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих