ЦУУНЫ ХҮЧЛИЙГ ХҮНСЭНД ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн 10 жилийн байдлаар нийт 479 хүүхэд цууны хүчлийн хордлогын улмаас хүргэгджээ. Цууны хүчлийг Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад оруулж 25 хувиас дээш концентрацтай, 500 мл хүртэл хэмжээгээр жижиглэн савласныг хүнсний зориулалтаар ашиглахыг хориглосон. Энэ тухай Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаал батлагдсаныг “Химийн аюулгүй байдал, хордлогын менежментийг зохицуулах зөвлөл”-ийн дарга, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа танилцуулав.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхийн хүн амын дунд зонхилон тохиолдох өвчний жагсаалтын гуравдугаарт хордлого, осол гэмтэл багтаж байгаа бол Монгол улсад химийн бодисын зүй бус хэрэглээтэй холбоотой хурц болон архаг хордлогын тохиолдол сүүлийн жилүүдэд ихэсч нас баралтын шалтгааны тавдугаарт хордлого, осол, гэмтэл орж байна.
Хамгийн түгээмэл тохиолдож буй хордлогын нэг нь хүнсний зориулалтаар худалдаалж буй 50-80 хувийн цууны хүчлийг санамсаргүй болон амиа хорлох сэдэлтэйгээр ууснаас үүссэн хордлого юм. Цууны хүчлийн хордлогын улмаас жилдээ 50-60 гаруй хүн хордож, 3-9 хүн нас баржээ.
Ж.Болор
URL: