Засгийн газрын мөрөөсөл нь “Чалко”-гоос салах
“Чалко”-гийн аманд орж гэрээ хийсэн нь хэний буруу вэ?
“Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэгчээр “Эрдэнэс Тавантолгой” “элгээрээ хэвтээд” нэлээд хонов. Одоо энэ компанийн өр ширийг юугаараа дарж, яаж хөл дээр нь босгодог билээ? хэмээн Засгийн газрын хэдэн гишүүд толгойгоо гашилгаж сууна. Үүнтэй зэрэгцээд Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын зардал хэдэн тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь мөн л тэднийг тэвдүүлж эхлэв. За энэ ч яахав.
Одоо Хятадын “Чалко” компанитай байгуулсан гэрээг цуцлуулах тухай яригдах болов. Гэрээ цуцална гэдэг тийм ч сайхан зүйл биш. Нэг ёсны арчаагаа алдсан арга юм. Гэрээний нөхцөлөө эс биелүүлсэн тул цаад тал манайхаас мөнгө нэхэж таараа. Эс өгнө гэвэл “Чалко” шүүхдэж эхэлнэ. Тэгвэл Монголын тал юу ч олж долоохгүй. Гэрээ бол гэрээ. Бид алдагдлыг нөхөх л болно.
Одоо хамаг буруутан нь “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш болоод байна. Учир нь “Чалко”-той алдагдалтай гэрээ хэлцэл хийсэн гэж. Яг яривал иргэдэд амласан бэлэн мөнгөө хагас дутуу боловч өгөхийн тулд түүнийг шахаанд оруулсан гэхэд болно. Тиймээс тухайн үеийн эрх баригчид Зүүн Цанхийн нүүрсээ барьцаанд тавьж 350 сая ам.доллар зээлсэн. Хүнээс царай алдаж мөнгө зээлсэн улс яаж олигтой байх вэ? Нэг ёсны тэдний аманд орчихсон гэхэд болно.
Ерөнхий сайд юу ч мэдээгүй юм шиг ярив
Тухайн үед бид мөнгө зээлдээд “Хүний хөгжил сан”-гийн мөнгө тараахаа болсоноос гэрээний нөхцөлөө тас мартсан. Тодруулбал, адаг сүүлд юу болохоо мэдээгүй. Үүний хариуцлагыг өмнөх Эвслийн Засгийн газар хамт үүрэлдэх ёстой. Тэд “Чалго”-гоос зээл аваагүй бол Монголын тал нүүрсээ хямдхан өгөх гэрээ хийх ямар ч шаардлага байгаагүй.
Тэр үед одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газарт ажиллаж л байсан. Гэтэл одоо тэрбээр тэс ондоо өнгөөр дуугарах болов. Саяхан МонголУлсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Тавантолгой” ХК өрөндөө баригдсан байгаа. Монгол Улсын арилжааны банкуудад 110 тэрбум төгрөгийн өртэй. Арилжааны банкинд өртэй гэдэг чинь cap бүр хүү явж байгаа.
“Чалко” компаниас 350 сая ам.долларыг авсан байна. Одоо үлдэгдэл нь 190 орчим тэрбум төгрөгийн өртэй. Ингээд нэмбэл өнөөдөр Тавантолгой” ХК 300 орчим тэрбум төгрөгийн өртэй байгаа. “Тавантолгой” гэдэг компани ашиггүй гэрээг гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн байна” хэмээн мэдэгдлээ. Өнөөдөр бидний ам, ажил нэг иймэрхүү янзтай.
Гэрээний үндсэн нөхцөл
Тэгвэл Хятадын “Чалко”-той хийсэн гэрээний үндсэн нөхцөл нь ямар байсныг авч узье.
Гэрээний хугацаа:
-Урьдчилгаа төлбөрийн хугацаа (350 сая ам.долларыг төлж дуусах хүртэлх хугацаа)
Тогтсон хугацаа:
-(Тогтсон хугацаа дууссанаас хойш 5 жил хүртэл хугацаагаар сунгаж болно)
Нүүрсний үнэ:
-Зөвхөн дөрөвдүгээр давхаргын түүхий нүүрсэнд хамаарах бөгөөд суурь үнийг 70 ам.доллараар тогтоосон
-Эхний хагас сая тонныг 69.9 ам.доллар
-Дараагийн хагас сая тонныг 70 ам.доллар
-Үүнээс хойшхи үнийг индексээр тогтооно.
Үнэ тогтоох аргачлал:
-БНХАУ-ын дөрвөн индексийн дунджаар улирал бүр тогтооно.
Нүүрс нийлүүлэх хэмжээ:
-Урьдчилгаа төлбөрийн хугацаанд Зүүн Цанхийн хэсгийн олборлолтын нүүрсийг 100 хувийг “Чалко”-д нийлүүлэх (Үүнээс “Чалко” 15 хувийг нь хоёрдогч худалдан авагчдад, 30 хувийг нэрлэсэн худалдан авагчдад худалдана)
-Тогтсон хугацаанд Зүүн Цанхийн хэсгийн олборлолтын нүүрсний 80 хувийг “Чалко”-д нийлүүлэх (Үүнээс “Чалко” 15 хувийг нь хоёрдогч худалдан авагчдад, 30 хувийг нэрлэсэн худалдан авагчдад худалдана)
-Сунгасан хугацаанд Зүүн Цанхийн хэсгийн олборлолтын нүүрсний 60 хувийг “Чалко”-д нийлүүлэх (Үүнээс “Чалко” 40-өөс доошгүй хувийг нэрлэсэн худалдан авагчдад худалдана)
Урьдчилгаа төлбөрийн дүн:
-350 сая ам.доллар (+ хүүгийн төлбөр)
Үүнээс:
250 сая ам.доллар-жилийн 3 % хүүтэй
30 сая ам.доллар-жилийн 5.2 % хүүтэй
70 сая ам.доллар-жилийн 7.2 % хүүтэй
Төлбөрийн нөхцөл:
-Нүүрсээр болон бэлэн мөнгөөр хийж болно. Тус компанийн урьдчилгаа төлбөр болох нийт 350 сая ам.долларыг нүүрсээр эргүүлэн төлөх нөхцөлтэй ч эхний нэг сая тонн нүүрсийг нийлүүлсний дараа бэлэн мөнгөөр эргүүлэн төлж болохыг гэрээнд тусгасан.
Маргаан шийдвэрлэх арбитр:
-Сингапурын Олон улсын Арбитрын төвийн дүрэм, журмыг баримтлан шийдвэрлэнэ.
Хэрэглэх, хууль:
-АНУ-ын Нью Иорк мужийн хууль.
186 сая ам.долларыг 3.5 сая тонн нүүрсээр төлбөл…
Мөн тус компаниас гэрээний хэрэгжилт болон гэрээнээс үүдсэн хохирлын талаар тооцож гаргасан байна. Үүнд дурдсанаар 2012 оны эцсийн байдлаар нийт 2.7 сая тонн нүүрс “Чалко”-д нийлүүлжээ. Урьдчилгаа төлбөрийн нийт үлдэгдэл 186 сая ам.доллар болсон байна. Гэрээнд тусгаснаар эхний нэг сая тонн нүүрсийг индекс хэрэглэхгүй 70 ам.доллараар нийлүүлсэн байна. Харин индексийн аргаар тооцохыг өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас эхлэн хэрэгжүүлжээ.
Үнийн индекс хэрэглэснээс суурь үнэ 70 ам.доллараас хоёрдугаар улиралд 68.57, гуравдугаар улиралд 65.9, дөрөвдүгээр улиралд 56.7 ам.доллар болж тус тус буурсан байна. Урьдчилгаа төлбөрийг буцаан төлж дуустал “Эрдэнэс Тавантолгой” ХК олборлосон нүүрсээ 100 хувь урьдчилсан төлбөрийг барагдуулснаас хойш таван жилийн хугацаанд нийт Зүүн Цанхийн хэсгээс олборлосон нүүрснийхээ 80 хувийг зөвхөн “Чалко” компанид нийлүүлэх үүрэг хүлээсэн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК 2013 онд олборлох нүүрсний 69 хувь, 2014 онд 62 хувь, 2015 онд 57 хувь, 2016 онд 44 хувь, 2017 онд 40 хувийг зөвхөн нэг худалдан авагчдад экспортлох нөхцлийг үүсгэжээ.
Нүүрсний үнийг цаашид энэхүү индексийн аргачлалаар тооцон (үнэ цаашид өсөхгүй 53.6 ам.доллараар нийлүүлэх тохиолдолд) экспортыг үргэлжлүүлбэл урьдчилгаа төлбөрийн нийт үлдэгдэл болох 186 сая ам.долларыг 3.5 сая тонн нүүрсээр төлж барагдуулах бөгөөд тус компани 60 сая ам.долларын алдагдал хүлээх тооцоо гаргажээ. Урьдчилгаа төлбөрийн хүүнд 2011 оны есдүгээр сараас 2012 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацаанд нийтдээ 10.5 сая ам.долларыг төлсөн байна.
Хэрэв урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 186 сая ам.долларыг нүүрсээр бус бэлэн мөнгөөр барагдуулан, “Чалко” компанид нийлүүлэх байсан 3.5 сая тонн нүүрсийг өнөөдрийн гэрээний бус үнээр (70 ам.доллар) худалдан авагчдад нийлүүлбэл ойролцоогоор 60 сая ам.долларын орлого олох боломжтой. Хэрэв дээрх хэмжээний нүүрсийг угааж боловсруулан цааш худалдаалахад тонн тутамд 46 ам.доллар буюу нийт 164 сая ам.долларын ахиуц орлого олох болбмжтой талаар тус илтгэх хуудсанд дурдсан байна.
Н.Энхбат
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: