МАХН-ынхан гэмт этгээдүүдээр нэгнээ дарамтлуулдаг болжээ
Сүхбаатар дүүргийн МАХН-ын Мянгатын хуралдааны үеэр тус намынхан санхүүгийн асуудлаас болж, нэгнийхээ аминд хүрэх шахжээ гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Учир нь энэ үеэр хурал удирдахаар ирсэн Мянгатын дарга Б.Батболдыг хурлын заалнаас гарч явахад үл таних гурван хүн араас нь дагасан аж. Гэтэл Б.Батболд дарга гурван хүнээ үүдэнд үлдээгээд хурлын заалнаас Сүхбаатар дүүргийн Мянгатын гишүүн, дүүргийн ёс зүйн хорооны дарга Н.Чулуунбаатарыг танхимаас авч гарчээ.
Тэд ийнхүү маргалдаж явсаар намын төв байрны гаражид орж, улмаар маргаан нь ширүүссэн байна. Энэ үеэр үл таних гурван залуу Б.Батболдод хандан, “н.Чулуунбаатар энэ хоёрыг алчихая л даа” хэмээн дайрчээ. Ийнхүү маргаан ширүүсч, зодоон цохиондоо хүрсэн учраас цагдаа дуудсан байна. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар бол “Тэдгээр гурван нөхөр эрүүгийн гэмт этгээдүүд байсан. Ер нь Б.Батболд дарга ямар ч шүүмжлэл хүлээж авдаггүй.
Намын гишүүдээс байнга татвар хэмээн их, бага хэмжээгээр мөнгө авдаг. Тиймээс энэ удаад Б.Батболд н.Чулуунбаатартай санхүүгийн асуудлаас болж маргалдсан. Маргалдаад зогсохгүй эрүүгийн гэмт этгээдүүдээр дарамтлуулах гэсэн. Энэ бол түүний хувьд ердийн асуудал. Тэр хэдэн төгрөг хаашаа юунд зарцуулснаа хэлдэггүй. 15 сая төгрөг авчихаад хуралд тайлан тавихдаа таван сая төгрөг болгож ярьдаг хүн байгаа юм” хэмээн дарамтлуулж, зодуулсан нөхөд гомдол гаргаад байна.
С.Баяр
Эх сурвалж:
URL: