МИАТ-ийн хувьчлалд нэр нэгтэн нь давуу эрхтэй оролцох нь зөв үү, А.Гансүх сайд аа
МИАТ-ийг хувьчлахгүй гэх шийдвэрээ эрх баригчид гаргасан ч асуудал намжсангүй. Улс төрийн намуудын өчигдрийн хуралдаанаар хувьчлалын асуудал дахин хөндөгдөж, намуудыг талцууллаа. Дайны эрсдлийн даатгалын мөнгийг шамшигдуулсан хэргээр нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллага шалгаж, төрийн өмчит компанийн нэр хүнд унасан энэ үед тус компанийн хувьчлалыг түргэвчлэх болсон нь олон хүний хардлагыг төрүүлсэн юм.
Өнөөдрийн нөхцөлд МИАТ ямар ч үнэ цэнэгүй компани болсон. Гэтэл 49 хувийг нь хувьчлах асуудал бүтэлгүйтээд долоо ч хоноогүй байхад дахин оруулж ирсэн нь хачирхалтай. УИХ-ын гишүүн Д.Батцогт “Өөрсдийгөө авч явж чаддаггүй өрний хүүдийнүүдэд МИАТ-ийг хувьчлах нь хариуцлагагүй явдал” хэмээн тодотгов. Түүний хэлж буйгаар салбарын сайд асуудлыг танилцуулахдаа “Изинис”, “Аэро Монголиа”, “Монголиан Эйрлайнс” хэмээх гурван компанид давуу эрхээр хувьчлахыг онцолжээ.
Гэтэл энэ мэдээллийн дараахан “Mongolian Airlines групп”-ийн гүйцэтгэх захирал Б.Баяр “МИАТ-ийн хувьчлалд “Mongolian Airlines group” огт оролцохгүй. Анхнаасаа ч тийм санаа байгаагүй. Компани байгуулсан шалтгаан нь МИАТ-ийг хувьчилж авахад зориулагдсан байсан бол МИАТ-ийнхтэй яг ижил төстэй байх байлаа. Тэгсэн бол дараа дараагийн үйл ажиллагаа хялбар, хөрөнгө оруулалт хамаагүй хямд тусна.
Тэгэхээр анхнаасаа огт өөр шийдлийг сонгосноос эхлээд өнөөдрийг хүртэлх бүх үйл ажиллагаа маань МИАТ-ийн хувьчлалаас хамаагүй хол явж ирсэн” гэжээ. Түүний хэлж буйгаар “Mongolian Airlines Group” компани Европын онгоц үйлдвэрлэгч “Аэробус” компанитай хамтран ажилладаг. МИАТ АНУ-ын үйлдвэрлэгч болох “БОИНГ” компанитай хамтран ажилладаг тул хэзээ ч нэгдэн нийлэх боломжгүй зүйл гэнэ.
Өөрөөр хэлбэл, нэг нь “Аэробус” үйлдвэрийн онгоц, нөгөө нь “БОИНГ” үйлдвэрийн онгоц ашигладаг. Энэ хоёр үйлдвэрлэгч дэлхийн зах зээл дээрх хамгийн том хоёр үйлдвэрлэгч бөгөөд ашигладаг технологи, инженерингийн шийдэл нь огт өөр. Үүнийг дагаад манай хоёр компанийн нисэх парк, түүний техникийн засвар үйлчилгээ, ажилтнуудынх нь дадлага туршлага өөр.
БОИНГ онгоцны нисгэгч Аэробус онгоц жолоодож чадахгүйтэй адил Аэробусын нисгэгч БОИНГ онгоц хөөргөж чадахгүй гэнэ. Хэрэв аль алин дээр нь сургая гэвэл тухайн нисгэгч бүрийг 50-60 мянган ам.долларын үнэтэй сургалтад дахин хамруулж, дадлагажуулах шаардлагатай аж. Иймээс энэ бүхэн бүтэхгүй зүйл гэдгийг тэрбээр үг хэлэх бүртээ онцолжээ.
Магадгүй Зам тээврийн сайд А.Гансүх худал хэлж, чулуу хөөлгөөд байна уу гэх дүгнэлтийг дээрх эрхмүүдийн ярианаас хийж болохуйц. Учир нь салбарын сайд нэр бүхий компаниудад давуу эрхтэйгээр хувьчлахыг анхааруулж байхад тухайн компани нь түүний эсрэг мэдээллийг хүргэв. Үнэндээ ч А.Гансүх энэ мэдээллийн талаар том дуугарч, хэн ч асуугаагүй байхад өөртөө хамааралгүй гэдгийг зарлах болсон юм даг.
Түүнчлэн 2010 оны нэгдүгээр сарын 7-нд МИАТ-ийн даатгалын эрсдлийн сангийн хөрөнгө хэн нэгний гараар угаагдаж байгаа тухай Зам тээврийн яамнаас хуулийн байгууллагад хандсан байдаг. Тэр ч бүү хэл, чимээгүйхэн шалгагдаж байсан хэргийг сүр дуулиантайгаар нийтэд зарласан хүн нь Х.Тэмүүжин болон А.Гансүх сайд. Сайд асан Ц.Нямдоржийг хэргийг нуун дарагдуулсан хэргээр эрүүдэх гэж ч “хөдөлмөрлөж” байгаа.
Ямартаа л МИАТ-ийн дайны эрсдлийн даатгалын сангийн мөнгийг идэж уусан этгээдүүд нь Ардын намын угшилтай хүмүүс хэмээн мессеж явуулах болжээ. МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхоны хэлснээр дээрх хэрэгт 20 улстөрч холбоо, сүлбээтэй. Тэр тэднийг толгой дараалан нэрлэж чадахаа ч зарласан. МИАТ-тэй холбоотой мөнгө угаасан хэрэгт улс төрийн нам хүчнийхний оролцоо байгаа гэдгийг Х.Тэмүүжин сайд ч нуугаагүй.
Харин “Mongolian Airlines group”-ийн удирдлагын тодотгож байгаагаар МИАТ-тэй ямар ч холбоогүй бөгөөд хэвлэлээр бичигдээд байгаа улстөрчидтэй эрх ашгийн ямар ч холбоогүй гэнэ. Мэдээж, ажил хэргийн холбоотой байхаас өөр аргагүй албан тушаалтнууд тэр дунд бий. Энэ бол тус группийн хариуцлагатай хүний үг. Түүнчлэн нэр нэгтэй хоёр авиа компанийг хоорондоо ямар ч хамааралгүйг мэдэгдэж байгаа ч Ц.Нямдоржийн хэлснээр “Монголиан эйрлианс” компанийн онгоцыг Токиод буухад буултын зардлыг МИАТ-ээс нэхсэн тохиолдол гарч байсан гэдэг.
Гол нь Б.Баяр захирал “МИАТ манай хоёрыг битгий муудалцуулах гээд бай л даа…” хэмээн хичээнгүйлэн гуйсан нь бас л хачирхалтай. Хувьчлалын асуудалд хамааралгүй, нэр нэгтэй ч үйл ажиллагаа тэс өөр гэж тодотгох түүний үг тэнгэрт л хөөрөөд байх шиг. Гол нь дуулиант хэргийг ил болгосноор МИАТ-ийн үнэ цэнэ алдагдлаа. Ийм үед төрийн өмчит компани руу шүлэнгэтсэн эрхмүүд хувьчлалын асуудлыг түргэвчлэхийг хүсэмжилж, эрх баригчдыг “шантаажилж” эхэлсэн сурагтай.
“Үгүй” гэх шийдвэр гарсан атал асуудлыг дахин оруулсан нь аргагүй л шалтгаантай байх нь. Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “МИАТ-ийг хувьчлах нь нэг талаар менежментийг сайжруулах, нислэгийн тарифыг хямдруулах, үр ашгийг сайжруулах аж ахуйн менежмент яригдаж байгаа боловч цаад талдаа тодорхой нэр бүхий гурван компанид хувьчлах, магадгүй дампууруулж, үнэгүйдүүлж, хувьчлах гэсэн санааг тодорхой бүлэг агуулж байна” гэсэнтэй утга нэг.
Нөгөөтэйгүүр, улсаа барьцаалан байж авсан бондын мөнгөөр онгоц авах асуудал яригдаж, хүчээ авч эхэлсэн. Бондын мөнгөөр онгоц авахуулчихаад, дээрээс нь МИАТ-ийн 49 хувийг хувьчилчихвал ард нь алгаа тосоод сууж байгаа эрхмүүдэд насных нь хоолыг бэлдээд өгч байгаа нь тэр. Асуудлын гол нь Д.Батцогт гишүүний хэлсэнчлэн “Монголиан Эйрлайнс” юм уу Н.Номтойбаярт биш. МИАТ-ийг өнөөдөр хувьчлах цаг нь мөн үү, биш үү гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: