Африк тив бүхэлдээ ядуурлаа зарлахад ойрхон байна
Өнгөрсөн долоо хоногт Африкийн дахин нэг улс дэлхий нийтийн өмнө дампуурлаа зарлалаа. Зимбабве улсын Сангийн сайд Тендай Бити “Манай улсын Сангийн яаманд ердөө 217 ам.доллар үлдсэн” хэмээв. Энэ нь дампуурлаа зарлаж буй нэг хэлбэр. Өмнө нь энэ мэт Африкийн орнууд эдийн засгийн хувьд цаашид хөгжих боломжгүй гэдгээ янз бүрийн аргаар зарлаж байсан. Харин энэ удаад Зимбабве улсын хөгжил, ойрын хэдэн жилийн ирээдүй харанхуй өдрүүдээр эхэлж байна.
Тус улсын Сангийн сайдын мэдэгдэж буйгаар төрийн албан хаагчдын цалинг тараасны дараа улсын санд нь ийнхүү 217 ам.доллар үлдсэн аж. Төрийн албан хаагчид, тус улсын зарим сайд нар дээрх мөнгөн дүнгээс хамаагүй их ашгийг өөрсдийн хувийн бизнесээс олдог гэдгийг Зимбабвегийн Шударга арилжаа, статистик зүйн газраас онцолжээ.
Ажиглагчид тус улсын эдийн засгийн доройтлыг янз бүрээр тайлбарлаж байна. Эдийн засгийн байдал ийм хэмжээнд хүрсэн нь Ерөнхийлөгч Роберт Мугабетэй шууд холбоотой. Одоогоос 10 гаруй жилийн өмнө тэрбээр нутгийн оршин суугчдад Европын фирм ажиллуулдаг иргэдийн газар нутгийг нь чөлөөлж, булаан авч өгсөн. Жилээс жилд газар тариалангийн ашиг орлого нь багасч, эдийн засгийн хүндрэлийг ар, араасаа бий болгосон.
Олон улсын хамтын нийгэмлэгээс тус улсын Ерөнхийлөгчийн үйлдэлийг шүүмжилж, эдийн засгийн хориг арга хэмжээг авсан юм. Гэхдээ иргэдэд ноогдох ДНБ-ий хэмжээ тухайн үед буурах төлөв ажиглагдаагүй гэдгийг эдийн засагчид тайлбарласан. Эдийн засгийн хориг арга хэмжээ авснаас хойш Сангийн яамны төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбар уналтад орсон. Гадаадаас жуулчид ч ирэхээ больсон хэрэг. Харин 2010 он гэхэд тус улсын мөнгөн тэмдэгтээ гүйлгээнээс хасч ам.долларт шилжсэн. Эрх баригчид нь хангалттай санхүүгийн эх үүсвэртэй ч, иргэдийн 90 гаруй хувь нь эдийн засгийн боогдмол байдалтайгаар барахгүй дээрх хувь нь ажилгүй байгаа аж. Үүнийг дагаад өнгөрсөн жилийн хоёрдугаар улиралд ажилгүйдлийн түвшин 1.6 хувиар нэмэгдсэн юм байна.
Энэ хэвээр эдийн засаг нь доройтсон, ямар ч сэхэл авахгүй болох аваас НҮБ, ОУВС-аас зээл тусламж хүсэх нь ойлгомжтой болж байгаа юм. Эхний ээлжинд эдийн засгийн эх үүсвэрээ сэргээх ямар боломж бололцоо байгааг харж, тухайн салбар руу нь хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаагаа Сангийн сайд болон Хөдөлмөрийн яамны төлөөлөгчид CNN агентлагаар уламжилсан.
Энэ мэт ядууралд орсон Африкт олон бий. Жишээ нь, Ангол улс. Газрын тос олборлолтоороо Африк тивдээ Нигерийн дараа буюу хоёрт ордог хэрнээ дэлхийн хамгийн ядуу орны нэгд тооцогддог хэвээр байна. Шалтгаан нь мөн л эрх баригчидтай нь холбоотой. Бүгд найрамдах Ангол ард улс 13.6 сая хүм амтай ч эдийн засгийн хувьд ядуу орны жагсаалтад багтсаар байгаа нь хачирхалтай. Португалийн эсрэг тэмцэл өрнүүлж 1975 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тусгаар тогтнолоо зарласан тэдний хувьд газрын тосоо Европын хоёр оронд нийлүүлж эхэлснээр эдийн засгийн тогтвортой байдалд шилжсэн. Хамгийн гол нь газрын тосноос олж буй гол ашиг орлого нь улсын хөгжилд төдийлөн нэмэр болдоггүй бололтой.
Дэлхийн хүн амын 40 орчим хувь нь ядуу амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Тэдний энэ байдлыг бууруулах арга одоохондоо олдохгүй байсаар байна. НҮБ-ын тооцоолсноор өдөр бүр 25 мянга гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж амиа алдсаар байгаа нь аймшигтай. Бүгд найрамдах ардчилсан Конго Улс нь өдгөө хамгийн ядуу орноор тодроод буй. Энэ орны ДНБ нь 25 тэрбум ам.доллар. Хүн ам нь 72 сая атлаа ийнхүү ядуурал хамгийн дээд цэгтээ тулсан нь эрх баригчидтай шууд холбоотой гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн байдаг.
Мөн Либери улс ядуурлын төвшингөөрөө эхний тавд багтдаг. Хүн ам цөөхөн. Тус улсын ДНБ нь 1.7 тэрбум ам.доллар. Либери нь НҮБ, Африкийн эв нэгдлийн байгууллагыг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын нэг. Хүн амын 85 орчим хувь нь олон улсын амьжиргааны доод төвшингөөс доогуур орлоготой амьдарсаар байна. Африкийн бусад орнуудын л адил эдийн засагтай Эритрей улсын ДНБ дөрвөн тэрбум ам.доллараар хэмжигддэг бөгөөд нэг хүнд 735 ам.долларын ДНБ оногддог. Бас л эдийн засгийн хүнд, нэн ядуу орон. Эдийн засгийн сэргэлт авах гол найдлага нь кобальт буюу зэс. Эритрей улсын хувьд 2000 оны тавдугаар сард болсон иргэний дайны улмаас 600 гаруй сая ам.долларын өмч устаж, 225 сая ам.долларын мал үгүй болж, 55 мянган орон сууц эвдэрч, ургацынхаа 62 хувийг алдаж байсан нь эдийн засгийн уналтад орох гол шалтгаан болсон.
Харин Төв Африкийн бүгд найрамдах улс Эритрей улстай харьцуулбал арай дээр. Нийт хүн ам нь 4.4 сая. Нэг хүнд ноогдох ДНБ нь 3.6 тэрбум ам.доллар. Тус улс уран, газрын тос, алт, очир алмаз, мод, усны эрчим хүчний нөөцтэй. Гэхдээ эдийн засгийн чадамжит байдал, баталгааг бий болгохын тулд дээрх баялгийг бүрэн төгс ашиглах боломжгүй байгаа. Техник, тоног төхөөрөмж, боловсон хүчин гээд шийдвэрлэх асуудал маш их. Тиймээс Африк болон дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэгд олон жил бичигдсээр байгаа бий.
Африк тивийн 10 гаруй орон дэлхийн ядуу орны жагсаалтыг дүүргэж байна гэхэд хилсдэхгүй. Энэ нь яах аргагүй эрх баригчид, улс төрийн хүчинтэй шууд холбоотой. Тонго улс нь 6.7 сая хүн амтай ч ДНБ 6.4 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Нэг хүнд оногдох ДНБ нь 898 ам.доллар. Мэргэжилтнүүд уг нь тус орныг “Цаг агаар сайн ургац авахад хангалттай” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ мэт Африк тивийн орнуудын ядуурал жилээс жилд нэг8 нэгээр нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Нөгөөтэйгүүр Африк тивийн ихэнхи орнууд эдийн засгийн хүнд байдалтай байгаа тул ядуурлаа зарлахад ойрхон байна.
Б.Баатар
URL: