“Мянгуужингийн үлгэр” мэт “Peace tower” хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна
Нийслэлийн гудамж талбай тэр дундаа хотын “А” зэрэглэлийн бүсэд аль нэг хөрөнгөтэй компанийн гоёмсог шилэн барилгууд сүндэрлэж байгаа. Энэ нь Улаанбаатар хотын өнгө үзэмж, хөгжил дэвшилд ахиц гарч байгаагийн нэг илрэл. Гэвч зарим нэг увайгүй компаниудаас болж хотын төвд оффистой болох гэсэн 100 гаруй захиалагч, түрээслэгч нэг жилийн хугацаанд маш их хохирч байна. Тодруулбал хуучнаар Энхтайван найрамдлын ордны өмнөх талбай, одоогийн Улаан-баатар их дэлгүүрийн чанх хойно “Сандэй” группын сүндэрлүүлсэн гоёмсог шилэн барилга болох “Peace tower” нь өнгөрсөн 2009 оноос баригдаж эхэлсэн. Улмаар өнгөрсөн оны гуравдугаар сард ашиглалтад орно хэмээн 100 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагад түрээслэхийг нь түрээслэж, зарахыг нь зарсан байгаа юм.
Мэдээж хотын төвд үйл ажиллагаагаа явуулах оффис түрээслэх төдийгүй худалдаж авахад багагүй мөнгө шаардлагатай. Иймээс тус барилгад ажлын байртай болох гэсэн бизнес эрхлэгчдийн дийлэнх нь банкнаас зээл авч, урьдчилгаа мөнгөө төлсөн байгаа юм. Тэд “Ямар ч байсан хотын төвд ажлын байртай болчихлоо. 2012 оны гуравдугаар сарын 1 юу байх вэ. Хэдхэн сарын дараа юм чинь хоёр гурван сарын банкны хүүг төлчихөөд, шинэ байрандаа орж, банкны зээлээ гялс төлөөд дуусчихна” гэсэн бодолтой байснаа ярьдаг. Гэтэл энэ бодлыг нь “Сандэй” группынхэн орвонгоор нь эргүүлж, 2012 оны гуравдугаар сард ашиглалтад оруулах ёстой байсан барилгаа одоо ч ашиглалтад оруулаагүй байгаа юм. Үүнээс болж “Peace tower”-ийн түрээслэгч, захиалагчид бүхэл бүтэн жилийн хугацаанд банкнаас авсан зээлийн хүүгээ төлөх гэж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явна. Ашиг олох гэж ажлын байраа шинэчлэх гэсэн биш эсрэгээр нь хохироод байгаа захиалагчид хаана хандахаа мэдэхгүй явна. Гэхдээ яг мэдэхгүйдээ биш. Энэхүү асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин манай улсад байдаггүй юм билээ.
Уг нь “Peace tower”-ийн захиалагчид аргаа бараад хэзээ ашиглалтад орохыг нь “Сандэй” группын удирдлагуудаас асуухад өнгөрсөн “Нэгдүгээр сарын 15 ашиглалтад орно” гэж хэлээд амыг тагласан байгаа юм. Гэвч хоёрдугаар сар гарчихаад байхад мөн адил ашиглалтад ороогүй байна гэсэн захиалагчдын гомдол тасрахгүй байна. Ямартай ч “Сандэй” группын барьсан “Peace tower”-ийг хэзээ ашиглалтад орохыг мэдэхээр тус барилга дээр очиж холбогдох хүмүүстэй уулсан юм. Тэд “Цагаан сарын дараа ашиглалтад бүрэн орчих байх. Ерөнхийдөө оффисын зориулалттай дээд давхрууд ашиглалтад орсон. Захиалагчид ч орж байгаа. Одоогоор худалдаа үйлчилгээний зориулалттай нэгдүгээр давхарт зарим дутуу ажлаа гүйцээхээр ажиллаж байна” гэв. Тэднээс “Улсын комисс хүлээж авсан юм уу” гэж асуухад “Улсын комисс ажилласан. Гэхдээ акт, дүгнэлт нь хараахан ирээгүй байна” гэв. Түрээслэгч, захиалагчдаа бүхэл бүтэн нэг жил хулхидаж, өчнөөн мөнгө төгрөгөөр нь хохироосон тус компанийнхан үнэхээр худалч. Худалч гэсэн нь ч учиртай. Учир нь тэд өнгөрсөн оны гуравдугаар сараас энэ оны нэгдүгээр сарын 15 гээд бодоод үзээрэй. Үүнээс өдийг хүртэл худлаа хэлж ирсэн. Тэдний хэлсэгчлэн “Улсын комисс хүлээж авсан” гэсэн нь үнэхээр эргэлзээтэй. Иймээс Улсын комисс хүлээж авсан эсэхийг тодруулахад оны өмнөхөн улсын комисс тус барилга дээр ажилласан байна. Гэвч хараахан акт, дүгнэлт нь гараагүй байгаа гэнэ. Учир нь улсын комисс ажиллаж байхад тодорхой хэмжээний алдаа дутагдал илэрсэн аж. Үүнийгээ засаж, өөрчлөх чиглэл үүрэг даалгавар өгчихөөд явсан бололтой юм. Тэгэхээр “Сандэй” групп нь барилга дээрээ гарсан зөрчил дутагдлыг засчихаад “Одоо болсон” гэсэн үедээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан “Хүлээж аваач ээ” гэсэн хүсэлт гаргах үүрэг хүлээсэн бололтой юм. Тэр үед нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тэдэнд “Дахин шалгана” хэмээн цаг өдөр зааж өгөх ёстой. Гэвч тэр цаг өдөр нь одоогоор тодорхойгүй байгаа учраас “Сандэй” группын “Peace tower” нь “Мянгуужингийн үлгэр” мэт хэвээр үлдэж, хэзээ ашиглалтад орж захилагчдынхаа магнайг тэнийлгэх нь тодорхойгүй хэвээр байгаа гэж болох ажээ.
Ж.Баттуул
URL: