Намрын чуулган ирэх баасан гаригт завсарлана

UIH12УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх баасан гаригт завсарлах тул энэ долоо хоногт гишүүд ихээхэн ачаалалтай ажиллах аж.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр хуралдаж Автотээврийн хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийг багасгах талаар Зам, тээврийн сайд болон нийслэлийн экологи, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн албаны хүмүүс мэдээлэл хийх аж.

Үүнээс гадна нийслэлд нийлүүлж буй утаагүй түлшний хангалт, стандарт болон түлшний үйлдвэрийн ажлын явц, шинээр баригдах түлшний үйлдвэрийн төсөл, технологийн туршилтын талаар Уул уурхайн сайд мэдээлэл хийнэ.

Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо маргааш “Аюулгүй байдлын салбарын шинэчлэл, олон улсын туршлага ба Монгол Улс дахь нөхцөл байдал” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулах юм.

Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар Хаягжуулалтын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудын төсөл, Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэж батлах юм байна.

УИХ энэ долоо хоногт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилж, ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоол баталснаар УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулган завсарлах аж.

М.Цэцэг


URL:

Сэтгэгдэл бичих