Өнөөдрөөс алдарт эхийн одонгийн мөнгийг өгнө
Алдарт эхийн одонгийн мөнгө болон хүүхдийн мөнгийг сар шинийн баяраас өмнө өгнө гэсэн мэдээлэл цацагдах болсон. Тиймээс энэ талаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга Ч.Эрдэнэбулганаас тодрууллаа.
-Алдарт эхийн одонгийн мөнгийг хэзээнээс олгож эхлэх вэ?
-Алдарт эхийн одонтой эхчүүдэд Засгийн газраас жил бүр мөнгө олгодог. Өмнө нь долоон хүүхэд төрүүлсэн бол нэг, таван хүүхэд төрүүлсэн бол хоёрдугаар зэргийн одонг олгодог байсан. Харин энэ жил зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийг жилдээ нэг удаа тэтгэмж болгон олгохоор болсон. Уг мөнгийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу мартын 8-ны өмнө олгодог байсан. Энэ жилийн хувьд Засгийн газар болон Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын зүгээс цагаан сарын өмнө олгох нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн байгаа.
-Санхүүжилт нь яг хэзээ орох юм бэ?
-Бид өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээр ажиллаж байна. Сангийн яаманд одонгийн мөнгөний санхүүжилтийн хуваарийг аймаг, дүүргээр нь гаргаад хүргүүлсэн байгаа. Харин Сангийн яам энэ сарын 5-6 хооронд санхүүжилтийг чинь өгнө гэсэн.
-Санхүүжилт нь өнөөдөр орчихвол сар шинийн өмнө тараагдаж амжих юм байна тийм үү?
-Тийм ээ. Энэ долоо хоногт буюу цагаан сарын өмнө одонтой эхчүүдийн мөнгийг өгнө гэж ойлгож болно. Тиймээс ХААН, “Хадгаламж”, “Капитал” зэрэг банкаар дамжуулан эхчүүд мөнгө авна. Ер нь одонгийн мөнгө тухайн хүний дансанд орсон тохиолдолд хэзээ ч хамаагүй авч болно.
-Шинээр одон авах эхчүүд хаана хандах ёстой вэ. Үрчилж авсан хүүхэдтэй бол одон авах боломжтой юу?
-Оршин суугаа хорооны нийгмийн ажилтандаа хандаж бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичиг баримтыг бүрдүүлээд одонгоо авна. Харин үрчилж авсан хүүхдийн хувьд 0-3 насанд нь тухайн хүүхдээ үрчилж авсан бол одон авч болно. Дашрамд дурьдахад, манай улсад нэг болон хоёрдугаар зэргийн одонтой 180 орчим мянган хүн байгаа.
-Сар бүр олгодог хүүхдийн мөнгийг сар шинийн баяраас өмнө өгнө гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар тодруулаач?
-Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх үүднээс 0-18 насны хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөг олгохоор шинэчлэлийн Засгийн газрын долдугаар тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу хүүхдийн мөнгийг манай улсын 968 мянган хүүхэд авч байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сараас олгож эхэлсэн уг мөнгийг сар бүрийн 20-ны дотор багтаан тухайн хүний дансанд хийсэн байхаар тогтоол батлагдсан. Тиймээс тогтоолын дагуу өгдөг хугацаандаа буюу энэ сарын 20-ндоо өгнө. Цагаан сараас өмнө өгөхгүй гэж ойлгож болно.
Ж.Отгонмягмар
URL: