Оюутолгой хүний эрхийг уландаа гишгэж байна
Монголын “саалийн үнээ” гэгдэх Оюутолгой ордын эргэн тойронд ахуй байдал ямар байгааг эл нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй холбогдлоо. Хамгийн баян нутгийн ард түмэн гээд Өмнөговь аймгийнхныг илүүд үздэг. Оюу толгойн уурхай нутагт нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш л энэ яриа гарсан. Гэтэл бодит амьдрал дээр иргэдийнх нь амьдрал тийм ч сайнгүй байна.
Оюутолгой, Тавантолгойн ордыг дагаад тус суманд хүн ам ихээр суурьших болжээ. Өмнө нь 4000 хүрэхгүй шахам хүн амтай байсан Ханбогд сум эдүгээ 14 мянган иргэнтэй болжээ. Үүнийгээ дагаад сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд иргэд рүү чиглэсэн үйлчилгээг өргөтгөх шаардлага гарч байгаа юм. Хэдийгээр боловсон хүчний тоог нэмж байгаа ч эмнэлгийн барилга баригдаагүй, хөрөнгө мөнгө нь ч тавигдаагүй байгаа аж.
Мөн Оюутолгойн уурхай Ханбогд сумын нутаг дэвсгэрт оршдог ч Цогтцэций сумтай ойрхон оршдог. Монгол орныхоо хамгийн том орд газартай зэрэгцээ оршиж байгаа нь сайхан ч гэсэн сумын иргэдэд тун хүндрэлтэй байдаг байна. Уурхайн тоосжилт Ханбогд, Цогтцэций сумынхны амар заяаг үзүүлдэггүй гэнэ. Уурхайн үйл ажиллагаа явагдсанаас хойш ойролцоох сумын иргэд уушгины өвчнөөр өвдөх, астамтай болох явдал ихэссэн гэв.
Хамгийн эмгэнэлтэй нь Оюутолгойн уурхай үйл ажиллагаагаа явуулж буй Ханбогд сум л гэхэд тоосжилтын хэмжээ зөвшөөрөгдөх хэвийн хэмжээнээс 45 дахин их байдаг гэнэ. Ганцхан тоосжилт гэлтгүй уурхайн дуу чимээ, доргио ч тухайн сумдад мэдрэгддэг байна. Энэ нь мэдээж ойр хавийн малчин өрхүүд сөргөөр нөлөөлж, өмнө нь малаа бэлчээх бэлчээртэй байсан бол одоо бэлчээрийн талбайгүй, ундны ус муу байна гэх зовлон л тоочно.
Энэ нутагт өдрөөс өдөрт бэлчээрийн мал аж ахуй оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болж эхэлжээЭ. Ёстой л алтан дээр суусан гуйлгачин нэрийг Оюутолгойн ойролцоох Ханбогд, Цогтцэций сумынхан мэдэрч байна. Ханбогд, Цогтцэций сумынхан гэрэл цахилгаантай байгаа ч байнгын тасарч, цахилгааны хязгаарлалтаар амь амьдрал, ажил төрлөө шийдүүлж байна.
Уул уурхай хөгжиж байгаа бол Ханбогд сум, Өмнөговь аймаг дагаад л хөгжих ёстой атал харин ч эсрэгээрээ байгааг юу гэж ойлгох вэ? Түүнчлэн энэ бүс нутагт хэдэн зуугаараа сүрэглэн амьдарч байсан хулан, зээрийн сүрэг хаашаа дайжсан нь мэдэгдэхгүй алга болсон гэж нутгийн иргэд хэлж байгаа юм Монгол орныг хөгжүүлэх гэж байгаа уул уурхайгаас болоод ан амьтан ч зэрлэг байгальдаа амьдарч чадахгүйд хүрчээ. Уул уурхайн компаниуд өөрсдийн ашгийн төлөө хүний эрхэнд, тэр дундаа амьд явах эрхэнд аажмаар халдаж байгаа байдлыг цаашид хэрхэх вэ?
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: