Хятадын кибер дайралт
New York Times сонин Хятадын зүгээс явуулсан кибер тагнуулын дайралтад өртсөн гэх мэдээлэл энэ улсын засгийн эрхийг барьж буй элитүүдэд хаягласан аливаа шүүмжлэлийг дарах гэсэн Бээжингийн үйл ажиллагааг ил болгох ховор боломжийг олгож байна. Times-ийн компьютерийн мэргэжилтнүүд хакеруудын энэхүү үйлдэл өнгөрсөн оны аравдугаар сард Хятадын эрх баригчдын хувьд эмзэг сэдэв болох коммунист намын удирдагчдын нэг, удахгүй ерөнхий сайдын албаа өгөх гэж байгаа Вэнь Зябаогийн гэр бүлийн өмч хөрөнгө, эд баялгийн тухай нийтлэл гарсантай холбоотой гэж үзжээ. Бээжингийн эрх баригчид үүнийг эрс үгүйсгэж байгаа ч хэдэн долоо хоногийн турш энэхүү дайралтыг мөрдөн шалгасан New York Times-ын ажилтнууд үүнд итгэхгүй байна. “Хятадын засгийн газрын арга барилыг бид мэддэг болохоор иймэрхүү хариу өгөх нь ойлгомжтой” гэж тус сонины компьютерийн албаны дарга Марк Фронс өгүүлжээ. Фронс хойшид ч тус сонины компьютеруудад нэвтрэх гэсэн оролдлого хийгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Guardian сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. “Энэ бол жинхэнэ тагнуулын дайн. Бид огтхон ч тайвширч болохгүй, тэд заавал эргэж ирнэ” гэжээ. Хятадын хакерууд сонины компьютерийн системд халдаж Вэнийн гэр бүлийн талаарх нийтлэл бичсэн Шанхай дахь салбарын тэргүүн Дэвид Барбоза болон Бээжингийн салбарын дарга байсан Жим Ярдли зэрэг 53 ажилтны компьютерт нэвтрэх нууц үгийг олж авчээ.
New York Times сонины хөлслөн авсан кибер аюулгүй байдлаар мэргэшсэн Mandiant фирмийн явуулсан мөрдлөг Хятадын хакеруудын энэ үйлдэл өргөн хүрээг хамарсан тагнуулын ажиллагааны нэг хэсэг болохыг харуулжээ. Энэ ажиллагааг зохион байгуулагчид нь Хятадын цэргийнхэнтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Дайралтын эх үүсвэр их сургуулийн компьютерууд болохыг олж тогтоосон бөгөөд тэдгээрийг өмнө нь Хятадын цэргийнхэн Америкийн армийн гэрээлэгчдийн эсрэг үйл ажиллагаанд ашиглаж байжээ. Хакерууд хэдийгээр бүх ажилтнуудын нууц үгийг олж авсан ч зөвхөн Вэнийн тухай нийтлэлтэй холбоотой мэдээллийг хайж байсныг Mandiant тогтоосон юм. “Тэдэнд Дэвид Барбозагийн мэдээллийн эх сурвалж, нэр, тоо баримт, хэнтэй харилцаж байсан тухай мэдээлэл хэрэгтэй байсан” гэдгийг Фронс онцолж байна.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 25 буюу шуугиант нийтлэл гарсны маргааш харилцаа холбооны AT&T компани тус сонины компьютерийн системд сэжигтэй идэвхжлийг анзаарснаар AT&T, Холбооны мөрдөх товчоо болон Times сонин хамтран хакеруудыг мөрдөж эхэлсэн аж. Мөрдлөгийн явцад хакерууд Вэнь Зябаогийн тухай мэдээллийг боловсруулж дууссан есдүгээр сарын 13-ны өдөр анхны дайралтаа хийснийг тогтоосон байна. Үүнийг шууд зарлахын оронд тэдэнд чухам юу хэрэгтэй байгааг мэдэхийн тулд мөрдлөгөө үргэлжлүүлэхээр шийджээ. Гэхдээ уншигчдынхаа электрон хаяг, захиалагчдын тухай мэдээлэл зэрэг чухал мэдээллүүдийг хамгаалах арга хэмжээг давхар авчээ. “Бид тэднийг чухам ямар хэрэгсэл ашиглаж, юу хүсч байгааг тогтоохын тулд тэдэнд тоглох боломж олгосон” хэмээн Фронс өгүүлж байна.
Өнгөрсөн пүрэв гаригт Хятадтай холбоотой сэдвийг хөндсөн Wall Street Journal сонины компьютерүүд ч хакеруудын дайралтад өртсөн тухай мэдэгдсэн.
Бээжин хэдийгээр энэ бүгдийг эрс үгүйсгэж байгаа ч дээрх үйлдлүүд Хятадын нэр хүндэд томоохон цохилт болох магадлалтай. Хятадын явуулж буй кибер дайралт аль хэдийнэ бүгдэд танил болсон гэж шинжээчид үзэж байна. Дайралт ерөнхийдөө армийн гэрээлэгчдийн төв штаб, Засгийн газрын байгууллагууд, улс дамнасан интернэт компанийн компьютерийн сүлжээнд бага зэргийн гэмтэл гарснаар эхэлдэг. Дараа нь чухал хэрэгтэй файлууд алга болж, сүлжээ гэмтэнэ. Хятадын засгийн газарт хор учруулах боломжтой гэж үздэг Америкийн армийн гэрээлэгчид, Түвд болон Уйгарын тусгаар тогтнолын тэмцэгч байгууллага, тэдгээрийн идэвхтнүүдийн сүлжээ, мөн сүүлийн үед барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын кибер дайралтад өртөх болжээ. Өнгөрсөн зун Bloomberg дээрх “хаалттай” сэдвийг хөндсөнөөр хакеруудын бай болсон.
Барууны шинжээчид Хятадын хакеруудын арга барил, техник хэрэгсэл, дүрэм журмын талаар сайн мэддэг болсныг Британийн кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Грег Уолтон ярьж байна. Тэрбээр “Гэхдээ бид компьютерийн ард сууж байгаа хүмүүсийн талаар маш бага мэднэ. Хэрвээ бид энэ асуудлыг шийдвэрлэхийг хүсч байвал эдгээр программын ард зогсч байгаа хүмүүсийн талаар их зүйлийг мэдэх хэрэгтэй” болохыг онцоллоо. Хятадын засгийн газар болон цэргийнхэн өөрсдийнх нь ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж үзсэн бүхий л байгууллагын эсрэг тагнуулын нууц кампани өрнүүлж байгааг барууны кибер аюулгүй байдлын компаниуд анхааруулж байна. Тэдний мэдэлд Шанхай хот болон эрэг хавийн Шаньдун мужид байрладаг хакеруудын бүхэл бүтэн арми үйлчилдэг. Илчлэгдэхээс болгоомжилж ихэвчлэн сул хамгаалалттай сүлжээ, АНУ-ын их сургуулиудын компьютерүүдийг ашигладаг аж. Тэд өглөө 08.00 цагт ажлаа эхэлж, жирийн оффиссын ажлын графикаар ажилладаг болохыг The New York Times-ийн явуулсан мөрдлөг тогтоожээ. Тэдний зохион байгуулалтын бүтэц нь тодорхойгүй, Хятадын ардын чөлөөлөх арми, эсвэл засгийн газрын нууц дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг ямар нэг байгууллага санхүүжүүлдэг байж болох юм.
Хятадын хакерууд ихэвчлэн ээлжит хохирогч руугаа цахим шуудангаар хөнөөлт программаа илгээдэг. Азгүй хэрэглэгч ямар ч хор хөнөөлгүй мэт харагдах аюултай файлыг нээснээр хохирогч болно. Хятадууд энэ аргыг Өмнөд Солонгосын өндөр албаныхан болон Австралийн засгийн газрын түшмэдүүдийн Gmail-ийн эсрэг хэрэглэж байсан. Мөн АНУ-ын цөмийн пуужин харвах код хадгалагдаж байдаг Цагаан ордны Цэргийн зөвлөлийн компьютерт дээрх аргын тусламжтай нэвтрэх оролдлого хийж байжээ.
Бэлтгэсэн Б.МИШЭЭЛ
URL: