ТӨРИЙН ЖИНХЭНЭ ЧЕНЖ БУЮУ ТЭРБИШДАГВЫН АНДУУД
Шинэ цагийн түшмэдүүдээс энэ төрийн үед нүүртэй үлдсэн цөөхөн хүний нэг бол өдгөөгийн Шадар сайд билээ. Эрийн сайндаа биш, Энхбаярын сайнд энэ зэрэгтэй яваа гэж егөөддөг нь эрхбиш голыг нь олоод, гогцоог нь гаргаад хэлчихсэн үг л дээ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг мандаж явахад очиж нөхөрлөөд, бууран доройтоход нь зангараг зааж дэргэд нь үлдсэн хэдэн “хуйхтай эр”-ийн нэг гэдгээрээ ихэд бахархаж, өөрийгөө өнгө ортол нь магтаж явдаг. Ёстой л хатавчинд нь хуцсаар хойморт нь гараад суучихсан үнэнч нохойтой өөрийгөө адилтгах нь холгүй юм болдог гэх нь бий.
Тэгвэл жинхэнэ үнэн түүх бол нөхөрлөлдөө тууштай Тэрбишдагвын тухай бус, төрийн луйврыг хамтран хутгалцсан хамсаатандаа хүссэн ч, эс хүссэн ч үнэнчийн дүртэй үлдэх хатуу шаардлагын тухай түүх байж. Өөрөөр хэлбэл, “ТБД андууд”-ын замнал бол төрийг луйвар болгон ашиглахын төлөөх эрх ашгийнхаа төлөө нэгдсэн, хэлхэлдсэн, сүлжилдсэн анд нөхдүүдийн зам мөр ажээ.
Д.Тэрбишдагва улс төрд орсон цагаасаа л эхлэн Н.Энхбаярын хөлд сууж, хормойд нь зүүгдсэн нь чухамдаа үнэнч, тууштай, чин шударгуудаа биш юм. Тэрбээр өөрийн бизнес, эрх ашгийн төлөө тийнхүү хэрэгтэй хүнээ түшжээ. Энэ бол ашиг хонжоо харж нүүдэл хийдэг Д.Тэрбишдагвын төрөлх авъяас, германы олдмол чадварын нийлбэр байлаа.
Тэрбээр хэдий гадаадад боловсрол эзэмшсэн хэдий ч ойж цойлохуйц өндөр мэдлэг чадвартай нэгэн биш. Мах консервийн комбинатад технологич хийж ажлын гараагаа эхэлсэн түүнд бизнесийн сүйхээ, ашиг хонжоо олох овсгоо харин үлэмж их байсан. Тиймдээ ч тэрбээр төрд шургалж, албан тушаал хүртэх нь асар хожоотой бизнес юм байна гэдгийг олж харсан хэрэг. Үнэхээр ч төрд зусарчийн дүрийг чадамгай бүтээхийн хэрээр бизнесийнх нь цар хүрээ, ашиг орлого хурдтайгаар өсөн нэмэгдэж эхэлжээ.
Төр, эрх мэдлээр дамжуулан албан ёсны луйвар гэгчийг хийж болохыг тэрбээр бараг л нээсэн гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн хугацаанд түүнд олон л нэр хоч хүртээсний дотор “Тендерийн хулгайч”, “Их гарын ченж”, “Төрийн жинхэнэ ченж” гэх мэт нэршлүүд байдаг нь чухамдаа байгаа яг оносон зүйрлэлүүд юм. Харин энэ бүхнийг тэрбээр хэнд ч анзаарагдалгүй, хэний ч анхаарлыг таталгүй нам гүмхэн гүйцэлдүүлж дөнгөдөг нь өнөөгийн төрд энэ чиглэлээрээ мэргэжсэн нэгэн гэдгийг илтгэнэ.
Тэрбээр анх нөөцийн мах гэгчийг санаачилсан. Хэн ч хардаагүй, сэрдээгүй. Чухамдаа зөв л шийдвэрийг тэр санал болгож байв. Гэвч үүний цаана өөрийн ашиг олох найдвартай нуувчаа тэр босгохоо мартаагүй юм. Улаанбаатар махны хомсдолд орсон үед тэрбээр мөнөөх Н.Энхбаяртаа нөөцийн мах нийлүүлэх тухай дуулгаж, ая тал зассаар шийдвэрээ баталгаажуулж дөнгөжээ. Д.Тэрбишдагвын энэ санаачилга тухайн үед нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан ч нөөцийн мах бэлтгэх асуудлыг Засгийн газар, УИХ-аар хүч түрэн шийдүүлснээр тэр жинхэнэ төрөөс батламжилсан жинхэнэ ченж болж хувирсан. Иргэдийг жилийн дөрвөн улиралд махаар хангах нэрийдлээр нөөцийн махны бизнесийг амжилттай эхлүүлж, 40 сая малтай Монгол оронд махны хомсдол үүсгэх замаар энгийн ард олныг төрийн нэрийн өмнөөс тэрбээр шулж байв аа.
Энэ мэт төрийн олон хууль ёсны боловч “луйврын” шинжтэй олон үйл хэрэгт мань хүн өөрийн андын холбоо хийгээд улс төрийн нэр нүүрээ зориулсан байдаг. Тэр албан тушаал руу зүтгэх мөнгөтэй, зүтгүүлэх ар талтай болж авснаар төрийн түшмэлийн суудлыг мөнгөөр худалдаж авдаг жишгийг тогтооход анхны шанг татсан эрхмүүдийн нэг хэмээгддэг. Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдын суудлыг тэрбээр 500 сая төгрөг хандивлах нэрийдлээр өөрийн болгож байсан гэх жиг жуг яриа тухайн үедээ л шуугиан тарьж байв. Албан тушаалынхаа хэргийг мэдээж хэрхэн гаргахаа тэрбээр мэднэ. Чухам тэр л үедээ Эрдэнэтэд махны хувийн үйлдвэртэй болсон гэдэг.
Тийнхүү төрд шургалсны хэргээ бүтээж, өөрийн компани руу татвар төлөгчдийн мөнгийг цутгаж эхэлсэн түүхтэй. Улмаар ичиж нэрэлхэх гэдгийг ч умартаж, төрийн мөнгийг хувийн халаас руу ил цагаан зувчуулдаг болжээ. Үүний наад захын жишээ нь 2005 онд “Эрдэнэт прогресс” компанитай тухайн үеийн Сангийн сайд Н.Алтанхуяг, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва нар гэрээ байгуулжээ. “Мах импекс” 90 сая, “Мах маркет” 30 сая, “Жаст” 50 сая, “Монгол мах експо” 34 сая, “ВС мөнгөн” 40 сая төгрөгийн хишиг хүртэж байхад мөнөөх “Эрдэнэт прогресс” 100 саяыг төрөөс авчээ. Яагаад гэж үү. Яагаад гэвэл тэрхүү “Эрдэнэт прогресс” бол Д.Тэрбишдагвын байгуулсан хувийн компани учраас тэр шүү дээ. Энэ мэт замаар тэрбээр бишгүйдээ нэг жороолсон доо. Нэг ёсондоо гороолсон ч гэж хэлж болно. Өдгөө ч тэрбээр төрийн нэртэй тендерийг хувийн компани руугаа цутгаж суудаг. “Дугуй дугуйгаа олж нөхөрлөдөг” гэдгийн үлгэрээр өдгөө тендер цохигч мөнөөх Н.Алтанхуягтайгаа эрх мэдлийн дунгуй өнхрүүлж суугаа нь нэгийг хэлэх биз ээ.
“ТБД андууд” хэмээх даруухан орлоготой дэлгүүрийн эзнээс өнөөгийн есөн томоохон компанид 100 хүртэл хувь эзэмшдэг бизнесийн акул болж томорсон нь ерөөсөө л төрийн буяныг нэрэлхэлгүй туусных.
Бас нэгэн жишээ. “Жеральд металл”-ыг “Эрдэнэт”-ийн зэс, алтыг дэлхийн зах зээлд хүргэх зуучлалд онцгой давуу эрх эдлүүлсний урьдчилгаа болгож 10 сая ам.доллар Монголд зээлсэн байдаг. Тэр мөнгөнөөс нэг сая ам.долларыг нь Д.Тэрбишдагвын “ТБД андууд” компани авчээ. Энэ бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын бизнесийг дэмжсэн Н.Энхбаярын хайр ивээлийн нэгээхэн төдий баримт. Н.Энхбаярын тусламжтайгаар Засгийн газраас хүртэл зээл гулсуулж чаддаг байлаа, мань хүн. Тухайн үед Засгийн газраас Хөдөө аж ахуйн банкинд байршуулж байсан гурван тэрбум төгрөгийг татан авч, өөрсдийн талынхныг санхүүжүүлсэн төдийгүй эргэн төлөлтийг улсын нөөцөөс аргалсан тун ч овжин нөхөр. Махны чиглэлийн бизнес эрхлэгчдэд ч тэр ийм л аргаар зээл өгч, төлбөрийг нь улсын нөөцөөс барагдуулсан түүхтэй.
Ингэж л тэрбээр зогсолтгүй, цуцалтгүй баяжин хөрөнгөжиж байлаа. Төрийн нэртэй тендер бүхэнд Д.Тэрбишдагва шуналаа дүрдэг гэх. Ямар сайндаа л нийтийн бие засах газар байгуулах ажлыг хүртэл шүүрч авахав дээ. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт явж буй бүх тендертэй Тэрбишдагва гэдэг нэр хоршиж сонсогдсоор нэлээд уджээ. “Тендерийг яамнаас зарлалаа, Тэрбишдагва гишүүний компани яллаа” гэдэг хоршил ХХААХҮЯ-нд афоризм болох шахуу хэвшжээ. УИХ-аар төсөв хэлэлцэх үед хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх саналыг мань хүн гаргаж, санал гаргасныхаа төлөөсөнд зарлагдсан тендер бүрийг өөрөө авдаг аж. Төрөөс тэрбумтанууд төрсөөр байгаа нь нууц биш. Гэхдээ Д.Тэрбишдагва шиг өөрөө төсөв батлалцаад, баталсан төсөвт нь өөрөө (сайд байхдаа яаманд шургуулсан хүмүүс нь) тендер зарлаад, зарлагдсан тендерийг өөрийнхөө хүмүүсээр дүгнүүлээд, өөрийнхөө компанид авдаг хүн хэр олон байдаг бол. Хэдийгээр Д.Тэрбишдагвын гэх албан ёсны тодотголтой “ТБД андууд” компани нь тендерт оролцдоггүй ч түүний “халаас”-ны “Online daten system” ХХК бүх тендерт ялдаг аж. Саяхан зарласан Мал ээмэгжүүлэлтийн тендерийг ялагч нь нөгөө л “Online daten system” компани. Үүнийг л төрийн албан ёсны луйвар буюу тендерийн хулгай хэмээмүй.
Д.Тэрбишдагвын Н.Энхбаяртай холбогдсон түүх нь мөн л ашиг сонирхлын нэгдэл байсан гэж олон хүн хэлдэг. Н.Энхбаяр өөрийнх нь эрх мэдэлд байнга үйлчилж байх дуулгавартай нөхдийг сонгохдоо эд мөнгө, эрх мэдлийн шуналаар нь дамжуулж тэдний хүзүүнд зүүх гинжээ цутгадаг байж. О.Чулуунбат, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар бол Н.Энхбаярын өгөөшөөр гинжлэгдсэн хүмүүс. Тэд төрийн мөнгийг зувчуулсан адилхан сувагтай. Санхүүгийн мөн ч олон луйврын зохиол тэдний нөөцийн санд хадгалагдаж буй нь лавтай. Тиймээс л тэд Н.Энхбаярын өмнө үүрэг хүлээдэг.
Нэгэнтээ “Элсний 13” гэгч эрх мэдлээс гадуурхагдан гомдогсдын бүлгэм байгуулагдахад мань ТБД дунд нь оройлон давхиж явсан нь ч ийм учиртай. Тухайн үед Д.Одбаяр, Л.Одончимэд, Д.Тэрбишдагва нар сайдын албан тушаалаасаа жийгдэж, Засгийн газартаа ид гомдчихоод байсан үе. Энэ гомдлыг хонзогнол болгон ашиглаж чадсан Н.Энхбаяр тэднийг “Элсний 13”-т нэгтгэж, М.Энхболдын Засгийн газрыг унагах тодорхой зорилго, чиглэлтэй болгож өгсөн. Тэд ч санасандаа хүрч, Засгийн газраа шүүмжлэн захидал бичсээр, МАХН-ын XXV Их хурлаар М.Энхболдыг намын даргын суудлаас авч хаяв. Ингэж л МАХН дотор нэгэн фракц мэндэлж, эзнийхээ бохир улстөрд үйлчилж эхэлсэн билээ.
Ерөнхийлөгчөөс буусан даруйдаа улстөрийн карьер нь төгссөн Н.Энхбаяр дахин эрх мэдлийг гартаа авахын тулд хамсаатнуудаа “фронт”-од дуудсаны дотор мэдээж Д.Тэрбишдагва тэргүүнд нэр цохогдож, албан хүчээр шахуу МАХН-д ачигдан ирсэн түүхтэй. Гэвч “сохорсон биш завшив” гэгчийн үлгэрээр МАХН сонгуульд чамлахааргүй амжилттай оролцож, мань Д.Тэрбишдагва төрийн албыг наймаалцах эрх мэдлийн үзүүрээс ашиг сонирхлоо эрт танилцсан Н.Алтанхуягийнхаа хамт атгав. Энэ үед Д.Тэрбишдагвын тэг дундуур нь татсан голчтой үгийг Ц.Нямдорж хэлсэн байдаг. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж АН-ынханд хандаж “Наадуул чинь хэзээ ч хамаагүй, нэг л өдөр Н.Алтанхуягийнхаа ар нуруунд хутга шаачихаад яваад өгч чадах хүмүүс шүү. Ардчилсан нам ийм байдалд хүрсэнд эмгэнэл илэрхийлье. Намаасаа урваж байсан Д.Тэрбишдагва мэтэд бол энэ засаг юу ч биш. Бөөрнөөс чинь хутгалах биз” гэсэн нь чухамдаа хүнээ мэдэх хүний үг билээ.
Шинэ Засгийн газар яамдын тоог нэмж, агентлагуудыг цөөлөх зэрэг багагүй өөрчлөлт хийхээр зэхэж байна. Хамтарсан Засгийн газар тул эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр “бялуу” хуваах гэж үнэндээ л тарчилж байгаагаас гадна Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва хоёр бялууныхаа хоёр талаас хэн хэн нь ахиухан хазчих гээд ач тач үзэлцэж буй. Тэднийг үүнээс болж маргалдсан, ам зөрсөн, тэр байтугай гар зөрүүлсэн ч гэх яриа дуулдах болсон. Үнэхээр ч үнэнээс зөрөөгүй үг болов уу. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын суудал одоо хүртэл шийдэгдээгүй нь тохиролцож чадахгүй толхилцож суугаагийн нэгээхэн илэрхийлэл юм. Д.Тэрбишдагва өөрийн хүнийг тавих гэж улайрч, нөгөө талд АН-аас хүнээ тавих гэсэн шахалт Н.Алтанхуягт тулгарч ёстой л нэхий дээлээ уралцаж байх жишээтэй. Ж.Батзандан энэ томилгооны зөрчлөөс л үүдэж, Д.Тэрбишдагвыг огцруулах санал гаргаж, “цагаан хоолой” оргиж явсан нь хэлбэрэлтгүй үнэн. Үүний цаана мэдээж төрийн хөрөнгийг олзлох эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцэл явагдаж байгаа хойно аргагүй биз ээ. Мөн Худалдан авах ажиллагааны газрыг шинээр нэмж байгуулахаар ярилцсан нь бас нэгэн хэмлэлдээний эх үүсвэр болж байна. Идшээ булаацалдах ноход шиг л хэрэлдэн хэмлэлдэх нь холгүй юм болж буй сурагтай. Энэ нь өнөөх тендер гэгч хүний нүд ороод салдаггүй асуудлыг дангаараа хариуцах газар учраас арга байж уу дээ. Д.Тэрбишдагвын шуналын нүд үүн дээр л унахгүйсэн бол байхын хэрэг бийсэн бил үү. Урьд яам нь өөрөө тендерээ мэддэг байсан бол одоо Худалдан авах газар нь төсвийн мөнгөөр явагдах бүх тендерийг гартаа атгах юм. Сангийн яамнаас ч илүү мөнгөний эрх мэдэлтэй байх тул АН, “Шударга ёс” эвсэл аль аль нь энэ агентлагт өөрийн хүнээ томилох хүсэлтэй байгаа. Анх тохироо хийхдээ Худалдан авах ажиллагааны газрыг Ч.Улаан толгойлж буй Сангийн яаманд хариуцуулна гэж “Шударга ёс”-ынхон зүтгэжээ. Гэсэн ч тохирч чадалгүй Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид хуулийн төслөө өгөхдөө өөрийнхөө харьяанд оруулсан. Харин үүнийг нь “Шударга ёс” эвслийнхэн зөвшөөрөөгүй нь мэдээж. Д.Тэрбишдагва өөрийн шадар сайдын албан тушаалын харъяанд багтааж дөнгөсөн нь гайхалтай сүйхээ байлаа. Эхнээсээ мөнгө, төгрөг, наймаа үнэртүүлж эхэлсэн энэ агентлаг тендерийн асуудлыг нэг газар төлвлөрүүлж, цэгцлэх мэт харагдаж байгаа ч өнөө авлигал гэгчийн үүр уурхай болох тун магадлалтай. Төрийн жинхэнэ ченж улам л төрийн орой руу тэмүүлсээр. Удахгүй төрийг төр гэж нэрлэхээ больж “ТБД”-гийн андууд гэж нэрлэх вий дээ.
Д.Өрнө
URL: