С.Ганбаатар тэнэг биш гэдгийг ерөнхийлөгч, ерөнхий сайд нотлов
Оюутолгойн гэрээ С.Баярцогтын хэлсэнчлэн “Гайхамшигтай” гэрээ биш байсан нь ойрын өдрүүдэд тодорхой болж эхэллээ. Одоогоос хоёр орчим сарын өмнө гишүүн С.Ганбаатар болон С.Баярцогт нар энэ гэрээний талаар нээлттэй мэтгэлцээн явуулсан. Энэ үеэр С.Баярцогт гишүүний Оюутолгойн гэрээг “Гайхамшигтай” хэмээн тодотгосон. Харин С.Ганбаатарыг бараг л “тэнэг мангар”-аар нь дуудсаар байгаад таарсан. Тэгвэл ердөө хоёр хүрэхгүй сарын дараа С.Ганбаатар үнэнийг хэлж, ярьж байсан нь нотлогдож эхлэв. Одоо харин С.Ганбаатар “тэнэг” үү, С.Баярцогт “тэнэг” үү гэж асуувал яах бол. За энэ ч яахав, үндсэн асуудалдаа оръё. С.Ганбаатар тэнэг биш гэдэг нь өнгөрсөн хугацаанд хэрхэн нотлогдсон бэ.
Эхлээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Оюутолгойн хөрөнгө оруулалт яагаад нэмэгдсэн асуудлаар албан ёсоор тайлбар авахаар бичиг явуулсан. Хөрөнгө оруулагчид тайлбар өгөх үүрэгтэй” гэсэн. Дараа нь Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн чуулганд оролцож, Оюутолгойн гэрээний талаар албан ёсны байр сууриа илэрхийлж, Засгийн газарт чиглэл өглөө. Нийт 15 бүлэг чиглэлээр энэ гэрээг сайжруулах үүрэг чиглэл өгөв. Засгийн газрын гишүүдийн зүгээс ч бас энэ гэрээ тийм ч шударга биш гэдгийг хүлээн зөвшөөрч харагдана билээ. Хэрвээ Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг, чиглэлийг Засгийн газар биелүүлнэ гэж зүтгэвэл энэ жил Оюутолгойнхны хувьд ёстой “хар дарсан зүүд” шиг байх биз. Учир нь хөрөнгө оруулагчид гэрээг өөрчлөх бодолгүй байгаа гэдгээ өнгөрсөн оноос хойш илэрхийлсээр ирсэн. Түүнчлэн Ерөнхий сайдын мэдэгдлийн дараахан буюу өнгөрсөн долоо хоногт “Оюутолгой төслийн үйл ажиллагааг түр зогсооно” гэсэн мэдээллийг гаргав. Монголчуудыг айлгах гэж оролдож байгаа бололтой. Мэдээж Оюутолгой төсөлд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Бас хөрөнгө оруулагчдын эрх ашгийг бүр уландаа гишгэж болохгүй. Гэхдээ үүнээс гадна Монголын ард түмний язгуур эрх ашиг гэж зүйл бий. Монголчууд бид баялгийн эзэн учраас хөрөнгө оруулагчдаас нэг алхам урд явах ёстой болов уу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг л энэ язгуур эрх ашгийг илэрхийлж, УИХ, Засгийн газрын гишүүдэд анхааруулга өглөө. Талархаж байна.
Харин С.Баярцогт гишүүн чухам хэний талд үйлчилсэн бэ гэдэг нь бас нэг сонин асуулт болж хувирав. “Монголын “За” бол андгай буйза” гэж эрхэм гишүүн мэтгэлцээнийг өндөрлүүлсэн. Шууд утгаараа энэ гэрээг өөрчлөх ямар ч шаардлага байхгүй л гэсэн үг. Гэтэл хэдхэн сарын дараа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд энэ гэрээнд асуудал бий гэдгийг тойруугаар хэлж байтал Ерөнхийлөгч харин ёстой “палхийтэл” хэлж орхив. Гэрээ үнэхээр төгс, төгөлдөр байсан бол хамаа алга, С.Баярцогтыг хардахгүй. Гэтэл төгс төгөлдөр биш гэдгийг нь өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдал хангалттай харуулаад өглөө. С.Баярцогт гишүүн үүнийг мэдээгүй биш мэдэж л байсан байж таарна. Угаасаа “Би гэрээг хийсэн учраас надаас илүү мэдэх хүн байхгүй” гэх маягтай зүйл ярьдаг хүн. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар байр сууриа илэрхийлсний дараа одоо С.Баярцогт гишүүн ямар нэгэн мэдэгдэл хийх үлдээд байна. Дахиад л энэ гэрээг хамгаалах уу, үгүй юу гэдэг нь бас сонин байна.
Нөгөөтэйгүүр Оюутолгойн гэрээ байгуулагдсанаасаа хойш байнга л шүүмжлэл дагуулж ирсэн. Гарсан шүүмжлэл бүр тэгсхийгээд л дарагддаг байсан гэхэд хилсдэхгүй. 2010 оны сүүлчээр хоёр гэрээнд өөрчлөлт оруулсныг эс тооцвол шүү дээ. Харин энэ удаад хэрвээ Засгийн газрын зүгээс Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг чиглэлийг биелүүлбэл, Оюутолгойн гэрээ бараг цогцоороо өөрчлөгдөх нь. Монголын ард түмэн, Монгол Улсын хөгжилд илүү үр ашигтай, жинхэнэ утгаараа “гайхамшигтай” гэрээ болох биз ээ. Гэхдээ улстөрчдөд тийм хүсэл зориг байна уу гэвэл бас л асуудал. Түүнчлэн хөрөнгө оруулагчид гэрээнд өөрчлөлт оруулахыг хүсэх үү, үгүй юу гэх мэт зүйл бий. Ямартай ч Оюутолгойн гэрээний үнэн дүр төрх улстөрчдийн чихэнд хүрч, “үүнийг өөрчлөх шаардлагатай” гэдгийг хэлэх боллоо. Бас монгол түмэн энэ гэрээний талаар үнэн бодит мэдээлэлтэй болж, шинэчлэлийн Засгийн газар хэзээ энэ гэрээг өөрчлөх бол гэсэн хүлээлттэй болов. Өөрчлөхөөргүй байсан ч гэсэн “Энэ гэрээ тийм ч сайн болоогүй” гэдгийг ард түмэн мэдчихлээ. Үүнийг “Босоо” С.Ганбаатарын гавьяа гэж үнэлэх ёстой биз ээ. Тэрбээр “Энэ гэрээний талаар монгол хүн бүр мэддэг байх ёстой” гэсэн зүйлийг үргэлж ярьж ирсэн. Тийм ч учраас нээлттэй мэтгэлцье гэсэн урилгыг С.Баярцогт гишүүнд илгээж байсан билээ. Мэтгэлцээнээр С.Баярцогт эсвэл С.Ганбаатар нар хэн нь илүү вэ гэдгээ харуулахгүй. Гагцхүү ард түмэнд мэдээлэл өгөхийг зорино гэж байсан. Мэтгэлцээний үр дүнд ард түмэн энэ гэрээний талаар тодорхой мэдээлэлтэй болсон. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл энэ гэрээний мөн чанарыг бүрэн төгс илэрхийлчихлээ. Одоо энэ гэрээний талаар хүн бүр мэддэг болсон. Үүнийг бас нэг ахиц гэж ойлгох хэрэгтэй байх.
Харин хөрөнгө оруулагчдын хувьд энэ өдрүүдэд айдсаар дүүрэн байна. Монголын Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ойрын хугацаанд батлахаар ажиллаж буй. Энэ хууль хөрөнгө оруулагчдад нэлээд хатуу болсон гэх шүүмжлэл байгаа. Үүнээс гадна Оюутолгойн гэрээг өөрчлөх шаардлагатай гэх Ерөнхийлөгчийн мэдэгдэл жинхэнэ утгаараа “түгшүүрийн дохио” болж хувирав. Ямартай ч Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп энэ долоо хоногоос рояалти татварын хувь хэмжээний талаар Монголын Засгийн газартай хэлэлцээрт орох болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Л.Энхдэлгэр
URL: