Ажил тасалдаг, актгүй өвддөг гишүүдийг торгодог болъё
Өглөө нойрноосоо сэрж ажилдаа очмооргүй үедээ дарга руугаа “би өвдчихсөн” эсвэл “чөлөө авъя” гэж мессеж бичдэг ажилчид хаа сайгүй байна. Бүр Төрийн ордонд хүртэл ийм хүмүүс мэр сэр байдаг юм. Гэхдээ тэнд ажилладаг төрийн албан хаагчид биш. Тэд өглөө хурууныхаа хээг таниулж ажилдаа бүртгүүлдэг учир хуурамчаар өвдөж, чөлөө авч чаддаггүй. Тэглээ ч тэд ажил тасалсан, хоцорсон шалтгаанаар торгуулна эсвэл цалингаасаа хасуулж хариуцлагаа хүлээдэг.
Харин УИХ-ын 76 гишүүнд Хөдөлмөрийн тухай хууль үйлчилдэггүй юм байна. Өөрөөр хэлбэл, тэд ажилдаа очмооргүй үедээ чөлөө авна эсвэл эмнэлэгт үзүүлнэ, ханиад хүрсэн гээд л туслахаараа хэлүүлчихдэг. Хуурамч чөлөө авсан, ажил тасалсан гээд торгуульдаггүй, цалингаас нь суутгадаггүй учир сэтгэл амар гэртээ хэвтчихнэ, аль эсвэл хувийн ажлаа амжуулна.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гаригт л гэхэд 22 гишүүн эзгүй байв. Тэдний 15 нь гадаадад яваа аж. 11 нь УИХ-аас томилолт авч, хоёр нь хүлээн авагч талын зардлаар, хоёр нь хувиараа явжээ. Гишүүдийн гадаад томилолтын зардлыг бууруулж аль болох чуулганы танхимд, орон нутагт ажиллуулна гэж төсөв батлах үеэр Ерөнхий сайд онцолж байсан. Гэтэл арван хэдүүлээ гадаадад явна. Өнгөрсөн баасан гаригт 52-уулаа ажиллах ёстойгоос чуулганы танхимын ирцийн самбарт 46 гишүүн бүртгүүлсэн байлаа. Үлдсэн нь тэр өдрийн ажлаа шалтгаангүй тасалсан байна.
БҮТЭНСАРАЖИЛТАСАЛДАГГИШҮҮНБИЙ
УИХ-ын гишүүд хэнээс чөлөө авдаг, өвчтэй үед ямар хууль, журам үйлчилдэг тухай бодит байдлыг сийрүүлье. Гишүүд ажилдаа ирэх боломжгүй үедээ УИХ-ын даргад заавал дуулгах ёстой. Өөрийн биеэр утсаар ярина эсвэл туслахаараа дамжуулж хуралдаан даргалагчаар чөлөө авдаг байна. Нэг бол Чуулган, байнгын хороодын хуралдаан зохион байгуулах албанд мэдэгдэж УИХ-ын даргад хэлүүлдэг аж. Харин УИХ-ын даргаас зөвшөөрөл аваагүй бол ажил тасалсанд тооцно.
Энд нэг жишээ авъя. Увсаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнгөрсөн оны сүүлчийн сард ажилдаа бараг ирээгүй юм байна. Тэрээр УИХ-ын даргаас албан ёсоор зөвшөөрөл аваагүй Хятад руу явсан учир ирцийн мэдээнд тас гэж бүртгэжээ. Энэ тухай www.parliament.mn цахим хуудаст нийтэлсэн гишүүдийн өдөр бүрийн ирцийн мэдээнээс харж болно. Бүтэн сар ажил тасалсан гээд түүнд хэн ч ямар ч хариуцлага тооцоогүй. Хуулиар бол шалтгаангүйгээр олон хоног ажил тасалсан хүнийг халдаг. Харамсалтай нь гишүүдэд хууль үйлчлэхгүй байна. Баталсан хуулиа тэд хэрэгжүүлдэггүй гэсэн үг. Уг нь Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглосон байх юм. Гэтэл гишүүд давуу эрх эдэлж байгаа жишээ энэ.
Сараар байтугай бүтэн ээлжит чуулганд нэг ч удаа суугаагүй хүн бий. Тэр бол 2004-2008 оны парламентад байсан симба Ц.Батаа. Тэрээр “Миний байх газар энэ биш” гэсээр хамгийн сүүлчийн хаврын чуулганд огт суугаагүй байдаг. Байх газраа мэддэггүй хүн яах гэж гишүүн болсон юм бол. Тэглээ гээд ямар ч хариуцлага, шийтгэлгүй зүгээр өнгөрсөн. Ажил хий гэж ард түмэн сонгосон байтал дураар дургидаг ийм хүмүүс мэр сэр байна.
Харин УИХ-ын гишүүдээс байнгын чөлөөтэй нь Ерөнхий сайд. Тэрээр УИХ-ын гишүүнээр бус Ерөнхий сайд, Төрийн өндөрлөгийн хувиар тусгай ажил, албатай учир чуулганд өдөр бүр суух албагүй гэж үздэг байна. Гэхдээ шаардлагатай үед, гишүүдийн асуулгын хариу өгөх өдөр, парламентад ажлаа тайлагнахдаа гүйцэтгэх засаглалын тэргүүн чуулганд оролцдог юм.
ХУУЛИАХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙПАРЛАМЕНТ
Хүн л юм болохоор өвдөж зовох, ажил явдал тохиолдох, зайлшгүй зүйл гарах нь мэдээж. Ийм үед даргаасаа чөлөө авах нь ч зүйн хэрэг. Гэхдээ бас л хууль үйлчилдэггүй юм байна. Тухайлбал, нэг өдөр өвчтэй гэж хэлчихээд дараа нь даргадаа эмчийн акч аваачиж өгдөггүй гэсэн. Энэ тухай зарим гишүүнээс асуухад ч “тийм зүйл байдаггүй” гэсэн хариулт өгч байлаа. Харин олон хоногоор эмнэлэгт хэвтвэл лист авдаг байна. Мөн зайлшгүй тохиолдлоор гадаадад эмчлүүлэх хэрэг ч гардаг аж. Өмнөх парламентад Д.Арвин гишүүн олон хоногоор гадаадад эмчлүүлэхээр чөлөө авч байсан. Өнгөрсөн долоо хоногт Ж.Батсуурь гишүүн эмчлүүлэхээр явсан байна. Энэ бол хэн хүнд тохиолдож болох зүйл. Ийм тохиолдолд УИХ-ын удирдлага ч гишүүдээ хүндэтгэн үздэг байна.
Ирэх баасан гаригт энэ парламентын анхны намрын чуулган өндөрлөнө. Тэгэхээр гишүүдийн ирц нэгдсэн журмаар гарах юм. Хэн нь хэдэн цагийн ажил тасалсан, хэдэн цаг хоцорсон, хамгийн идэвхтэй нь хэн байсныг Чуулган, байнгын хороодын хуралдаан зохион байгуулах албанаас тайлагнадаг юм. Гишүүдийн ирцийн мэдээ цаг, минутаар гарна. Хамгийн олон цагийн ажил тасалсан гишүүний нэр удахгүй тодорно. Тэглээ гээд түүнд ямар ч хариуцлага тооцохгүй. Тийм механизм парламентад үйлчилдэггүй. Хууль байсан ч тэд баталсан хуулиа хэрэгжүүлдэггүй учир олон цагийн ажил тасалсан гишүүн, идэвхтэй ажилладаг гишүүн хоёр яг адилхан. Хачирхалтай нэг зүйл энд бий. УИХ-ын гишүүдийг Хөдөлмөрийн тухай хууль огт биелүүлдэггүй гэж болохгүй. Ээлжийн амралт авах болохоор гайхалтай сайн хэрэгжүүлдэг байна. Тэд бусадтай адил хуулийн дагуу жил бүр ээлжийн амралт эдэлдэг юм. Хуулиас гадуур ажиллаж, хуулийн дагуу амардаг парламенттай Монгол Улс гэж болно. Манайх парламентын засаглалтай орон гэж олон гишүүн цээжээ дэлддэг. Тэгвэл Монголын засаглал завхарч, тэнд ажил хийдэггүй хүнээр дүүрчээ.
Энэ бол гишүүдийн ёс зүйтэй холбоотой. Парламентад ёс зүйгүй хүмүүс олон байна гэсэн үг. Тиймээс гишүүдийн Ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж хариуцлагыг чангатгах хэрэгтэй болжээ, З.Энхболд дарга аа. Ажил тасалсан, хоцорсон гишүүдийн цалинг хасдаг, актгүй өвддөг, хуурамч чөлөө авдаг худалч гишүүддээ хариуцлага тооцдог болъё. Олон цагийн ажил тасалсан гишүүдээ сонгогчид нь эргүүлэн татдаг хуультай орон ч байдаг. Ийм чанга механизм Монголын парламентад дутсаар олон жил өнгөрлөө.
Ирц бүрдүүлээгүй бүлгийг татан буулгах, гишүүд хурууны хээгээр бүртгүүлдэг байх хоёр ч хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Гэхдээ хэлэлцүүлэг нь удаашралтай явж буй. Шалтгаан нь гишүүдийн ёс зүйтэй холбоотой учраас тэр. УИХ-ын гишүүд өдөр бүр ажиллахыг хүсдэггүй, чөлөөт цагаараа хууль тогтоох ажлаа хийдэг болохоор ирц бүрдүүлэх, хариуцлага дээшлүүлэх төсөлд хойрго хандаж байгаа юм. Тэд ийм л дүр төрхтэй хүмүүс. Бид тийм л ёс зүйгүй хүмүүсийг төрд төлөөллөө болгон сонгожээ.
Зууны мэдээ
URL: