Хэвлэлийнхнээр ажлаа заалгуулдаг эмнэлгийн байгууллагад сэтгүүлч ажиллуулъя
Өнгөрсөн жил барилгын салбарт аймшигт осол ээлж дараалан гарсан. Харин энэ удаа эрүүл мэндийн салбар, тэр дундаа хүний амийг авран хамгаалах үүрэгтэй “алтан” гартай эмч нарын хайнга, буруутай үйл ажиллагаанаас болж нүд халтирам зүйлс их гарах боллоо. Зурагтынхаа өмнө тухлан, мэдээ үзэх бүрт гарч байгаа таван мэдээ тутмын нэг нь эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн мэдээлэл өдөр алгасахгүй шинэчлэгдэн гарах юм. Энэ чинь одоо юу болоод байна вэ. Бид чинь эмчлүүлэх гэж эмнэлгийн байгууллагад ханддаг биш билүү. Гэтэл эмчлүүлэх бус харин хорлуулах болж. Тухайлбал төрөөд удаагүй байсан нярайг, сувилагч нь халуун усанд түлсэн гэх мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэж байсан. Гэтэл энэ хэрэг хуучраагүй байхад өнгөрсөн сарын 10-нд Нэгдүгээр төрөхийн эмч ажилдаа хариуцлагагүй хандсанаас болж, дөнгөж төрсөн нярай ширээн дээрээс унаж, ОХУ-д үйлдвэрлэсэн ширмэн паар мөргөсөн. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард Гуравдугаар амаржих газарт хийсвэр хагалгаагаар төрсөн 30 настай Э.Хонгорзул гэгч эмэгтэйн гэдсэнд мэс заслын боолт үлдээгээд оёчихсон ноцтой хэрэг гарсан гэх мэт хайхрамжгүй, хайнга үйлдлээсээ хүний амийг үнэгүйдүүлэхэд хүргэсэн эмч, сувилагч нарын алдааг дурьдаад байвал дуусахгүй.
Ийнхүү өөрийн хийх ёстой ажлыг умартан ажлын хариуцлага алдсан эмч сувилагч нарт ямар хариуцлага хүлээлгэдэг нь үнэхээр инээдтэй. Жишээлбэл мэргэжлийн сувилагч асрагчаар хүрээлүүлсэн 40 дүгээр яслийн цонхоор бяцхан хүү унаж, насаараа шаналах, ужиг өвчтэй болчихоод байхад хариуцлага алдсан сувилагч асрагч нарыг ажлаас нь чөлөөлөх төдий л арга хэмжээ авсан. Мөн “Паар мөргөсөн нярайг хариуцаж байсан эмчид ямар арга хэмжээ авсан бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад Нэгдүгээр төрөхийн Эмчилгээ хариуцсан их эмч хариулахдаа “Хүүхдийг унагасан эмчид хариуцлага тооцож, хамтран ажиллах гэрээгээ цуцалсан. Мэдээж хэрэг санаатай үйлдэл байгаагүй. Санамсаргүй байдлаас болж гаргасан алдаагаа тэр эмч хүлээсэн” гэх тайлбарыг хийсэн. Түүнчлэн хийсвэрээр төрсөн эхийн гэдсэнд мэс заслын боолт үлдээгээд оёчихсон эмчээс “Та яаж байгаа юм бэ” гэж хэн нэгэн асуухад “Ямар сүртэй юм. Иймэрхүү юм зөндөө л байдаг шүү дээ” хэмээн юу ч болоогүй юм шиг хариулсан гэдэг. Одоохондоо тэр эмчид ямар нэгэн хариуцлага тооцоогүй. Тооцох ч үгүй биз. Тооцлоо гэж бодоход үсрээд л ажлаас нь хална. Тэгээд л боллоо.
Тэгэхээр эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд зүгээр л нэг муу албан тушаалаас хямдхан, үнэ цэнгүй болчихож. “Үйлчилгээний соёл, хүнтэй харьцаж буй харьцаа чинь үнэхээр доголдолтой байна” хэмээн ихэнх хүмүүс эмч, сувилагч нарын талаар гомдол гаргадаг ч эмнэлгийн байгууллагын удирдлагууд ерөөсөө тоодоггүй. Аргаа барсан хүмүүс хэвлэлийнхэнд ханддаг. Эдгээр хүний гомдлын дагуу хэвлэлийнхэн явдаг ч тодорхой хариулт олж чаддаггүй. Ганц мэдээлэл өгч байгаа газар нь нийслэлийн Эрүүл мэндийн газар байдаг ч өгч байгаа хариулт “Болж байна. Бүтэж байна” гэсэн хариулт хэлдэг. Өнгөрсөн жил 40 дүгээр яслийн цонхоор бяцхан хүүхэд унаж, Гэмтэл, согогийн үндэсний төвд хүргэгдэн хэсэг хугацаанд эмчлүүлсэн. Тэр үед хүүхдийн биеийн байдал болоод ямар эмчилгээ хийж байгаа талаар эмчлэгч эмчээс нь асуухад тодорхой хариулт өгөлгүй “Өвчтний ямар нэгэн мэдээлэл нууц байдаг. Гадагшаа гаргадаггүй. Тэглээ ч би хэлээд байдаг хүн биш” гэж нэлээд ууртай хариулж байсан. Энэ нь ч зөв. Гэхдээ хариуцлагагүй, хайнга байдлаасаа хүний биед буруу эмчилгээ хийж, эрүүл мэндээр нь хохироож байгаа энэ явдлыг яах вэ.
“Том толгойтой” эмч нар нь өвчтөндөө буруу эмчилгээ хийнэ. Тухайн өвчтөн үүнийг нь мэдэхээс мэдэхгүй нь их байдаг ч мэдсэн нэг нь хэвлэлийнхэнд ханддаг. Хэвлэлийнхэн ч шуугиж эхлэхээр салбарын сайд сая нэг ухаан орж өвчтөн болон ар гэрийнхэнтэй нь уулзахдаа дээд албан тушаалтнуудын хэрэглэж сурсан “Уучлаарай” гэдэг үгийг өмнөө барьж, сүр дуулиантайгаар эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг. Ер нь бол хэвлэлийнхнээр ажлаа заалгуулдаг гэхэд болно. Тэгэхээр нийслэлийн бүх эмнэлэгт тус бүрт нь мэргэжлийн сэтгүүлч ажиллуулбал ямар вэ. Тэрхүү сэтгүүлч нь ажиллаж байгаа эмнэлгээсээ хараат бус. Иргэдээс ирж буй санал гомдлыг ганц үг алдалгүй тэмдэглэж, хэвлэлийнхэнд мэдээлдэг болбол ажилдаа хайнга хандаад байгаа эмч, сувилагч нар хариуцлагатай болж, эрүүл мэндийн салбарт тулгараад байгаа энэ асуудлыг шийдчих юм шиг санагдаад байх юм.
Ж.Баттуул
URL: