Н.Номтойбаярыг МИАТ-ийн хэрэгт татан, шалгуулъя
Дайны эрсдэлийн даатгалын мөнгийг завшсан хэрэгт МИАТ-ийн удирдлагууд нэр холбогдсон. Гэхдээ энэ хэрэг тав, зургаахан хүний асуудал биш гэдэг нь тодорхой болоод байгаа. Уг хэ-рэгт холбогдсон МИАТ-ийн Коммер, Санхүүгийн албаны даргын ажлыг 2005-2010 он хүртэл хашсан, “Монголиан Эйрлайнес” гэх хувийн авиакомпанийг 2011 онд байгуулсан Ч.Хоролсүрэнг цагдан хорьсон. Түүнээс гадна Ч.Хоролсүрэнгийн дүү, МИАТ-ийн гүйцэтгэх за-хирлын албыг 2009-2010 онд хашиж байсан Р.Бат-Эрдэнэ, түүний дараа ажлаа авсан Ц.Орхон, эхнэртэйгээ байцалтад ороод буй юм.
Нөгөө талаас буюу улстөрч, бизнесийнхнээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Л.Болд, “МАК” компанийн захирал Б.Нямтайшир нарын нэр хэвлэлээр бичигдэж байгаа. Дайны эрсдэлийн даатгалын мөнгийг завшсан цаг хугацааг нь харвал 2005-2010 он байгаа юм. Энэ хугацаанд “МАК” компанийн удирдлагад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан. Эрхэм гишүүн 2005-2008 онд “Монголын Алт” ХХК-д Төслийн менежер, 2009 онд “Монголын Алт” ХХК-д Тамгын газрын захирал, 2010 онд тус компанийн Бодлогын зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байлаа. Тэгэхээр “МАК” компани МИАТ-ийн асуудалд холбогдсны цаана “МАК”-ийг удирдлага нь байсан Н.Номтойбаяр гишүүн мэдээгүй өнгөрнө гэж үгүй биз ээ. Тэгэхээр түүнийг уг асуудалд татан, шалгах ёстой хүн гэж үзээд буй хэрэг.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд компанийнхаа дэд захирал байхдаа буюу 2011 онд “Монголиан Эйрлайнес”-ийн анхны нислэгийн нээлтийн үеэр тус компанийн удирдлагуудтай тууз хайчилж байсан. Үүнээс харахад “Монголиан Эйрлайнес”-ийн хувь эзэмшигч гэдэг нь тодорхой. Түүнчлэн МИАТ-ийн мөнгө завшсан асуудал “босож” ирэхэд Гадаад харилцааны сайд Л.Болд хэргээс “зугтааж” өөрийнхөө хувийг “МАК”-д шилжүүлж байгаа гэх мэдээлэл ч хэвлэл мэдээллээр цацагдах болжээ. Ямартай ч хөлдөө 10-аар зогсохгүй хүнийг чирэх энэ хэргийн эздийг МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон дэлгэхэд бэлэн гэдгээ ч мэдэгдсэн. Улстөрчид, бизнесийнхэн хутгалдсан МИАТ-ийн мөнгийг “идсэн” асуудал ид өрнөсний дараа буюу 2012 онд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар томилогдон ажилласан. Түүнийг “Тусгаар тогтнолын ордон”-оо босгоход нэг тэрбум төгрөг хандивласан, Ардын намын мөнгөний “авдар” үүнээс нь үүдээд Нийгмийн Ардчилал, Монголын залуучуудын холбооны болон Ардын намын Бага хурлын гишүүн болсон нь дэд сайд болоход түлхэц өгсөн гэдэг. Үүгээр зогсохгүй түүний энэ их мөнгө УИХ-ын гишүүний “сэнтий”-д залрахад ч нөлөө үзүүлсэн биз ээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухайн үед удирдаж байсан “МАК” компани МИАТ-ийн гэх дуулиантай хэрэгт холбогдоод байхад түүнийг шалгах ёстой баймаар. Гэтэл өнөөдөр МИАТ-ийн удирдаж байсан, тэдний нөлөөн дор ажилласан хэдэн хүнд хэргээ тохоод явах гэж байгаа мэт хардлага төрж байна. Хэний хүүхэд, хэр баян байх нь хамаагүйгээр, ямар улстөрч, аль нам байхаас үл хамааран МИАТ-ийн хэргийг шалгаж илрүүлнэ гэдгээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэдэгдсэн. Тэгэхээр Н.Номтойбаяраар тогтохгүй улстөрчид гарч ирэхийг хэн ч үгүйсгэхгүй.
Ц.Энхцэцэг
URL: