“Манай нутгийн идээ”

1da847ed0f0fdccboriginalХан хорвоогийн хамаг бүхэн мөн ба мөн бус нигууртай. Мөн бусчуудыг утга солбин нэрлэж ялгадгаараа монгол сэтгэлгээ бахтай бас гайхамшигтай. Тийнхүү тусгайлсан гоцлол нэрээр мөн бусын утга салган ухаардаг эрдэм ухааныг манай ханчин хамба Жамъянгарав тэргүүт эрдэмтэн, судлаачид “утгын чимэг” гэж тусгайлан нэрлэжээ. Дээл хувцсаар нь хүнийг ялгаж танихтай дүйцүүлж болох мэт. Ярианы хэллэгээр бол хочилж нэрлэх арга гэмээр юм уу даа. Хоч нэр оноох нь ардын билэг авьяас мөн шиг байдаг. Хүссэн бүхэн тэр бүрийг сайн хочилж чаддаггүй. Учир нь хоч нэр бол адилтгал, зүйрлэл, элэглэл, дуурайх урлагийн бүтээл. Оноогүй хоч доромжлол болж хүний нэр төрийг гутаадаг гэмтэй. Гэтэл яг оносон хоч нэр бол хамгийн сайн нөхөрсөг шог болж үе дамжин түмэнд дэлгэрдэг ёсон бий. Өөрөөр хэлбэл, элэглэн хочлох зан үйл нь ардын хошин шог билэг авьяасын нэгэн хувилгаан дүр мөн гэж бодож байна. Нэг аймгийн томоохон дарга нутгийн нэгэн ямаачин бүсгүйг их хочич хүн гэнэ гэж сонсоод түүнтэй уулзахдаа “Чи их хочич хүн гэсэн, намайг нэг хочлоотох” гэж даажигнажээ. Тэгэхэд бүсгүй “Хүүе яадаг билээ, Та чинь ямаагаа алдсан ухна шиг яаж байгаа юм бэ. Би хүн хочилж огт чаддаггүй” гэж уулга алдсан тухай хошин яриа байдаг. Тэгэхлээр мөнөөх бүсгүй сайхь онгироо даргыг хараад ямаагаа алдсан ухнын инээдтэй дүрээр хувирган сэтгэжээ. Би хувьдаа бол ингэж сэтгэж чадахгүй. Энэчлэн яг оносон хоч нэр өгөх нь мангар тэнэгүүдийн сэтгэж дийлдэг оюуны үйлдэл биш. Оюунт амьтан хаана үүссэн, тэр газарт цэцэн мэргэн оюун ухаан түрүүлж хөгжсөн байж таарна. Монгол шиг ардын цэцэн ухаан хүн амын бүх давхаргыг хамран жигд хөгжсөн өөр ямар улс орон байдгийг мэдэхгүй юм. Гадаад хэл мэддэггүй болоод би ингэж тэнэгтэж байгаа хэрэг. Гадаадын сонгодог уран зохиолын зах цухаас сөхөж үзэхэд энэ талын баримт сэлт ховор байдаг. Харин Мишель дэ Монтэний эссенүүдээс ажиглахад латинчуудад зүйр үгээр цэцлэх зан үйл нэлээн хөгжиж байсан тал харагддаг билээ. Ерөнхийдөө бол Грекийн алдарт Хоммерийн зохиосон олон бурхдын үлгэр домог л барууны орнуудын иргэнлэг оюун сэтгэлгээний нь хөрс дэвсгэр болж яригдах юм шив дээ.
Ерөнхий номчирхлыг үүгээр цэглэе. Одоо манай Ямбатынхан танхай хочич хүмүүс гэдгийг нэмж танилцуулъя. ХХ зууны эхэн дунд үед тус багийн нутагт Даваа нэртэй олон хүн байж л дээ. Тэгээд хүүрэн Даваа, могой Даваа, мурий Даваа, цорго Даваа, халиман Даваа, тойдон Даваа гэж ялгаж нэрлэсэн байдаг. Гэлэн Цэгмид, шулхуу Цэгмид, ховоо Цэгмид, хавдай Цэгмид гэж байв. Цоохор Дамба, цогдог Дамба, ухнан Дамба, гэлэн Дамба гэж байсан. Тунхуу Намжил, хув Намжил, өвчит Намжил, заглий Намжил хэмээх намжилтангууд байлаа. Халзан Дагва, тасар Дагва, түнтээн Дагва, голио Дагва, голигор Чимиддагва, бавдаг Баасан, евдий Баасан, модон Баасан, монхор Баасан, аахилаа Баатар, бүлтгэр Баатар, онгироо Цэрэндаш, ойлоо Чулуунбаатар, онигор Суурь, онгой Адьяа олгой Сумьяа гэх мэт хочилдог байсан. Энэ нутагт бас гоорой Чулуун, чорт Сумаа, нилх Банди, буузгар Ёндон, пөмпөөлэй Лувсан, цуух Батмөнх гэж байсныг би мэдэх юм. Гэвч гоорой, чорт, нилх, буузгар, пөмпөөлэй, цуух гэдэг нь ямар утгатай үг болохыг өнөө ч би нэг л сайн ялгаж мэдэхгүй байгаа. Тэр гэж нэрлэх тодорхой төлөөлөлгүй мэт боловч ямар нэгэн хэв байдлаар төсөөлөгдөж байгаа хийсвэр мэдрэмжийн зүйрлэл байж магадгүй. Газар усны нэр нь бас содон шүү.
Тус сумын хоймор талд Ямбат, Утиарт, Буйлан, Балсай, Оцой, Цогт, Дүгий гэж байдаг бол Бөмбөгөрийн төвийн урд талд Орхомбо, Тай, Угдай, Муцай, Шийр, Мандал, Уушгийн хадны өвөрт Их монгол, Урт монгол, Алаг монгол гэж байх жишээний. Хад асга, ганга сархиаг багатай нүцгэн бор уулсыг Монгол хэмээн нэрлэсэн байдаг. Монгол гэдэг нэр чингэхлээр нүцгэн уул толгодоор нутагладаг хүмүүс гэсэн нэр байсан юмсан уу хэн мэдлээ. Тус сумын эрт эдүгээгийн оюунлаг сэтгэмжийн нэг хэлбэр болсон хүн ба газар, усны нэр оноолтын зарим онцлогийг энд ийнхүү дэлгэсэн нь сонирхуулахын тулд бус харин яагаад ийм байгааг тухайлан бодуулах гэсэн өдөөлт төдий билээ. Энэ удаад өөрийн сайн таньж мэдэх сүүлийн үеийн зарим ардын авьяас билэгтний талаар нэмж сонирхуулах гэж байна. Манай Ааригийнхан бол хэзээний ядуу зүдүү амьдралтай явсан хүмүүс. Тэд хэдийгээр олон үедээ туйлдаж ядарч явсан боловч сүүлийн он жилүүдэд амьдрал нь дээшилж танигдашгүй болтол бэлжиж юмжсан байх бөгөөд одоо энд эмзэг ядуус гэж бараг байхгүй болжээ. Тэр хүнд бэрх үед хангал залуу насаа элээсэн Ааригийн аман шогч Дүүрэнгийн Дамдин гэгч нэгэн бээр зээ дүүгийнхээ жаал хүүд “Аариг нутгийн ерөөл зааж өгье” гээд цээжлүүлсэн нь одоо хүртэл олны дунд яригдсаар л авай.
Тухайлбал :
Зэ ээ
Ямаа голдуу хөрөнгөтэй
Явган голдуу ажилтай
Хярам голдуу ундтай
Хярамцаг голдуу хоолтой
Адсага голдуу дэвсгэртэй
Аариг голдуу нутагтай
Ямбатын Улаан гуталт нуудаа магтъяа хэмээн цээжлүүлж байсан байдаг. Дамдин өнгөрсөн зууны хориод онд төрж, 70 орчим наслаад бурхан болсон билээ.
Нэгэн удаа энэ нутгийн наргиа шогч Төмөр-Адьяа гэгч бээр залуу хүү Дамдинтай уулзахдаа:
За ингэхэд
Хогийн хог
Хомоолын зээ
Хоноцын шээс чи хаа хүрч явна хэмээн даажигнахад
Дамдин бээр:
Шаарын шаар
Шагийн зээ минь чам шиг
Хонхор газар хонь төхөөрч,
Хүнхэр газар хүн төхөөрч яваагүй шүү хэмээн хариу барьсан гэдэг.
Дүүрэнгийн Дамдингийн дөрвөн мөрт болгон багцалж зохиосон хоч нэрнүүд олон байдаг.
Жишээлбэл:
Танзуур Цүлтэм
Таглаа Ломбуу
Тайранхай Содвоо
Тайган Нангиа гэсэн дөрвөн мөрт байдаг. Цүлтэм нь цал буурал толгойтой хүрэн бор царайтай учраас “Танзуур” гэжээ. Ломбуугийн хамар нь унаж савхиар бөглөдөг байсан тул “таглаа” гэжээ. Содвоо гэлэнгийн нэг хуруу нь мухар тул “тайранхай” гэжээ. Энэ хэллэгийг сонссон нутгийн танил хүмүүс толгой сэгсрэн гайхдаг байсан гэдэг. Дамдингийн зохиосон өөр хэд хэдэн бадаг дөрвөн мөрт бий.
Айлч Минжүүр
Азарган Балжир
Аальгүй Дарь
Аажуу Чимиддагва
Түшмэд Дансран
Түрэмгий Шонгой
Дүлдэг Хомоол
Түүхий Гэндэн
Хавьчуур Шадваа
Хамар Норвоо
Халимаг Туваанжав
Хавирга Зул гэх мэт дөрвөн мөрт хоч гуншин нэрүүд зохиосон байна.

Айхтар Лайдий айлын дарга
Алаг Батхүү өрхийн дарга
Алцан Ундар аргалын дарга
Ангарай Батмөнх хонины дарга гэх мэт шүлэглэн дүрсэлсэн хэллэг бас бий. Дамдин нь ядуу тарчиг амьдралтай, өрх толгойлсон ганц бие бүсгүй Дүүрэнгийн ганц хүү байв. Эх Дүүрэнгийн удмыг хөөвөл Сайн ноён хан аймгийн Дашдорж гүний харъяат туслагчийн багийн уугуул нэгэн бөгөөд дээр цагт бавгар няравын таван хүүхэн гэж байсны нэг болох Балжин хүүхний охин байжээ. Бидэнд мэдэгдэж байгаа баримтаар Балжин хүүхэн хүнтэй суугаагүй, гурван хүүхэдтэй бүсгүй байх. Том хүү нь Балжингийн Хомоол, том охин нь Балжингийн Донров, бага охин нь дээр нэрлэсэн Дүүрэн хэмээх бүсгүй байж. Дамдингийн эцэг нь хуучин цагийн томоохон сэхээтэн Цэгмид гэлэн гэж байсан гэдэг.
XVIII зууны үед Байдрагийн гол орчмын нутагт долоон үеийн Доохүү зурхайч гэж бусдадаа атаархагдан хорлогдож явсан том зурхайчийн ач хүү нь Цэгмид гэлэн юм билээ.
Дамдин бээр хүн сайтай, сайхан сэтгэлтэй, шударга нэгэн байсныг бидний үеийнхэн сайн мэднэ. Дамдин өөрөө эхнэр авахгүй ганц бие явсаар насыг барсан. Тэрээр сургуульд сууж байгаагүй, бичиг үсгийн бүлгэмээр тайлагдсан хүн боловч ямар ч сэхээтнээс дутахгүй гүн гүнзгий сэтгэж, уран цэцэн ярьж чаддаг ардын авьяастан байсныг тэмдэглэвэл зохилтой. Одоо үед юмсан бол хэдийнэ төрийн соёрхолт, ардын уран зохиолч болоод даналзаж явах байсан болов уу гэж харуусан боддог билээ.
Манай нутагт ийм авъяастан цөөнгүй байсан. Тэдний нэг нь “цацаг” хэмээх хочтой Гэндэн. Түүний овог нь Лэгдэн. Дашдоо гүний хошууны Мэргэний багийн хүн байсан гэдэг. Их ганган чамин эд зүйлс хэрэглэдэг байсан учраас “цацаг” гэж хочлогдсон байна.
- Та сайн байна уу гэж ойрд уулзаагүй танил нь асуужээ.
Гэтэл өөдөөс нь
Эмээлээ хагсааж
Эмийгээ хусруулаад юуных нь сайн байхав гэсэн гэдэг.

-Яасан бэ Гэндэн гуай гэсэн тань

-Хадам аавынд хүргэн орсон шүү дээ гэсэн гэнэ. Тэр нь шоронд орсон гэсэн үг байж. Шоронг “хадам аавынх” гэдэг, шоронд орохыг “аавынд хүргэн орох” гэдэг байж. Гэндэн бээр морийг чойдог, гүүг балжид, тэмээг хэт гэхчилэн этгээд нэрлэдэг байсан гэлцдэг. Чингэхлээр тэр хүн бусдаас өөрөөр сэтгэж, бусдын хэлдэггүй үгээр ярихыг хичээдэг авьяастан байсан юм. Одоогийнхоор бол ардын модерн сэтгэлгээтэй нэгэн байжээ.
Бас эндхийн эгэл ард Рэнцэнгийн Төмөр-Адьяа гэгч бээр 1950-иад оны сүүлчээр байгуулагдсан Цог нэгдлийнхээ тайлангийн хурал дээр :
Улаан толгойт орос
Унжуу хамарт япон
Унгасан хошуут нараар удирдуулсан
Таван сарвуу нь
Тавагтайд ширүүн
Таяг мод нь
Нохойд ширүүн
Ямаа шиг янзын энэ нэгдэл
Яаж олигтой хөгжих вэ дээ, тийм үү та минь ээ гээд жишим ч үгүй сууж байсан гэдэг. Энд ялангуяа “Таван хуруу нь тавагтайд ширүүн. Таяг мод нь нохойд ширүүн” гэдэг нь хэр баргийн яруу найрагч олж хэлэхгүй үг байх. Ядуу зүдүү ардууд өлөн зэлмэн явахдаа хааяа айлын таваг хуурайлчихдаг байсныг ингэж ёж үгээр дайрсан байгаа юм. Таяг мод гэдэг нь энэ нутгийнхан гол төлөв саваа мод тулж бадарчин шиг явган таваргадаг байсныг дайруулж хэлсэн ноцтой үг байдаг. Төмөр-Адьяа бээр тэр үед 60 хүрсэн өвгөжөөр насны хүн байсан гэдэг билээ. Залуучууд ч бас хувиа тавихгүй цэц уралдуулдаг байж. 1940 онд юмдаг. Манай нутгийн Дамбын Цэрэндоо гэдэг залуу цэргээс ирээд тус суманд отроор нутаглаж байсан өөр сумын Доржийн Жооной гэдэг айлын Лхагва нэртэй охиныг эхнэр болгож авсан юм. Тэгэхэд
Жонон гүний унага жороо байлгүй яахав
Жоонойн хүүхэн Лхагваа нь хөөрхөн байлгүй яахав
Жомбогор Цэрэндоо сэхүүн байлгүй яахав гэхэд манай үеэл эгч болох 19 настай Жалхүү тэр дор нь дуулж байж билээ. Түүний ээж Чимиддулам эгч “Хош, тэгдэггүй юм, аальгүй гэдэг нь манай энэ алмас” хэмээн зэмлэж байсансан. Хүн гэдэг амьтан чинь унаган нутгаасаа ургаж амилсан “амьтай шороо” мөн байдаг биз. Нутаг, хүн хоёрын харах бараа анги байвч халуун амь нь цаанаа нэг л буй заа. Чингис зөвхөн Монголд л амилж ургах хүмүүн заяа мөн байсан. Тэгээд л төрсөн. Тэр Орос, Хятад өөр аль нэг нутаг оронд төрөхгүй байсан. Төрөөгүй байна. Төрөх учиргүй биз. Ямбатын Ааригийн шооч ард түмэн яг л ингэж нутгаа олж төрсөн. Айсуй цагийн анир үргээж ам дамжин аяндаа хөгждөг ардын ёс мөнхийн тул “Нутгийн идээ” гэж тэдний уран хошин сэтгэлгээг нэрлэлээ. Сэтгэл нь шооч, итгэл нь сонжооч, үг нь онооч, үйл нь урлаач төрдөг Ямбатынхан угаасаа л наргианч хүмүүс билээ.

 Х.ЦЭВЛЭЭ
/Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих