Н.Алтанхуяг Эрүүл мэндийн сайдын дүрд хувирсны учир…
Н.Алтанхуяг сүүлийн үед гүйцэтгэх засаглалын ажлаа умартан улстөржих боллоо. Ерөнхий сайд гэнэт цагаан нөмрөг зүүн эмнэлэг хэсч, намын гишүүдээ загнаж буй аятай эмч нарыг зандрах болсон нь иргэдэд хайртайнх уу, эсвэл Ерөнхийлөгчийн сонгууль угтсан шоу юу? Ингэхэд эрүүл мэндийн салбарт ямар ажил өрнөж байгаа билээ. МАХН-ын сайдын эрхэлж буй салбарт АН-ын бүлэглэл, фракциудын ашиг сонирхол буцалж байгаа юм биш үү гээд олон асуулт хариултаа нэхсээр байна. АН-ын улс төрд хамгийн их ашиглаж, сонгуулийнхаа компанит ажлынх нь түшиц газар бол эрүүл мэнд, боловсролын салбар мөн. Хаана чадварлаг боломжийн эмч байна, тэр хүнийг эд мөнгөөр намдаа урвуулан татаж, эмчийн ажлыг нь улс төрийн ажлаар сольдог. Улс, аймаг, дүүрэг, сумдын эмнэлэгийн дарга нь ихэнх нь энэ намын сонгуулийн менежерүүд бөгөөд эмнэлэгээс төрсөн тэрбумтангууд болдог. Эмнэлэгийн дарга нарын ард УИХ-ын хэд хэдэн гишүүн эзэн сууж, эрүүл мэндийн салбарт цутгаж байгаа мөнгийг хүзүү хувааж, хонь бүрэн, чоно цатгалан зарчмаар ‘’мөр үлдээлгүй’’ идэж гаршсан цагаандаа гарсан луйварчид байдаг. Зэрлэг түрэмгий, ичгүүр сонжуургүй АН-ын засаглал нь ардчиллын үнэт зүйлийг ийнхүү устгасаар ирсэн,цаашид ч улам боловсронгуй дээрэм үргэлжилж байгаа баримтууд шил шилээ даран, сэтгүүлчийн ширээн дээр ирсээр байгаа.
Тэгвэл дээрх асуудлуудаас нэг нь бус аль, аль нь Н.Алтанхуягийн Н.Удвалаар “оролдох” шалтаг, шалтгаан болсон төдийгүй бүр нэг цэгт огтлолцож байгаа нь анхаарал татна. Гэхдээ бүх асуудал улсын төсөв хэлэлцэж эхлэх үеэс хурцадсан гэж болно. Шуудхан хэлэхэд, Эрүүл мэндийн салбарт хуваарилагддаг байсан улсын төсөв АН-ынхныг санхүүжүүлж ирснээс тэр. Эмнэлгийн бүх дарга нар, төвийн томоохон эмнэлгийн газар, хэлтсийнхэн бүгд АН-ынхан. Үндсэндээ хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө бус АН-ын төлөө тангараг өргөсөн эмч нар эрүүл мэндийн салбарт ажиллаж ирсэн, одоо ч тийм байгаа нь нууц биш. Улсын төсөв, иргэдийн халааснаас санхүүжсэн эмч нар 100-200 саяын үнэтэй том машин уначихаад ултөржиж яваа нь ч өнөөдөр нууц биш болсон. Нийслэлийн нэгэн томоохон эмнэлэгийн даргын талаар шог яриа байдаг. Ноднин нутгийнхаа наадамд LAND 200 унасан, одоо яаж хуучин машинтайгаа явах вэ дээ, энэ жил машинаа сольж RANGE ROVER-той очихоос гэсэн гэдэг. Гэтэл уг машины зах зээлийн үнэ манайд 150-160 мянган ам.доллар байдаг. Зөвхөн машины үнийг л хэллээ. Үүний цаана эмнэлэгийн дарга, улс төрчдийн халаасанд ямар их хууль бус хаялга байдгийг хэлэх гэсэн санаа. Энэ бол зөвхөн нэг эмнэлэгийн даргын жишээ.
Эрүүл мэндийн салбар дахь эхний зөрчил буюу АН-ын сонирхол төсөв хөрөнгөтэй холбоотой ийнхүү ил гарсан. Хоёр дахь нь эмнэлгийн дарга нарыг сонгон шалгаруулахаас үүдэлтэй. Тэдний гараар төсөв хөрөнгө дамжиж, АН-ын бодлого хэрэгжиж ирсэн учраас тус намын дарга Ерөнхий сайд Н.Алтанхуяг байж ядан эмнэлэг хэсэхэд хүрчээ. Уг нь Засгийн газар болоод гүйцэтгэх засаглалын тэргүүний өмнө хийх ажил их бий. Наад зах нь л гэхэд 2.7 сая хүн амтай манай улсын нэг хүнд 100 мянган төгрөгийн хүүний өр ногдож буй “Чингис бонд” буюу Чингис өр төслийн ажил хоолойд тулгасан хутга аятай байлтай. Ирээдүйдээ тавьсан энэ зээл 1990-ээд онд ардчиллынхан Монгол Улсын бүхий л үл хөдлөх хөрөнгийг Их хувьчлал нэрээр хувааж авснаас ч илүү хор аюулыг дагуулж мэднэ. Өөрөөр хэлбэл, ирээдүйгээ “Их өр”-нд оруулчихгүйн тулд Ерөнхий өнөөдөр богино хугацаанд ашиг олох ямар төсөл, хөтөлбөрт зарцуулах вэ гэдэгт толгойгоо ажиллуулж суух учиртайг олон нийт эргэцүүлж суугаа нь ойлгомжтой.
АН-ынхны жиг жуг гэлцэж буй бас нэг мэдээлэл бол эрүүл мэндийн салбарт хийх сарын аян нэртэй ажлын сценар. Ц.Элбэгдорж, Лу.Болд, Х.Батулга, Н.Алтанхуяг, Г.Батхүү гээд хувьдаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй эрхмүүдийн телевиз, сонин, сайтаар эрүүл мэндийн салбар болохгүй байна, өдөр болгон эмч нарын буруу ажиллагаанаас болж хүн үхэж, хүүхэд осолдож байна гэх хар мэдээний шуургаар үзэгч, уншигчдыг нүд чихгүй балбах гэнэ. Тэр бүхний буруутан Н.Удвал гэж харагдуулахын тулд ‘’цаазын тавцан’’д олс бэлэн болгож, захиалгат нийтлэлчид, камер барьсан телевизийнхнээр түүнийг мөрдүүлж мөшгүүлэх төлөвлөгөө ч аль хэдийнэ хэрэгжиж эхэлжээ. Түүнийг саяхан Женевт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хуралд яваад ирэхэд нь онгоцны буудал дээр Ардчиллынхны эзэнтэй ТВ-үүд Олимпийн аварга тосож байгаа мэт угтаж аваад, юу асуусан гээч, шоронгийн эмнэлэгийн талаар хоргоож, ам шүдийг татжээ. Улс төржиж болдоггүй эмзэг салбарыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлэн ийнхүү турхиран улс төржүүлж байгаад иргэд илт дургүйцэж байгаа. Үнэндээ эрүүл мэндийн салбар болохоо байсныг хүн болгон хэлж, нотолж байгаа. Н.Удвал сайд ч өөрөө гайхаж байгаагаа нуугаагүй. “Найман жилийн өмнө миний ажиллаж байсан салбар намайг эргээд ирэхэд танигдахгүй болтол өөрчлөгджээ. Нэг л их том машин унаж, том ярьсан эмч нар бий болчихож. Хүнд суртал, авлига хээл хахууль, хариуцлагагүй байдалтай би ганцаараа тэмцээд дийлэхгүй. Засгийн газрын шинэчлэлийн бодлогын хамгийн эхний алхам нь эрүүл мэндийн салбарыг өөрийг нь шинэчлэх” хэмээн сайд болоод өгсөн хамгийн анхны ярилцлагадаа тэрээр онцолсон нь хэвлэлийн хуудснаа шарлаж амжаагүй байна. Гэвч өчнөөн жилийн турш багш, инженер зэрэг огт өөр мэргэжилтэй улстөрч эрхмүүдээр удирдуулж ирсэн эрүүл мэндийн салбар зэвэрч дуусаад, хүнийг энэрч эмчлэх үүргээ ч мартаж эхэлсэн. Эхнээсээ тэр нь ил гарч, эмгэнэлтэй явдлууд ч дуу дуугаа авалцан гарч байна. Тэр дотроос хамгийн том эмгэнэл нь Н.Алтанхуягийн Эрүүл мэндийн сайдын дүрд хувилж, иргэдийн эрүүл мэндэд бус намынхаа санхүүжилтэд анхаарч яваа нь илэрхий боллоо.
Н.Удвалыг шахах, зайлуулах АН-ынхны өөр нэг сонирхол нь Ерөнхийлөгчийн сонгууль. МАХН гэдэг нам Н.Энхбаяр, Н.Удвал гэдэг хоёр хөлтэй. МАНАН-гийн нэхсэн торонд Н.Энхбаярыг орооцолдуулах, Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл нийгмээс тасалж, шоронд байлгах сонирхол хэрэгжсэн. Нөхцөл байдал ингэж эргэсэн ч Н.Энхбаяраас дутахгүй аюултай хүн, нэр дэвшээд гараад ирж мэдэх хүчтэй өрсөлдөгч нь яах аргагүй Эрүүл мэндийн сайд Н.Удвал. Иймд нэр хүндийг нь зориуд унагах, тус салбараас шахан зайлуулах далд бодлогоо болхи маягаар хэрэгжүүлж эхэлсэн нь энэ. АН-ынхан “Сумаа тавиад нумаа нууна” гэгчээр бүх асуудлыг Н.Удвалыг Женевт болсон ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөлийн уулзалтад оролцохоор эхлүүлсэн бол өдөр бүр акц зохиож, бүхэл бүтэн нэг сарын турш үргэлжлүүлэхээр цагаан дээр хараар бичжээ. Гол бай нь Н.Удвал. Цаашилбал, энэ салбарт эмч мэргэжилтэй сайд хэрэггүй юм байна, магадгүй багш мэргэжилтэй С.Ламбаа мэтийн АН-ын угшилтай, ядмагхан улстөрч байхад хангалттай гэх хачин дүгнэлт ч гаргах юм бил үү? Ламбаа саяхан та нар Удвалаар миний но-г ухуулах гээ юу гээд л нэг их ундууцаж, тунирхсан гэж байгаа. Монголчууд “Цагаан торгонд ороовч цаад сүүдэр нь хар” гэлцдэг. Цагаан сарыг угтаж цагаан нөмрөг зүүн, улстөрийн хар төлөвлөгөөгөө хэрэгжүүлж яваа Н.Алтанхуяг ба АН-ын эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн энэ төвөргөөн ийм л олон өнгөөр ард түмэнд хүрч байна. Айсуй зовлонгоо л харин алдаж харсан нь тоогүй…
fact.mn
URL: