Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг жагсаавал

897iuiiuiuuiiuiuАвлига, хээл хахууль, мөнгө идэж уусан гэх хэргүүд хүмүүсийг цочоохоо больжээ. Идэж л байдаг, шалгаж л байдаг гэвч шударгаар шийдэгдэхгүй дарагдан алга болдог. Тэрбум тэрбумаар нь идсэн хүмүүс тэнсэн ял авч байхад жирийн иргэд арав, хорин мянган төгрөг хулгайлаад л ял авч, нарсанд ордог. Энэ тэгээд шударга ёс уу? Үүнийг тэгээд юу гэж ойлгох вэ? хэрхэн тайлбарлах вэ? Хуулийн алдаанаас боллоо гээд зүгээр суугаад байх уу? Хууль хүний амьдралыг хамгаалах ёстой болохоос биш хүний эсрэг байж болохгүй. Ийм хууль байвал шууд л өөрчлөх хэрэгтэй. Мөн хуулийг шударгаар хэрэгжүүлэх шударга шүүх байх ёстой. Гэвч энэ бүхэн одоо бидэнд алга. Хэнд найдах вэ?

Сүүлийн үед “хууль бусаар хөрөнгөжсөн” гэсэн нэр томьеог түгээмэл хэрэглэх шинжтэй болжээ. “Хууль бусаар хөрөнгөжсөн” гэдэг маань хөдөлмөрлөлгүй зөвхөн хүмүүсийн бэлэн юмыг хулгай хийж баяжсан гэсэн утгатай. Төрийн мөнгийг идэж уух, бусдыг залилан мэхлэх, авлига хээл хахууль өгөх, тохиролцох зэргийг энэхүү ангилалд багтана. Энэхүү ангиллаар хүмүүсийг шалгаад эхэлвэл юу болох бол?

Зарим нэг нөхдүүд өөрсдийгөө гурван үеийн баян, хур хөрөнгөтэй хэмээн магтан дуулж байна. Үнэндээ социализмын үед хувийн өмч гэж байгаагүй бүгд л адилхан байсан үеийн хүмүүс санаж байгаа. Тэнд эрх чөлөө биш харин тэгш эрх биелээ олж ангигүй нийгэм байгуулах тухай онол үйлчилж байсан. Тэр үед нударган баячуудын хөрөнгийг хурааж бүгдийг нийгэмчилж байсан. Магадгүй төрийн өндөр албан тушаалд байсан дарга, цэрэг бусдаас арай илүү хөрөнгөтэй байсан байх.

Харин 1990 оноос хойш нэг хэсэг нь баяжаад, нөгөө хэсэг нь ядуураад нийгмийг авч явж, тогтвортой байдлыг хангах ёстой дунд давхарга нь нь устан алга болсон. Социализмын их бүтээн байгуулалтыг 1990 оноос 2000 он буюу аравхан жилийн дотор бүгдийг нь устгаж, социализм муухай ардчилал сайхан гэсэн ойлголтыг ард түмний тархинд гүн суулгаж өгсөн. Гэвч хүмүүс социализмыг мартсангүй, тэр үеийн өнөөдөр амьд явна. Социализмаас үлдсэн тэр их баялгийг идэж, уусан хүмүүс бол жинхэнэ “хууль бусаар хөрөнгөжсөн” хүмүүс. Өнөөдөр тэд өөрсдийгөө “үндэстний хөрөнгөтнүүд”, “Монголын авъяаслаг бизнесменүүд” хэмээн өргөмжилж, бусдаар өргөмжлүүлж байна.

Тэд жирийн Монгол хүний хувьд хэзээ ч үнэмшмээргүй, итгэж чадахгүй амьдралаар амьдарч байна. Өөрсдийгөө язгууртнууд, хунтайж нар хэмээн хөөргөн магтацгааж байна. Ард түмэн тэдний хувьд юу ч биш.

Өнөөдөр 1990-ээд оны үеэс өмч хувьчлал нэрээр явагдсан хулгай өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Эцэс сүүлд нь үлдсэн хоёр салбар болох МИАТ болон Төмөр замыг устгах л үлдээд байх шиг байна. Энэ их замбараагүй, эх захгүй идэж уусан байдал өнөөдөр ч үргэлжилсээр л байна. Хуучин идэж уусан хүмүүсийг “зүгээр л ажлаа” өгөөд гарч оронд дараагийн идэж уух хүмүүс орж байна. Энэ тэгээд шинэчлэл үү? Шударга ёсыг тогтоох үйл хэрэг үү? Хууль бусаар хөрөнгөжсөн, хууль бусаар баяжсан хүмүүсийг шалгах юм бол юу болох бол? 1990-ээд оноос хойш төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан бүх хүмүүс мөн банк, компаниудын захирлууд гээд л өнөөдөр “өнгөтэй, өөдтэй” яваа хүмүүс бүгд л хамрагдах байх даа. Үнэндээ үнэнч шударгаар хөдөлмөрлөөд хэдэн тэрбумын хөрөнгөтэй болж чадсан хүн хэд байгаа бол. Энэ бүгдийг шалгаж тогтоовол юу болох бол. Ямар урт жагсаалт үүсэх бол.

Чаддаг нь ид, чадахгүй нь хохь нь гэх хууль үйлчилсээр л байна. Одоо МИАТ-ын хэрэг үнэн шударгаар шийдэгдэх баталгаа байхгүй. Х.Тэмүүжин үнэхээр хэнээс ч айхгүй шударгаар шийдэж чадах уу? Ерөнхий прокурор Д.Дорлигжав үнэхээр шударга хүн мөн үү? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шударга ёсыг тогтооно гэсэн амлалтандаа хүрэх үү?

Улс төрийн ашиг хонжоо хайж, хоорондоо тохиролцон гэмт хэргийг завшихгүй гэх баталгаа байхгүй л байна. Гэвч энэ хэргийн талаар ард түмэнд сайн хүргэж, ил тод болгох хэрэгтэй байна. Тиймээс үүнд сэтгүүчдийн оролцоо их бөгөөд мөн ард иргэд анхаарал болгоомжтой байх нь чухал юм.

 

http://tsagtur.mn/index.php?option=com_content&view=article&id=4073:2013-02-01-09-48-47&catid=34:2009-07-24-14-20-49


URL:

Сэтгэгдэл бичих