ШИЛИЙН САЙН ЭРС МОНГОЛЫН “БРЭНД” ҮҮ
Энгийн паспорттай монгол иргэд зарим улс руу 30 хоногийн дотор визгүй зорчдог болсонтой холбоотойгоор дээрх орнуудыг зорих манай иргэдийн тоо нэмэгдсээр байна. Гэвч “бадарчин явсан газар балагтай” гэгчээр монгол иргэд эдгээр онд очиж монголчуудынхаа нэр хүндийг унагасаар л байна. Гадны оронд очиж хулгайн хэрэг үйлдэх явдал ихээр гарсаар байгаа юм. Хамгийн сүүлд буюу энэ сарын 23-нд гурван Монгол иргэн Тайландын нисэх онгоцны буудлын татваргүй барааны дэлгүүрээс 2500 орчим ам.долларын бараа хулгайлж байгаад баригдаж саатуулагджээ. Дэлхийн өндөр хөгжилтэй аль ч оронд очсон монголчууд бөөнөөрөө, цөөнөөрөө амьдарч байдаг. Гэтэл сүүлийн үед амьдрах биш хулгай хийхээр гадны орныг зорих болжээ. Харь оронд очиж хэрэг төвөгт орооцолддог энэ олон монголчуудыг яана вэ. Тэр тусмаа БНСУ-д ажиллаж амьдардаг монголчууд хэрэг төвөгт орооцолдлоо гэсэн мэдээ байнга чихэнд дуулддаг байсан. Харин одоо шилийн сайн эрсийн дараагийн нүүдэл Тайландыг чиглэжээ.
Тайландад очиж хэрэг төвөгт орооцолдох болжээ. Задарсан хэдэн монголчуудыг заяа нь түшихгүй хулгайн хэрэг нь баригдаж эх орныхоо нүүрийг улалзуулж байна. Манай улсын хэдэн консулын нүүрийг улайлгаж толгойг нь гудайлгаж байгаа энэ балагтай хэдэн монголчууд гадныхны хувьд ч шүдний өвчин шөнийн зүүд болж байна даа. Архи ууна, агсам тавина, хулгай хийнэ, хар тамхи зөөвөрлөнө.
Нүүдэлчин монголчуудын нийтлэг араншин ч гэж гадныхан тайлбарлаж магадгүй. Гэхдээ чадаж байгаа бол тэднийг хэн ч битгий хулгай хий гэж хэлээгүй чадахгүй байж баригдаж эх орныхоо нэр хүндийг битгий унагаасай гэж хүсэх хүн олон байх. Ер нь тэгээд эрт дээр үеэсээ эхлээд дээрэмчин, тонуулчин нэр зүүсэн монголчуудын нэр хүндийг одоо ч гэсэн авч яваа монголчуудад талархаж ч болох юм. Эх орондооv ядарсан амьдарч байхаар харь оронд задарсан амьдрахыг хүссэн хүмүүс хулгай хийж яваа ч байж магад. Тэдэнд буруу өгөхгүйгээр баригдвал “Би монгол биш” гэдэг үгийг гааль дээр нь заагаад өгчихвөл зүгээрсэн. Зорчих гэж байгаа орныг нь харж байгаад дээрх зохицуулалтыг хийчихвэл. Өчиг өгөхдөө угийн сайн монголчууд амархан өөрсдийгөө аваад гарчихна даа. Шилийн сайн эрс Монголын “брэнд” үү.
amur
URL: