Хөдөөжсөн хотыг аврах Э.Бат-үүлийн төлөвлөгөө батлагдлаа

bat-uul1Улсын минь нийслэл Улаанбатар хотод хэзээ­нээс нааш хөдөөнийхөн шавах дуртай байв. Хотын­хон нөгөөдүүлээ гадуурхана гэж жигтэй­хэн. Ямар ч шийдэлгүй явсаар нийслэлд хүн амын бөөгнөрөл нь дэндлээ. Их бөөгнөрлийг дагаад элдэв асуудал гарах болов. Засаг төрийн толгойд гарах гэж санаархах эрхмүүдийн хэлдэг амлалт нь бидний гачигдлыг тоочих явдал болсон. Нийслэлийн иргэдийг бид аятай, таатай нөхцөлд жаргаана ухааны юм ярьж ажил, ам хоёр нь алд, дэлэм зөрсөөр 2012 он шувтрав. Агаар, ус, хөрс­ний бохирдлыг бууруулж хүн бүрийг ажилтай бол­гож, хот, хөдөө, гадаагүй хөгжүүлээд өгнө гэсэн илбэчдийн уран үгэнд орохгүй гэхдээ хотынхон “Хот шиг хотод хүн шиг амьдаръя” уриаг дэмжсэн байх. Үүл баатараар ах­луул­сан хотын шинэ фрак­цийнхан байж байгаад л олны анхаарлыг татсан асуудлыг шийдвэр­лэх болсон. Үүний нэг нь гэр хорооллыг дахин төлөвлөх нүсэр ажил байв. Гэр хорооллын долоон хэсэг газрыг дахин төлөв­лөж орчин үеийн хүмүүс аж төрөх таатай нөхцөл рүү дөхүүлэе гэхэд сайхан дуулдаж байгаа биз дээ. Харин үүнийг эцсийн хувилбараар батлаж ажил хэрэг болгох эрх нь Нийс­лэлийн ИТХ-ынханд бий. Тэд өчигдөр ээлжит долдугаар чуулганаа хийж олон хүний анхаарлыг татаж байгаа ажлын талаар хагас өдөр халуун яриа өрнүүлж  шийдвэрийг нь үзэглэлээ. Эргэлзсэн хийгээд, ойлгоогүй, мэ­дээ­­гүй зүйлээ төлөөлөгчид нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт,  хө­рөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очир­батаас асууж зохих хариулт, тайлбаруудыг дуулж байсан юм.

1998 онд гэхэд л Улаанбаатар хот 76 мянган айл өрхтэй байж. Өнгөр­сөн оны эцсийн дүнгээр 184 мянган өрхтэй болж “тэсэрчээ”. Хүн амын тоо ингэж өсч байхад нийг­мийн хэрэгцээ, шаардлага тэр хэрээр дэврэх нь тодор­хой. Энэ бүх асуудлыг цэгцлэх эхний алхам нь гэр хорооллын айлуудыг орчин үеийн хүмүүс аж төрдөг орчинтой ижил төвшинд биш юм гэхэд дөхүүлсхийж орхих ажил болов. Ганц айл аятайхан амьдрах гэж бөөн юм болдог нийгэмд бид аж төрж байна. Бултаараа сайхан нөхцөлд аж төрөхийн тулд нэлээн их ажил ундрах байх. Санас­наар болдогсон бол ирэх дөрөвдүгээр сарын 20 орчимд иргэдийн дэмжсэн газрыг дахин зохион бай­гуулах ажлыг эхлүүлэхээр боллоо.

Улаанбаатр хотын Засаг даргын мөрийн хө­төл­бөрт иргэдийн амьдрах орчныг сайжруулахаар сэдсэн ажлын урт жаг­саалт харагдсан. Жишээл­бэл, гэр хорооллыг дахин төлөвлөх замаар айл, өрхүү­дийг төвлөрсөн болон бие даасан эрчим хүчний эх үүсвэрт хэсэгч­лэн холбох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэсэн байна лээ. Орон сууцныханд энэ асуудал огт хамаагүй мэт санагдах биз. Хаустай баячуудад ч бүр инээдтэй, тоож сон­сохгүй мэдээ болж мэднэ. Гэхдээ л нэг хотод аж төрж байгаа бол уух ус нь нэг. Амьсгалах агаар нь нэг тул хүссэн ч, эс хүссэн ч хотын­хонд хамаатай асуудал бол гэр хорооллын айлуудын өнөөгийн хүнд нөхцөл.

Улаанбаатар хотын газар нутгийн 78.8 хувь буюу 21 823 га газрыг гэр хороолол эзлэж байгаа. Тийм учраас энэ том асуудалд хотын дарга нар ач холбогдол өгч ажил амралтын өдөргүй зүтгэс­ний хүчинд урь орохоос урьдаж шинэ зохион бай­гуулалтын ажлын шийдвэ­рээ дуу нэгтэйгээр гарга­лаа, тэд. 736 мянган хүний төлөө асуудал энд яригдаж байгаа учраас бодит амьд­ралд нийцсэн, шуурхай, оновчтой ажил хийх шаардлага тулгарч байна.

Энэ засгийн үед иргэ­дийн дуу хоолой хүчтэй гэдгийг тэд мэдрүүлж эхэл­лээ. Тиймээс л иргэдийн оролцоотойгоор газар зохион байгуулалт, төлөв­лөлтийн ажлыг хэрэг­жүүл­нэ. Тэнд амьдарч байгаа иргэдийн тухай асуудал ярьж байхад эзэн нь дөм­бийгөөд сууж таарахгүй. Ямарваа барилга, объект барихдаа тухайн нутаг дэвсгэрийн оршин суугч­дын саналыг заавал авдаг журамд нийслэл шилжиж байна. “Бүгдээрээ хэлэлц­вэл буруугүй”-н жишээ энэ юм. Эл шийдвэр, зорил­тын ачаар “G” хороол­лын­хон гэж шоов­дор­логд­сон хүмүүс хашаа бай­шин­гийн, газрын, өмчийн эзэд гэдгээ мэдэрч  өөртөө их л итгэлтэй болсон харагдана.

Хөдөөжсөн хотоо аврах Э.Бат-Үүл даргын төлөвлөгөөг гэр хорооллын иргэд нэгэн дуугаар дэмж­сэн тул цаашдаа хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах гэх мэтээр хийх ажил их бий.

Улаанбаатар хотын гэр хорооллыхон гэхээр алийн болгон нийгмээс тусгаар­лагдсан бүс байх юм бэ. Ингэж ангилж хандаж болохгүй биз дээ. Та орон сууцны хорооллоор орой­доо явж үзээрэй. Цэлий­сэн гэрэлтэй, гудамж, замаа камераар хянадаг болсон. Харин гэр хороол­лоор шур хийж үзээрэй. Тэнд тас харанхуй, гудамж нь хог үнсэнд дарагдсан. Гэмт хэрэг гардаг, айдас хүрмээр газар болсон. Тэдний орчинд тун удахгүй дэд бүтэц татаж, ногоон байгууламж бүхий амины орон сууцны хороо­лол байгуулна. Ийм болгох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дүүрэг, хороод тус бүрээр бүсчлэн боловс­руулж зургаан жилийн дотор хэрэгжүүлэх юм байна. Гэр хорооллыг амины орон сууцны хороо­лол болгох ажлыг хийс­нээр агаарын бохирдол 30 хувиар буурна гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ.

Зургаан жилийн дотор 42 мянган амины болон нийтийн орон сууц барь­чихвал ч агаарын бохирд­лыг 30 хувиар дарна, 2000 оны төвшинд нь буцаж очино гэх мэтээр янз бзрийн хувилбараар гаргалгаа хийжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих