Н.Удвал сайд аа “ухаан орооч”
Хоригдлуудын цуваа тасрахгүй нь. Нийгэмд хохирол учруулж, эрх чөлөөгөө хасуулсан ялтнууд энгийн нийгэмд, эмнэлэгт бидэнтэй нэг тогооноос хооллох боллоо. Энэ тухай Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарын хамтарсан тушаал өнгөрсөн сарын 15-нд гаргасан билээ. Энэ тушаалыг үзэглэж амжаагүй шахуу байхад Сайд нарын II эмнэлгийг торлож, хагас шорон болгочихлоо. Гэтэл өнөөдөр цонхыг нь торлож, үүдийг нь камержуулах эмнэлэг үүгээр зогсохгүй нэмэгдэх нь. Учир нь хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ч эрүүл мэндийн улмаас эмнэлгийн тусламж авах шаардлагатай ялтнуудыг Н.Энхбаяр “толгойлсноор” түүний нөмөр, нөөлөгт 260 гаруй ялтан багтжээ.
Эрүүл мэндийн хувьд өөр, өөрийн зовиуртай, зүйл бүрийн оноштой байгаа ялтнууд чухам хэзээнээс хотын эмнэлгүүдэд хуваарилагдах бол. Гэсэн ч ямар өвчтэйгөөс нь үл хамаарч Н.Энхбаяр сайд нарын эмнэлэгт, харин бусад нь нэгдсэн болон төрөлжсөн эмнэлгээр “тарах” нь баталгаатай. Нэгэнт л эрх чөлөөтэй амьдрах эрхээ өөрийн гараар нурааж, ялтан гэх пайз зүүгсэд энгийн эмнэлгээр эмчлүүлэх нь зөв үү гэсэн асуулт өөрийн эрхгүй хөвөрнө. Угтаа бол хүмүүнлэг, энэрэнгүй нийгэмд хүний эмчлүүлэх эрхийг хязгаарлах талаар дурьдах эрх надад байхгүй. Гэхдээ энэ асуудлыг иргэд өөр өнцгөөс харж байна. Ингээд ярихаар Н.Удвал сайдын хувийн ашиг, сонирхлын зөрчил сөхөгдөнө. Тодруулбал, Н.Энхбаяр МАХН-ын дарга байх үеэс эхлээд Н.Удвалыг өөрийн гараар бэлтгэсэн. Өдгөө түүнийг сайн “бордож” байснынх нь үр шимээр эмнэлгээр энгийн иргэд биш ялтнууд бэлчих нь. Дээр хэлсэн шиг ялтнууд эрүүл мэндийн хувьд янз бүр. Тухайлбал, долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан Ш.Батсүх чихрийн шижин өвчний улмаас, танхайн хэргээр 3.6 жилийн ял авч, хорих 421 дүгээр ангид ял эдэлж буй Б.Болдбаатар артерийн даралт ихэссэн үндэслэлээр, хулгайн хэргээр арван жилийн ял авч, хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа Д.Мэгзэр нурууны хагалгаанд орсон учраас, хүн амины хэргээр 11 жилийн ял авч, одоо хорих 437 дугаар ангид ял эдэлж байгаа Ш.Дашцэрэнгийн тархины цусан хангамж муудсаны улмаас зэрэг нэг эмнэлэгт харьяалагдахгүй гээд олон онош байна. Сүрьеэ гээд бусад халдварт өвчинтэй хоригдлууд ч бий. Тэгэхээр Сайд нарын II эмнэлгээр зогсохгүй бусад эмнэлгийг ч шоронжуулах нь нүцгэн үнэн болов.
Харин энэ тухай Эмнэлгийн тусламжийн хэсгийн дарга, Я.Амаржаргал өнгөрөгч өдөр мэдээлэл хийсэн. Тэрбээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-аас бидэнд нэн яаралтай эмчлүүлэх шаардлагатай хоригдлуудын нэрсийг гаргаж өгөх хэрэгтэй. Бидний зүгээс мэргэжлийн баг гаргаж тэднийг хэрхэн яаж эмчлэх талаар судалгааг явуулж байна. Мэдээж бүх клиникийн эмнэлгийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулахгүй. Гэхдээ цөөн тооны эмнэлгийг “торлоно”. Одоохондоо цаашид хэрхэх талаар ярилцаж байна” гэв. Эл ярианаас нэг бус нэлээд хэдэн эмнэлэг Н.Удвал сайдын тушаалд дарлуулж шоронжих нь тодорхой болов. Үүнээс үүдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүдийн сэтгэл санаа тогтворгүй болж эхлэх нь дамжиггүй. Тиймээс л эмнэлгийг шоронжуулах бус эмчийг бэлтгэж шоронгийн эмнэлэгт анхаарал хандуулах ёстойг салбар хариуцсан сэтэртнүүд ухаарах хэрэгтэй болжээ. Гэтэл Эрүүл мэндийн сайдын суудлыг Н.Энхбаярт үйлчлэх эмч төдий болгож ойлгосон Н.Удвал энэхүү үүргээ ухамсарлаж чадахгүй явна. Хариуцсан ажилдаа хайнга хандсанаас нь болж хүний амь нас эрсэдсээр байхад үхэхдээ үхэр буугаа тавьж буй мэт эксийг эмчлэх хүсэлдээ мансуурсан салбарын сайд та “ухаан орох” болоогүй юу. Эсвэл энэ олон эсэргүүцэлтэй тулсан ч “тэмээн жин явдагаараа явна, замын нохой хуцаж л байг” гэгчээр намын даргаа нарснаас нар руу илгээчихээд салбараа хаях хэрэг үү.
Б.ШИРНЭН
URL: