“Blue Sky”-ийн Т.Энхболдсодонг атг-т шалгуулъя
“Blue sky”-ийг тойрсон асуудал таавар мэт байна. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт сүндэрлэн, үйл ажиллагаагаа явуулж буй “Blue sky” цамхгийн газрын анхных нь эзэн Б.Эрдэнэбилэг. Тэрбээр эзэмшиж байсан тус газраа МАХН-ын дарга Н.Энхбаярт өгч, оронд нь МИАТ-ийн гүйцэтгэх захирлын суудалд суусан” хэмээн мэдээлж байгаа. Түүнийг “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байхдаа компанийн хөрөнгө мөнгийг Тайванийн банк руу шилжүүлэн мөнгө угаасан хэрэгт холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцноос буухад нь цагдаагийн байгууллагынхан саатуулж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон юм.
Б.ЭРДЭНЭБИЛЭГ “BLUE SKY”-ИЙН ГАЗРЫГ ХЭРХЭН ОЛЖ АВАВ. МӨН Т.ЭНХБОЛДСОДОНД ЯМАР ЗАМААР ИРЭВ
Уг нь Газрын тухай хууль нь өнгөрсөн 2003 онд шинэчлэн найруулагдаж, хотын “А” зэрэглэлийн бүсэд газар олгохдоо дуудлага худалдаа буюу төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр олгож эхэлсэн байгаа юм. Гэвч одоогийн “Blue sky” цамхгийн газар энэхүү хууль шинэчлэн найруулагдахаас өмнө буюу өнгөрсөн 2000 онд “МПХ” компани өөрийн эзэмшил болгон авсан байгаа юм. Ингэхдээ 400 метр.квадрат газрыг авч байсан бөгөөд төд удалгүй энэхүү газар дээрээ нэмж 2200 метр.квадрат газар авсан байна. Тус компани нь анх энэ газрыг авахдаа чухам ямар үйл ажиллагаа явуулах гэж авсан нь тодорхойгүй. Мөн ямар ч тендер сонгон шалгаруулалтгүй авсан байгаа юм. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Б.Эрдэнэбилэгийг “Blue sky”-ийн газрын анхны эзэн хэмээн мэдээлж байсан. Тэгэхээр “МХП” компанийн захирал нь Б.Эрдэнэбилэг байж болох магадлал маш өндөр байгаа юм.
“МПХ” компани нь одоогийн “Blue sky”-ийн газрыг 2000-2002 оны хооронд эзэмшиж байгаад 2002 онд Д.Батхуяг захиралтай “Мон Кос” компанид 2600 м.квадрат газраа шилжүүлсэн. Улмаар “Мон Кос” компани үйлчилгээний зориулалтаар 2006 он хүртэл ашиглаж байгаад 2006 оны долоодугаар сарын 28-ны өдөр Т.Энхболдсодон захиралтай “Чоно” ХХК-нд шилжин очсон байгаа юм. Ингэхдээ 2600 метр.квадрат хэмжээтэй байсан газар 2800 метр.квадрат болон томорсон байна. Үүний дараа 2008 онд мөн Т.Энхболдсодон захиралтай “Blue sky asia” компанийн нэр дээр шилжиж, 2012 онд үйлчилгээний зориулалттай байсан “Blue sky”-ийн газар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ариунаа гэх хүний нэр дээр шилжиж, үйлчилгээ, оффис, зочид буудал, орон сууц гэх мэт зориулалтай болсон байгаа юм.
Т.ЭНХБОЛДСОДОН, Н.ЭНХБАЯР ХОЁР ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ
Б.Эрдэнэбилэг МИАТ-ийн гүйцэтгэх захирлын суудалд суухын тулд өөрийн эзэмшиж байсан газраа Н.Энхбаярт хахууль болгон өгсөн гэсэн мэдээлэл хэрвээ үнэн бол энэхүү газрын эзэн болсон “Чоно” ХХК-ийн Т.Энхболдсодон Н.Энхбаяртай ямар холбоотой нь үнэхээр сонирхол татаж байна. Уг нь тус барилга, газрыг нь Н.Энхбаярынх эсвэл түүний эхнэр О.Цолмонгийнх гэж маш олон хүн ярьдаг. Энэ яриа үнэн ч бай худлаа ч бай ямар ч байсан Н.Энхбаяртай холбоотой нь үнэн бололтой юм. Саяхны нэг өдөр нэгэн хэвлэл дээр ““Blue sky” барилгад 27 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн нууцлаг эрхэм Н.Энхбаярын төрсөн дүү гэж албан ёсоор бүтгэгдсэн байдаг” хэмээсэн. Үнэхээр энэ нь үнэн бол одоогийн эзэн Т.Энхболдсодон нь Н.Энхбаяр болон түүний гэргийн гар хөл болж таарч байна. Тийм байх магадлал ч өндөр байгаа юм. Учир нь өнгөрсөн 2006 онд одоогийн “Blue sky”-ийн газрыг өөрийн нэр дээр эзэмшиж байгаад, гэнэт өнгөрсөн онд компанийнхаа гүйцэтгэх захирал Б.Ариунаа гэх хүний нэр дээр шилжүүлсэн. Тэр үед Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг шалгаж эхэлсэнтэй давхцаж байгаа нь энэ хоёр хүнийг ямар холбоотойг нь харуулж байна. Тэгэхээр “Чоно” ХХК-ийн захирал Т.Энхболдсодонг Авлигатай тэмцэх газар шалгуулъя. Энэ хүнийг ямар зүйл хийж байсныг шалгачихвал бүх хэргийн гогцоо тайлагдах юм шиг санагдаад байх юм.
Т.ЭНХБОЛДСОДОН МОНГОЛЫН ТОЛГОЙ БАЯЧУУДЫН НЭГ
Монголын бизнесийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй “Чоно” ХХК-ийг “White house” зочид буудал, “Стрингс” клубээр нь ихэнх хүмүүс мэднэ. Тээр жил “Мишээл экспо төв” нээгдэж “Таван Эрдэнэ” хэмээх охин компанийг нь мэддэг болсон. “Хөгжил” хотхоныг барьж дөрвийн дөрвөн хүний амийг авч одсон барилгын “Мон элдорадо” ХХК бол бас л “Чоно”-ын Т.Энхболдсодонгийн өмч юм. Мөн “Торго” салон, Маршалын гүүрний баруун талд байдаг гольфийн талбай, “NPDC” гэдэг үл хөдлөх хөрөнгийн компани, “BLC” тээвэр зуучийн компани, өөр юу ч билээ нилээн хэдэн байгууллагатай нэгэн. Тэгэхээр “Чоно” ХХК-ийн Т.Энхболдсодон Монголын толгой баячуудын нэгд яалт ч үгүй орох юм.
Түүний хамгаалдаг “ар тал” эрх мэдлээсээ хагацаж буй энэ цагт түүнийг яаралтай шалгах нь хамгийн зөв алхам болно.
Ж.Баттуул
URL: