“Хулгайчдад 10 мянган бууз захиалья”
Энэ жилийн сар шинийн баяраар бууз хийх сонирхолтой хүн бараг байхгүй болоод байгаа. Учир нь хийсэн хэдхэн буузыг нь урт гартнууд хулгайлаад, зугтаж явахдаа таван давхар байшингаас үсрээд амь үлдээд байгаа юм чинь. Хөл нь ч хугараагүй, яагаа ч үгүй. Ийм төрлийн хулгай байхад бууз хийх сонирхолтой хүн нийслэлд үлдээгүй нь бололтой. Угаасаа хийж гэж бөөн лай. Хийсэн ч хулгайд алдчих юм чинь сар шинийн баяр хийгээд яах юм бэ. Тэгснээс хулгайчдад “10 мянган бууз захиалья” гэвэл амар юм биш үү. Төрөл төрлийн бууз. Янз бүрийн амт. Давстай, давсгүй, өөхтэй өөхгүй гээд хүссэн буузаа хулгайн замаар олж болох боломжтой болоод байна. Үнэхээр азтай гэх үү, авьяастай гэх үү. Таван давхарын тагтан дээрээс айлын бууз хулгайлж байгаад сандарсандаа үсрээд, тэгээд зүгээр амьд үлдээд зугтахыг та юу гэж бодож байна. Миний бодлоор авьяас л даа. Орцныхоо үүдэнд ч юм уу, хаана ч юм “Бууз бөөнөөр нь өндөр үнээр авна” гэсэн зар хадчих юм сан.
Жилийн жилд нь буузны хулгайн талаар хаа нэг газар яриа гарсан байх юм. Цагаан сараар ер нь буузгүй хийвэл яадаг юм. Угаасаа бууз чинь манай улсын үндэсний хоол биш биз дээ. Мөн юм уу. Ямар ч байсан ихэнхи хүмүүс Цагаан сараар хүчээр бууз идэх үнэн утгагүй” мэтээр ярьцгаадаг нь үнэн.
Ер нь бодоод байх нь буузны хулгайч цагдаа нарт баригдлаа гэж төсөөлье. Цагдаа нар нь хулгайчийг байцааж байгаад хохирогчийг олох хэрэг гарна. Тэгээд байцаагч нь буузны эзэн дээр хүрч ирээд “Уучлаарай энэ танай бууз уу. Буузаа хулгайд алдсан уу. Амталгаа хийх шаардлагатай юу” гэх үү. Буузаа алдсан айлын эзэн “Өө, тийм байна. Энэ манай бууз байна. Амт чанар, өнгө үзэмж нь яг мөн байна. Баярлалаа танд” гээд л бөөнөөрөө тойрч суугаад нэг жигнүүр бууз тавьчихвал ч…
Цагаан сараар өөр хоол хийдэг айл ч бараг байхгүй биз дээ. Хэдэн бууз хийгээд хулгайд алдахгүйг хичээж, хамаатан садандаа сар шинээр барих ганц зоог нь болохоор тэр. Буузны төрлийн бизнес эрхэлдэг байгууллагууд эрэлт ихтэй байдаг байх аа. Бодоод байх нь ээ бууз хулгайлчаад өөрсдөө иддэг болов уу. Эсвэл бусдад зардаг юм болов уу. Их л сонирхолтой санагдаад байх юм.
Э.Баясгалан
URL: