ТЕГ-ынхны хэрэгт нэмж олон хүнийг шалгах гэнэ

tatvars-“ЦАГААН ЗАХТНУУД”-ЫН ХЭРЭГ ИЛЭРСЭЭР-

 

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дар­га Ч.Гансүх, Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирд­лага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, татварын байцаагч О.Бямбасүрэн болон Ч.Гансүхийн хүү Г.Ганзул нарыг Авлигатай тэмцэх газраас баривчлан шалгаж байна. Тэднийг бусдаас авлига авсан, мөнгө угаасан, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэдэг шалтгаанаар цагдан хорьж шалгаж эхэлжээ. АТГ-ын олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн П.Билгүүн “Татварын ерөнхий газрын дарга нарын нэр холбогдсон энэ хэргийг өнгөрсөн баасан гарагаас эхлэн шалгаж байгаа учраас одоогийн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Уг хэрэгтэй холбогдуулан зарим албан тушаалтныг нэмж шалгана” гэв.

Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Н.Гансүх нь бай­цаагч н.Бямбасүрэнгийн данс руу 1-2 тэрбум төгрөг төвлөрүүл­сэн, түүнчлэн Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсд­лийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсий дарга Н.Энхбат эхнэр н.Охиноогийнхоо дансанд дөрвөн сая ам.доллар хууль бусаар төвлөрүүлсэн байсныг АТГ-ын ажилт­нууд илрүүлжээ. Гэхдээ хэдий хэмжээний мөнгө шилжүүлснийг нарийн тогтоогоогүй байгаа аж. Ч.Гансүхийг Төв аймгийн цагдан хорих ангид,  Д.Энхбат, О.Бямба­сүрэн, Г.Ганзул нарыг хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм байна.

Өмнө нь Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг арав гаруй аж ахуйн нэгжийн татварын өрийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хөнгөлж барагдуулсан, их хэмжээний НӨАТ-ын падаан хууль бусаар ашигласан хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Улсын төсөвт төвлөрүүлэх ёстой байсан татварыг нуун дарагдуулсан, авлига авсан байж болзошгүй гэх хэрэгт дээрх нэр бүхий хүмүүсээс гадна олон албан тушаалтан холбогдож магадгүй аж.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх нь байцаагч О.Бямбасүрэнтэй дотно харилцаатай байдаг бөгөөд үүнийг нь ТЕГ-ын ажилтнууд ч анддаггүй аж. Тэрбээр албан тушаалаа ашиглан нууц амрагийнхаа дансанд ил далдаар их хэмжээний мөнгө байршуулсан байжээ.

Н.Энхбат өмнө нь Баянгол дүүр­гийн Татварын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд мөн л авлигын хэрэгт холбогдон ажлаасаа халагдсан аж. Харин Ч.Гансүх нь ТЕГ-т 21 жил ажиллаж байгаагаас сүүлийн 12 жилд уг албыг хашиж байсан байна. Иинхүү улсын хөрөнгийг шамшигдуулан хувьдаа завшдаг “цагаан захтнууд”-ын хэрэг шил дараалан илэрч эхэллээ.

Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай ойрын өдрүүдэд гадаа­дад томилолтоор явж байгаа аж

 

Н.Санжаасүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих