“Амьдралд нэг далавчаа алдсан ч би бууж өгөөгүй…”
Амьдрал хатуурхах үедээ дэндүү хатуурхдаг. Харин энэ хатуурхлын өөдөөс зоригтой инээж, хэн болохоо харуулж чадсан нэгэн гайхалтай бүсгүйн түүхийг тантай хуваалцъя.
Нэг удаа найз маань толинд хараад зогсож байгаа муурны дүрсийг надад харуулж билээ. Тэр муур өөрийгөө муур биш арслан болгон харж байгаа нь хачирхалтай санагдаж учрыг асуувал сэтгэлийн хүч гэнэ. Яг үүн шиг хүн ч бас өөрийгөө ямраар төсөөлнө яг л түүгээрээ амьдардаг тухай ярьж байсан юм.
Миний шинэ танилыг А.Пүрэвмаа гэдэг. Тэр багадаа нэлээд махлагдуу, биерхүү охин байж. Түүнийг өндөр, тарган гэж гоочлох хүмүүс нэгээр тогтдоггүй байсан бөгөөд тэр энэ хүмүүст хүндлүүлж, бусдын хайрыг татах замыг сонгохоор шийдэж, маш бага хугацаанд өөрийгөө дайчилж сайхан бие цогцсыг өөртөө бүрдүүлж чадсанаар загварын тайзнаа алхах болов. “Монгол модель” агентлагт орж өөртөө итгэлтэйгээр алхаж эхэлсэн нь олон хүнийг гайхшруулж баярлуулж, атаархуулж, олон ч хүнд итгэл найдвар, үлгэр жишээ нь болж чаджээ. Тэр өөрийгөө толинд хараад тайзан дээр ихэмсэг алхаж байгаагаар төсөөлдөг байсан бол түүндээ сэтгэлийнхээ хүчээр хүрч чадсан. Ийнхүү олон сайхан найз нөхөдтэй, чин сэтгэлээсээ ханддаг, түүнийг хайрладаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж аз жаргалтай охин болж чадсанаараа өөрийгөө ахин шинээр нээсэн гайхалтай охин шиг санагдсан.
Одоо А.Пүрэвмаа 25-хан настай, цэл залуухан бүсгүй. Гэвч 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тэр бусдын буруугаас болж нуруу болон аарцагны ясаа маш хүндээр хугалж гэмтээжээ. Одоо түүний хоёр хөлийнх нь нэг нь шагайнаасаа доош, нөгөө нь өвдөгнөөсөө доош мэдээгүй… Согтуу хүний хар балгаар 4 давхрын тагтнаас унаж тэр оройдоо түргэний машинаар ч биш жижиг тэргэнд яг л мах ачсан мэт байдалтайгаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргэгдэн очжээ. Тэр очихдоо өөрийн ухаангүй байсан ба түүнийг хүргэж очсон хүмүүс амиа хорлох гэж 4 давхраас үсэрсэн хэмээн өвчнийх нь түүхийг нээлгэсэн байв. Тэр шөнөдөө яаралтай хагалгаанд орж маргааш нь эмнэлэгт ухаан ороход нь түүнийг эмч нараас эхлээд хамт нэг тасагт эмчлүүлж байсан хүмүүс халаглан харамсан угтсан гэдэг. “Ийм сайхан охин яагаад амиа хорлох гэдэг билээ” хэмээн халаглацгааж байсныг А.Пүрэвмаа бүдэг бадаг санадаг. Түүнийг анх сэрэхэд найзууд нь хамт байсан бөгөөд ээжийнх нь даралт ихсэх вий гэж болгоомжилсондоо хэлж зүрхлээгүй байсан байна.
А.Пүрэвмаа айлын ганц охин бөгөөд дээрээ ганц ахтай. Тэр гайт өдөр А.Пүрэвмаа 8 дугаар сарын 20-нд арлын Япон улсыг зорих онгоцны билетнээс эхлээд бүхий л бичиг баримтаа бүрдүүлж амжсан байв. Энэ түүний хүсэн хүлээсэн өдөр байж. Гэвч оройны 9 цагийн орчимд согтуу хүний буруугаас тагтнаас унаж ийн хүнд гэмтсэн бөгөөд тэрээр өнөөдрийг хүртэл нийтдээ 7 удаа хүндхэн хагалгааны орон дээр хэвтжээ. Тэр арлын орныг зорьж, ирээдүйд нэртэй загвар өмсөгч болохыг маш их хүсдэг байсан бөгөөд хагалгааны орон дээр наркозтой байхдаа ч “Би загвар өмсөгч шүү, миний гэдсийг гоё оёорой” гэж ахин дахин амандаа бувтнаж байсан гэдэг. Япон явахыг тэгтлээ их хүсч, удаан хүлээсний эцэст тэр өдөр нь дөхөж байхад ийм байдалд орсондоо тэр өнөөдрийг хүртэл өөрийгөө нэг ч удаа буруутгаж байсангүй. Харин ч “Намайг гэмтэх үеэр Японд газар хөдлөлт болж, цунами болж байсан болохоор магадгүй би тэнд очоод яах ч байсан билээ, энд ингээд амьд байгаа нь азтай хэрэг юм” хэмээн өөрийгөө тайвшруулна.
Эхний долоон сарын хугацаа түүний хувьд байнгын өвдөлт, сэтгэлийн зовлон байсан ч тэр бүтэн жил гаруйн хугацаанд энэ олон хагалгаа, өвчин зовиур, сэтгэлийн шаналгаагаа давж гарахын тулд өдөр бүр өөртэйгөө тэмцжээ. Уйгагүй дасгал хийсний хүчинд суга таягтай ойр зуур алхах боллоо. Гэхдээ л ийм хүнд хагалгааны дараа хоёр хөл нь мэдээ ороогүй хэвээр л байгаа юм билээ. Мөн аарцагны ясны олон хагалгааны дараа түүний нэг хөл нь нөгөө хөлнөөсөө арай богино болж үлдсэн байна. Эмч нарын хувьд хөл дээрээ босох найдваргүй хэмээж байсан бол одоо түүгээр бахархаж байгаа аж.
Ингэж олон удаа хагалгаанд ороход түүнийг унагаасан буруутан гэх хүн нэг удаагийнх нь зардлыг л даасан байна. “Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа мөн санаачлага гаргаж, загвар өмсөгч найз нар нь нэг удаагийн хагалгааных нь төлбөрийг дааж гаргасан байна. Зовох үед нөхрийн чанар танигддаг гэдэг. Одоо түүнийг гэх олон найзаас нь цөөн хэд нь тунаж үлджээ. “Бүгд л өөр өөрийн гэсэн ажилтай хүмүүс болохоор тэр бүр намайг гээд байж чаддаггүй байх л даа” гээд даруухан инээх энэ охины амнаас ухаарал, тэвчээр л гарах юм. Тэр олон хүнд гай болж, ачаа болж амьдрахыг хүсдэггүй гэсэн. Тиймдээ ч өнөөдөр өөрийн гэсэн зорилгоо өмнөө тавиад хөл дээрээ зогсохын төлөө хичээж яваа байх.
А.Пүрэвмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил төв” ТББ-ын ажилтан болжээ. “Би анх эмнэлэгт байхдаа хааяа өөртөө гутардаг, энэ бүхэнд шантардаг байсан. Хааяа их өөдрөг болчихсон заавал хөл дээрээ босно гээд л, хааяа уйтгарлаад, уйлаад өөртөө гомддог байсан. Би “Түгээмэл хөгжил ” ТББ-д ирээд надтай адилхан, надаас ч хүнд хэцүү олон хүнтэй найз нөхөд болсон. Гутарч гуниглах биш харин ч маш олон сайхан боломжууд байгааг олж харсан” гэсэн. Энэ байгууллага олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг болохоор япон хэлийг маш сайн эзэмшсэн түүний хувьд маш олон шинэ гарц байгааг ч тэр ойлгосон хэмээн ярьж байсан юм. Түүнтэй ярилцаж байхад түүний гал цог, итгэл, тэмүүлэл зэрэг нь үнэхээр бахархмаар байлаа.
Түүний нуруунд суулгасан төмрийн дээд боолт нь суларсан учраас одоо 8 дахь хагалгаандаа орж төмрөө авахуулах гэж байгаа юм байна. Олон удаа хагалгаанд ороод байхаар өөрөө их халшраад байдаг болчихдог юм байна гэж тэр ярьж байсан. Энэ үгийг хэлэхдээ түүний гар чичирч, уруул нь өмөлзөж байхыг ажиглавал түүний хувьд энэ олон хагалгаа ямар хүнд хэцүү байсан нь шууд л зүрхэнд мэдрэгдэнэ. А.Пүрэвмаа одоо ч гэсэн өвчнөө байнга өвчин намдаах, нойрны болон тайвшруулах эм зэргээр л “аргацаадаг” гэсэн. Солонгос явж хагалгаанд орох талаар судалж байгаагаа ч хэлсэн. Солонгос улсад иймэрхүү төрлийн хагалгааг сайн хийдэг бөгөөд тийшээ явж хагалгаанд орвол хөл дээрээ бат зогсож чадна гэсэн итгэлтэй байгаа юм билээ.
Түүнд энэ нэг жилийн хугацаа ихийг ойлгуулжээ. Тэр өмнө нь ээжийгээ өтөлж байгааг тэр бүр анзаардаггүй, найз нөхдөөр хүрээлүүлсэн нэгэн байсан бол яг амьдралын жинхэнэ найзуудыгаа олж харж, өвчтэй хүний гаргадаг уур уцаар, тайвшрал гээд олон зүйлийг ойлгожээ. Бас түүний хувьд хамгийн том зүйл нь гэвэл Монголын нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй байх нь ямар хэцүү болохыг, эдгээр хүмүүст юу дутагдаж, юугаар туслах ёстойг ойлгосон гэсэн. Хүний зовлонг хүн туулаагүй л бол ойлгодоггүй гэдэг. Тэр өмнө нь эрүүл саруул байхдаа эдгээр хүмүүсийн талаар тэгтлээ их боддоггүй байсан болохоор тэргэнцэр дээр суугаад явахад хүмүүс өрөвдсөн, аль эсвэл харамссан, сэжиглэсэн байдлаар харж, хандахад түүнд их хэцүү байдаг байсан гэнэ. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй байх нь маш хэцүү бөгөөд нийгэмд өөрсдийг нь ойлгохгүй, нэг бол хэтэрхий их өрөвдөх, нэг бол хийе бүтээе гэсэн эрмэлзэл, хүсэл мөрөөдлийг нь ойлгохгүй байгаа нь харамсалтай байна гэж тэр ярьсан. Тэр “Түгээмэл хөгжил” ТББ-ын ажилтнуудын дэмжлэгтэйгээр Япон улсад очиж ажиллах хамгийн их найдвар төрүүлж байгаа нэг нь болсон бөгөөд хэдийгээр эдгэрч хоёр хөл дээрээ зогссон ч энэхүү төвийн үйл ажиллагааг орхихгүй хэмээн бардам хэлж байсан.
Энэ бүх хугацааны туршид түүнийг унагаасан гэх хүмүүсийн хэргийг өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй л байна. Пүрэвмаа “Энэ хэргийг шийдэх гэдэг нь надад мөнгө төлөөд, хагалгаанд оруулаад өг гэж хүсээд байгаа юм биш. Тэр хүмүүс надаас болон өндөр настай ээжээс минь уучлалт хүсээсэй, нэрийг минь цэвэрлэж өгөөсэй л гэж хүсч байна” гэсэн. Яагаад гэвэл тэр өнөөдрийг хүртэл амьдрахдаа хэзээ ч амьдралдаа сэтгэл гонсгор явж итгэлээ алдаж байгаагүй. Түүнд маш их хүсэл тэмүүлэл байсан бөгөөд нэг л өдөр амьдрал түүнд хатуурхаж даль жигүүрийг нь хугалж орхисон. Гэхдээ тэр жигүүрээ тасдуулаад түүнийгээ чирэн амьдралын урсгалаар урссангүй. Жигүүрээ ахин дэвж урьд урьдынхаасаа ч илүү хүчтэй, эрчтэйгээр дүүлэн нисэхийг хүсчээ.
Эрүүл хүн өдөрт шатаар өгсөж уруудах тийм ч амар, хүсээд байх зүйл биш. Харин А.Пүрэвмаа эргэн хөл дээрээ босохын тулд энэхүү дасгалыг өдөрт хэд хэд давтан хийдэг. “Би бууж өгөөгүй ээ, заавал босох ёстой, өөрийнхөө төлөө энэ бүхнийг хийх ёстой” гэж өөрийгөө зоригжуулж, өөрөө өөртэйгөө өдөр бүр ярилцаж, өөрөө өөртэйгөө тэмцэж, ялан дийлж өнөөдрийг хүрчээ. Тэр өөрийгөө олон хүмүүсийн итгэл найдвар болж чадна, олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрийнхөө амьдралаар хэрхэн босч чадахыг харуулна хэмээн итгэж, догдолж чин сэтгэлээсээ бидэнтэй ярьж байсан юм.
“Чиний тухай уншаад туслая гэсэн хүмүүс гарч ирж болох юм. Тэдгээр хүмүүс чамд хэрхэн туслаасай гэж хүсч байна?” гэж асуухад минь “Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүнлэг ханддаг байгаасай, дэмждэг байгаасай. Миний хувьд хөрөнгө мөнгө, эмнэлгийн боломж нь таарвал гадаад руу явж хагалгаанд орохыг маш их хүсч байна” гэсэн юм. Тэр үнэхээр өөдрөг нэгэн юм. Гар хөл, аарцаг, нуруу гээд бүхий л зүйлдээ хадаас, төмөр, хиймэл эд хийлгэсэн ч гэлээ одоо тэр гипстэй хэвтдэг үеэ бодвол би ойр зуур босдог болсон гээд өнөөх л дулаахан, итгэл дүүрэн харцаар харж инээх нь хүн хүнээс илүү сэтгэлийн хаттай нэгэн гэдгээ харуулж байлаа.
Найз нөхөд маань үргэлж надтай хамт байдаггүй ч сэтгэл зүрхээрээ тусалж, 60 гарсан ээжээрээ асруулж байгаа ч гэсэн би удахгүй босно, өөр шигээ олон хүмүүсийн төлөө маш их зүйлийг хийж бүтээх болно гээд л ярих түүний хувьд өөрийг нь ийм болгосон гэж хэлж болохоор хүмүүст гомдож, өширхөхгүй байгаад нь хааяадаа гайхмаар ч юм шиг санагдаж байлаа. Өөрийнхөө буруугаас болоод унаад гэмтчихээгүй, өрөөлийн санамсаргүй болгоомжгүй үйлдлээс болоод эмнэлгийн тааз ширтэн өнгөрөөсөн өдөр бүрийнх нь төлөө түүний өмнөө харамсмаар санагдана.
“Хагалгаанд орно, наркозоо гаргана гэхээс айж хааяа эмч нараасаа өрөөнд минь наркоз хийгээд хагалгааны өрөө лүү аваад орчихож болдоггүй юм уу гэж асуумаар санагдаж, халширдаг ч би энэ хагалгааны дараа эрүүл болно гэдэг бодол тээгээд тэсээд гардаг. Хэрвээ энэ хагалгааны дараа ухаан орохгүй бол яах билээ гэж бодох ч тохиолдол гардаг” гэж тэр ярьж байсан. Түүнтэй энэ бүхнийг ярилцаад сууж байхад түүнээс харууссан, өөрийгөө голсон нэг ч үг унаагүйд нь талархмаар санагдсан. Өөрийнхөө цахим хуудасны хаягийг өгөөд, би өмнө нь ингээд л зургаа авахуулаад сэтгүүл дээр гардаг байлаа гээд л өөдрөгөөр ярих түүнд сэтгэлийн тэнхээ харамгүй заяажээ.
Би А.Пүрэвмаатай ярилцаж дуусаад оройжин түүний гал цогтой байдал, эрч хүч, итгэл найдварын тухай бодов. Хоёр гар, хоёр хөл гээд бүрэн бүтэн эцэг эхээс төрсөн биеэ өнөөгийн зарим залуус маань хайрладаг билүү дээ. Гэртээ харьж компьютерээ асаагаад түүний цахим хуудсаар ахин зочиллоо. “Өнөөдөр UPTOWN сэтгүүлд ярилцлага өгөөд ирлээ… Удахгүй та хэд маань миний дотоод сэтгэл, үзсэн зовлон, хийх гэж зорьж буй ажлын маань талаар уншаарай. Би бас гайхалтай зурагнууд авахуулах гэж байна. Энэ бол миний эргэн ирж буй үе юм… Олон хүнд урам, эрч хүч, үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна. Энэ бол миний үзсэн амьдрал, зовлон… Зовлон дундаас гарч чадлаа би…” гэж бичжээ. Тийм ээ, тэр энэ бүхний ард гарч чаджээ. Одоо харин түүнд өөрийнхөө гэрэлтсэн ирээдүй рүү хараад инээмсэглэх л үлдэж.
Б.Одсүрэн
Эх сурвалж: Uptown
URL: http://www.fact.mn/92160.html