Кино хаачив?

Би киноны мэргэжлийн хүн биш. Гэхдээ сайхан кино үзэх дуртай мянга мянган үзэгчдийн нэг. Кино урлаг бол сэтгэл ариусгаж, бодол тунгаах гайхалтай бүтээл гэж боддог. Сайн кино үзэх нь сэтгэлийн таашаал авч, урлагийн сайхнаар цэнгэх юугаар ч орлуулшгүй эрдэнэ гэдгийг бусдын адил ойлгосоор явна. Тиймээс Монголынхоо кино урлагийн төлөө байнга санаа зовж явдгаа нуух юун.

Тэртээ 1930-аад оны эхээр дөнгөж хөл дээрээ өндийн боссон шинэ тулгар Монгол Улсад кино урлагийг хөгжүүлэх асуудал зайлшгүй тулгарч Зөвлөлт улсаас цөөн мэргэжилтэн урьсан нь манай соёл урлагт нэгэн цоо шинэ төрөл бий болохын эх үндэс болсныг бид сайн мэднэ. Техник технологийн шинэ дэвшлээр үүссэн энэ аугаа урлагийн зах зухад угийн сэргэлэн цовоо монгол залуус тэр дороо л шаламгай суралцаж, 1936 он гэхэд Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагаж монголчууд өөрсдөө кино хийж эхэлсэн байдаг.

 

Тэд “Монгол хүү”, “Хил дээр”, “Морин цэрэг ба танкист”, арай хожуухан “Сүхбаатар”, “Цогт тайж” зэрэг шинэ бүтээл туурвиж, Монголын киноны түүх бичигджээ. Энэ завсар ээдрээ нугачаат 1930-1940-өөд оны явдлыг баримт болгон кино мэдээ, баримтат киноны зураг авсан нь өнөөдөр юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ болон хадгалагдсан байна.

1950-аад оны дундуур авьяаслаг монгол залуус Зөвлөлт оронд киноны дээд сургуульд суралцан төгссөнөөр манай улс кино урлагийн мэргэжилтэй боловсон хүчинтэй болж, уран бүтээлийн чанар чансаа үлэмж дээшилсэн гэдэг. “Сэрэлт”, “Ардын элч”, “Улаанбаатарт байгаа миний аавд”, “Хүний мөр”, “Түмний нэг” зэрэг киног нь Монголын мэргэжлийн уран бүтээлчдийн шилдэг бүтээл болжээ.

 

Үүнтэй маргах хүн үгүй биз. 1990-ээд оныг хүртэл Монголын киног дэлхийн аль ч улс оронд үзүүлэхэд нүүр улайхгүйгээр үл барам, харин ч бахдаж шагшмаар төвшинд хүрсэн. Монголын кино дэлхийн хэмжээний олон кино наадмуудаас нэр хүндтэй шагналуудыг хүртэж байлаа.

1990-ээд оноос хойш юу болов

Зах зээлд шилжих жилүүдэд алс холч бодлого дутсанаас олон сайхан юм хайран яйран болсонд кино урлаг зүй ёсоор орох болов уу гэж лавтайяа бодогдоно. Өнгөрсөн хорин жилд манай улс кино урлагаа үнэндээ бүхэлд нь тавиад туучихжээ гэхэд хилсдэхгүй. Наад зах нь мэргэжилтэй боловсон хүчнээ чөлөөт уран бүтээлч гээд гудамжинд гаргав.

 

Тэдний оронд зурагтын дэлгэцээр хөлөө ачиж суусан найруулагч, гадаадын киног мэдэмхийрч ярьсан залуус үзэгддэг болсон. Зах зээл жамаараа явж байгаа болохоор өрсөлдөөнд ялсан нь сайн кино юм гэж тэд ярьдаг. Зах зээл хөлөө олж байгаа нь тэр юм уу, өдөр өнжилгүй кино төрөх болжээ. “Кино” хэмээхээ жигтэйхэн сүр дуулиантай нээж, реклам, шоу тоглолт хийх юм.

 

Жилд 30-40 кино гарсан, залуучууд өндийж эхэллээ л гэцгээнэ. Гэтэл сэтгэлд хүрсэн бүтээл байна уу. Хуучны “аваргуудтай” зүйрлэх ч юм биш. Киног олон авьяастан нийлж бүтээдэг хамтын урлаг гэж би ойлгодог. Өнгөрснийг нэхэн санавал кинонд урлагийн чиглэлийн мэргэжлийн чадалтай уран бүтээлчид хамтран ажиллаж байжээ. “Сэрэлт”, болон “Түмний нэг”,”Хүний мөр”-ийн зохиогч, төрийн шагналт зохиолч Л.Ванган, “Ардын элч”-ийг мөн төрийн соёрхолт зохиолч Ч.Ойдов, “Тунгалаг Тамир”-ыг Зууны манлай зохиолч Ч.Лодойдамба, “Тань руу нүүж явна” киног авьяаслаг зохиолч С.Оюун, “Анхны алхам”-ыг Ч.Гомбо гээд нэрлэвэл аргагүй л чадалтай зохиолчид киноны зохиолыг бичсэн аж. Бас “Өндөр ээж” киног Сормууниршийн Дашдооров бичжээ.

 

Cop болсон эдгээр киног Д.Жигжид, Б.Чимэд-Осор, Р.Доржпалам, Д.Жигжидсүрэн, Ж.Бунтар, Б.Балжинням, Б.Сумхүү гээд үе үед бахархал болсон уран бүтээлчид найруулж, тэд хамтраад урлагийн урдаа барих бүтээлүүдийг хийж чадсан байна. Монголын кино урлаг “нурсан” нэг гол шалтгаан нь чухамхүү киног мэргэжлийн хүмүүсийн оролцоогүй хийх болсноор илэрч байна. Киноны хөгжмийг 1990-ээд оноос өмнө Э.Чойдог, Л.Мөрдорж, З.Хангал, Б.Дамдинсүрэн, Ц.Намсрайжав гээд мундагчуул бүтээж, зураг тайзыг П.Цогзол, Н.Мягмар нар босгож байв.

 

Гэтэл сүүлийн хэдэн жилд төрийн соёрхолт Б.Шарав, төрийн хошой шагналт Н.Жамцанноров нар хэд гурван кинонд хөгжим бичсэн нь сартай шөнөөр нар гийх шиг санагдсаныг нуух юун. Зохиолчдын хувьд бүр хэлэх сайн үг ч олддоггүй. Найруулагч нэртэй сөөвгөр банди өөрсдөө бичиж өөрсдөө найруулах юм. Хошин шогийн бүх продакшнууд кино хийлээ.Тайзан дээр тоглосноо дэлгэцэнд авч гарлаа.

 

Амьдралын ээдрээ, хүний сэтгэлийн нарийн нандин бүхнийг үнэндээ зохиолчид л илүү бичдэг. Гадаадын орнуудад бүтээж байгаа ихэнх кинонууд гол төлөв чадалтай сайн зохиолчдын бичсэн роман туужид тулгуурлах нь олонтаа. Ер нь зохиол сайн бол кино сайн болдог гэж мэргэжлийн хүмүүс ярих юм билээ. Жинхэнэ кино урлагт зохиол, найруулга, хөгжим, дуу чимээ, тайз засал, зураг чимэглэл, хувцас хунар, эд хэрэглэгдэхүүн бүгд дээд төвшинд яригдана. Тэгээд ч мэргэжлийн өндөр чадвартай хүмүүсийн хамтын хөдөлмөр ордог бололтой юм.

 

Манай залуусын бүтээж байгаа ихэнх киноны зургийг айлын гэрт авсан харагддаг. Павильон, тайз энэ тэр бол бүр мартагдсан хэрэг. Кино урлагийг хөгжүүлэх, төрийн бодлого дутаж, хар зах зээлээр зохицуулагддаг кино тиймэрхүү болдог бололтой. Уг нь манайх “Монгол кино нэгтгэл” гэдэг сайхан газартай л даа. Тэнд бүх юм бий. Үүнийг гэр, павильоноо больё гэхэд хаана ч байхгүй, юутай ч зүйрлэхийн аргагүй уул ус, гол мөрөн тансаг сайхан байгаль Монголд минь бий шүү дээ.

 

Кино урлагийн дотор нэг чухал төрөл бий. Энэ бол баримтат кино. Монгол кино үүсч хөгжсөн тэр цагаас эхэлж манай улсын хөгжиж дэвшсэн бүхий л ололт амжилт алдаа дутагдал, бас түүхэн тэмдэглэлт үйл явдлыг бүгдийг нь кино хальсанд дурайтал буулгаж үлдсэн байгаа. Цаг үе улиран өнгөрөх тусам тэр баримт үнэд орно. Хөдөөгийн малчны ардын ухаан, мал маллах арга туршлага, монгол ёс заншил, ахуй амьдралын эгэл жирийнээс нь бүтээлчээр тунгааж шүүсэн баримтат кино зэргийг үзэхэд үнэхээр сайхан.

 

“Жаахан шаргын нутгаар”, “Түмэн эх”, “Тэмээгүй тэмээчин”, “Ая ээж”, “Ардын засгийн арван аварга”, “Монгол цам”, ховордсон ан амьтдын тухай төрийн соёрхолт О.Уртнасан гуай сэтгэлд хоногшсон олон сайхан кино бий. Одоо бол баримтат кино бараг үгүй болж. Түүний орон зайг пүүс компани, нам улс төрийн хүчнүүдийг магтан дуулсан “захиалгат” бүтээл эзлэх болов.

 

Улсын бодлого алга болохоор хэн мөнгө сарвайна, түүнд бөхийдөг бололтой. Хааяа нэг кино сонирхогч залуустай уулзаж сайн гэх бүтээл гарахгүй байгаагийн учрыг лавлахад тэд түмэн зовлон тоочдог. Зовж зовж нэг кино бүтээхэд кинотеатр нийт орлогынх нь тал хувийг авдаг гэнэ. Эндээс дараагийн кино эхлүүлэх хүсэл зориг нь мохдог гэнэ. Зардлаа нөхөхийн тулд “юуны ч тухай хамаагүй” кино хийхээс яахав гэж халаглацгаадаг.

 

Улс байхын учир гэж бий. Өнгөрсөн хэдэн жил үндэсний баяр наадам, тэмдэглэлт өдрөөр нөгөө л үзүүлдэг “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, хожим “Үхэж үл болно” киног телевиз бүрээр элэгдтэл нь эргэлдүүлэв. Монголын минь мандан бадарсан, мөхөж сөхөрсөн, сэрж боссон түүх гэвэл дан ганц Их эзэн Чингис хаан биш, ариун дагшин газар шороо уул нутгийнхаа төлөө үе үеийнхний эрэлхэг хөвгүүдийн тэмцэл юм.

 

Энэ тухай дорвитой, далайцтай кино бүтээл туурвиж залуу үеийнхэнд эх оронч хүмүүжлийн эх суурийг баттай суулгах нь төрийн бодлогын асуудал биз ээ. Ажил албаны шугамаар би гадаадын хүмүүстэй бишгүй л уулздаг. Тэд Монголын соёл урлагийг ихэд шимтэн сонирхдог юм билээ. Нэг удаа нэлээд шооч нөхөр маань таньдаг монгол залуустайгаа монгол киноны нээлтэд очиж гэнэ. Дараа нь:

-Би уг нь яг л монгол кино үзмээр байсан юм. Манай америк киног дуурайсан нэг л тиймэрхүү юм үзлээ гэж билээ. Энэ бол нэг зүйлийг хэлээд л байгаа хэрэг. Оны өмнөхөн Францын алдарт кино найруулагч. Оскарын гурван удаагийн шагналт Жан Жак Амамыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзжээ. Жан Жак Аман Монголын алтан фондын киног Франц улсад сэргээж байгааг дурьдаж “Дэлхий дахинд их түүхээрээ гайхагддаг Монголын занзаншил, нүүдлийн соёл иргэншилтэй танилцаж, улмаар кино бүтээх талаар судлах нь миний гол зорилго” гэсэн байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хааны тухай олон сайхан кино бүтээл бий, Монголын тухай хийвэл өөр сонирхолтой сэдвээр бүтээвэл илүү байх болов уу” гэж онцлон хэлсэн тухай уншаад Төрийн тэргүүн кино урлагт анхаарлаа хандуулсан нь цагаа олсон хэрэг болжээ гэж олзуурхав. Бас бид соёл урлаг хариуцсан яамтай болсон. Харин төрийн бодлогын үүднээс олон чухал юмнаас кино урлагаа онцолж нэг харвал оюуны шахвхагдашгүй өгөөмөр баялагтай манай монгол түмэнд дэлгэцийн урлагаар дамжуулж дэлхийд хэлэх юм өчнөөн бий. Эцэст дүгнэхэд Монгол Улс киноны тухай дорвитой хуультай болмоор юм даа

Хишигтэн овогт Дамдиндоржийн Баасандорж


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих