“Элчин болохын тулд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй”

zumbeУИХ-аас Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамыг чөлөөлөх үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд АН-ынханд хандан “Хүнийг ажил хийх боломжгүй болтол нь шахаж байгаад сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргуулж байна. Д.Зүмбэрэллхам ямар төрийн албанд ажиллах боломжгүй, тэтгэврийн насанд хүрчихсэн юм уу” гэх үгийг дайж байлаа. Үүний дараахан Д.Зүмбэрэллхам Элчин сайдаар томилогдох нь гэх яриа гарч хэвлэлүүд энэ талаар цацаад эхэлсэн. Харин өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг томилох, чөлөөлөх асуудал хэлэлцэхэд дээрх яриа батлагдаж, Төрийн албаны зөвлөлийн дарга асан Д.Зүмбэрэллхамыг Монгол Улсаас Чех улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилуулах хүсэлтийг Ерөнхийлөгчөөс тавьсныг байнгын хорооны гишүүд дэмжин, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм. Иймд бид Элчин сайдад нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамаас дараах асуултад хариулт авлаа.

-Таныг Төрийн албаны зөвлөлийн даргын албан тушаалаа Элчин сайдын суудлаар сольсон гэх яриа гарч байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Элчин сайдаар томилогдоно гэж анхнаасаа тохироогүй, тэр тусмаа энэ албанд томилогдохын тулд Төрийн албаны зөвлөлийн даргаас сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлт ч гаргасан юм биш. Анхнаасаа би албан тушаалаа хүлээлгэн өгсөн шалтгаанаа тайлбарлаж байсан. Төрийн албаны шинэтгэлийн асуудал дээр би өөрийн гэсэн байр суурь баримталдаг. Төрийн алба цаашид үзэл баримтлалынхаа хувьд өөрчлөгдөх төлөвтэй байна. Төрийн албаны зөвлөлийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Төрийн албаны шинэтгэлийн талаар эрдэм шинжилгээний хүрээнд ажиллах хүсэлтэй байна гэдгээ би тухайн үед илэрхийлж байсан. Цаашид энэ бодлогынхоо дагуу ч ажиллана. Би өөрөө хуульч, эрдэмтэн хүн. Эрдэм шинжилгээний хүрээнд Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хууль тогтоомжид анхаарал хандуулан ажиллаж байсан. Төрийн албаны шинэтгэлийг цаашид гүнзгийрүүлэхийн тулд судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байгаа. Энэ чиглэлээрээ судалгааны материалууд цуглуулж ч эхэлсэн. Харин энэ үед Төв Европын оронд Элчин сайдаар томилогдох боломж олдсон нь ардчилалд шилжсэн улсууд төрийн албаны шинэтгэлийг яаж хийсэн юм бэ гэдгийг практик дээр үзэж , туршлага судлах боломж олдлоо гэж бодож байгаа.

-Элчин сайдаар томилогдсон нөхцөлд  Монгол, Чехийн харилцааг харилцааг сайжруулах тал дээр ямар ажил хийх вэ?

-Чех бол Монгол Улстай уламжлалт харилцаатай орон. “Эрдэнэт” үйлдвэрийн уулын баялагыг нээх, уул уурхайн хайгуул ажил хийхэд Чех улсын мэргэжилтнүүд гол үүрэг гүйцэтгэдэг байсан. Арьс ширний үйлдвэрлэлээс эхлээд  үйлдвэрлэл бүтээн байгуулалтын ажилд чехүүд түлхүү оролцож байсан түүхтэй. Мөн Элчин сайдаар ажиллаж байсан хүмүүсийн хүчин чармайлтаар сүүлийн 10 жилд Чехтэй харилцах харилцаанд дэвшил гарсан.  Тиймээс үүнийг үргэлжлүүлээд уламжлалт хамтын ажиллагааг сэргээж иэдвхжүүлэх нь чухал юм байна гэсэн бодолтой байгаа.

Л.Чулуун

Эх сурвалж: new.mn


URL:

Сэтгэгдэл бичих