Ардчиллынхан “Нэг ардчилал”-ынханд атаархах болжээ

ardchilalУлс төрд 70-аад оныхны эрин үе эхэлж байна. Ардын намын залуус намаа шинэчлэх үйлсэд хүч нэгдэн орж, намынхаа удирдлагуудыг огцруулах шаардлага тавих эхлэлийг тавьж байна. Гэхдээ тэдний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ бүхний нүдэнд ил байгаа. Арга ч үгүй биз. Ардын нам өнөөдөр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, залуус нь байтугай хууччууд нь лааз өшиглөх бодит аюул нүүрлээд буй.

Харин Ардчилсан намын залуусын хувьд байдал арай өөрөөр өрнөж эхэллээ. Засгийн эрх барьж байгаа нам гэдэг утгаараа Ардчилсан намын удирдлагууд фракци болгоныхоо төлөөллийг ажилтай, орлоготой болгох аяныг өрнүүлсэн гэхэд болно. Нөгөөтэйгүүр, намынхаа бодлогыг хөрсөн дээр буулгахад гар нийлэх хүмүүс хэрэгтэй байсан гэдэг нь ч ойлгомжтой. Тэгвэл санаснаа гүйцэлдүүлсэн Ардчилсан нам дахь фракциудын үйл ажиллагаа идэвжүүлж эхэллээ. Удахгүй болох Үндэсний зөвлөлдөх хорооныхоо 42 дугаар хурлын өмнө тус намын фракциуд дотоод дахь асуудлаа шийдэх үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох болсон гэнэ.

Энэхүү ажлыг “Нэг ардчилал” фракцынхан манлайлж байна. Тэд саяхан фракцийнхаа хурлыг хийж даргаа шинэчилжээ. УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны  сайд Л.Гантөмөр өөрийн хүсэлтээр фракцийн даргын ажлаа хүлээлгэж өгсөн тул Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамирыг “Нэг ардчилал” фракцийн даргаар сонгосон байна. Тус фракцийнхан УИХ-ын 2012 оны сонгуулийн дараахан томилгооны талаар ямар байр суурь баримталж байгаагаа илэрхийлсэн захидлыг намын дарга Н.Алтанхуягтаа илгээж, өөрсдийн орон зайг бусад фракцийнхандаа мэдрүүлээд амжсан.

Тус фракцийн нэрийн хуудас болсон хүн бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гэж хэлж болно. Тэрбээр сүүлийн үед хүний өөрийнгүй гэлтгүй намуудын бохир улстөрчдийг түргэн авахуулах болсноос болж бусад намын залуус ч тус фракцийнхнийг хүндлэх болсон яриа байгаа. “Нэг ардчилал”-ынхан клубын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байхдаа ч хүчтэй байсан. Гэхдээ клубээ фракци болгож өргөжүүлсэн нь тэдний хамгийн зөв санаануудын нэг байсан юм. УИХ-ын сонгуулийн өмнөхөн УИХ-ын гишүүн асан Б.Батбаатараар толгойлуулсан “Мөнх тэнгэр” фракци байгуулагдах үед тэд клубээ фракци болгосон. Тус фракциас өнөөдөр Л.Гантөмөр Боловсрол, шинжлэх ухааны сайд, Х.Тэмүүжин Хууль зүйн сайд, Э.Тамир Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын алба хашиж байгаа. Харин  “Мон-Атом” төрийн өмчит компанийн дэд захирал асан Н.Тэгшбаяр Цөмийн энергийн газрын дарга болсон бол цагдаагийн экс дарга нарыг өмгөөлж байсан өмгөөлөгч О.Алтангэрэл Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаа.

Харин Ардчилсан нам Засгийн эрх авсны дараахан “Нэг ардчилал” фракциас УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын Зүүн хойд ази сан фракцид харьяалагддаг Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин болон УИХ-ын 2012 оны сонгуулиар Ардчилсан намаас Хэнтий аймагт нэр дэвшсэн  М.Хүдэрбаатар нарыг дэд сайдаар томилуулахаар ярьж байсан. Харин одоо Б.Баттүвшин нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих газрын даргаар ажиллаж байгаа юм. Хэрэв тэдний хүсэл биелсэн бол бусад фракцынхны эрх ашиг хөндөгдөх асуудал тулгарна гэдгийг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг мэдэж байсан тул тэдний хүсэлтийг дээрх байдлаар зохицуулж өгсөн юм. Дээр нэр дурьдсан хүмүүс УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангаж байгаа. Тиймээс тус фракцийнхны нэр хүнд өөрийн болон өрөөлийн намын залуусын дунд өсөх нь мэдээж. Энэ бүхнээс үүдэн Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын зарим нэг гишүүний туслах “Нэг ардчилал” фракцид нэгдэж эхэлсэн гэнэ билээ. Тухайлбал, МҮДН фракцид харьяалагддаг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын туслах “Нэг ардчилал” фракцид “урвасан” гэж байгаа.

“Нэг ардчилал” фракцийнхныг ийнхүү хүчээ зузааруулж байхад Ардчилсан намын бусад фракцийн “акул”-ууд сөрөг хүчнийхээ “акул”-уудтай хүч хавсран тус фракцийн гол хүмүүсийг унагахаар оролдож эхэлсэн аж. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн тэргүүлдэг “Алтангадас”, УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор”, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын тэргүүлдэг “МоАХ”, Барилга хот байгуулалтын сайд Ц.Батбаярын тэргүүлдэг МҮДН, Гадаад харилцааны сайд Л.Болдын тэргүүлдэг “Зүүн хойд Ази” фракцийнхан ч зүгээр суугаагүй гэдэг нь дээрхээс харагдаж байгаа юм. Тэд  намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооны 42 дугаар хуралд бэлтгэж, дотоод асуудлаа цэгцлэхээс гадна дээрх байдлаар “гадаад харилцаа”-гаа сайжруулж байгаа бололтой.

 

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих