УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр дахин хурал үймүүлэв
УИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хөндөж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Хотын даргыг энэ талаарх мэдээллийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр газрын маргаантай асуудлыг хөндөж, хотын даргын хийж байгаа ажлыг үгүйсгэснээр нэлээд ширүүхэн маргаан тэдний хооронд өрнөсөн. Үүнээс болж хотын дарга Э.Бат-Үүл хуралдааныг орхиход хүрсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт болсон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгтэй мөн л маргалдсан. Үүнээсээ болоод тэр хурал үймүүлэгч гэсэн нэр зүүх болоод байгаа юм.
Улаанбаатар хотын захирагч маань уурлаж хуралдааныг орхиж гарахааасаа өмнө дараахь мэдээллийг танилцуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн VII хороолол, Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулахаар тусгасан байсан бол түүн дээр нэмж дахин долоон байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөөр урьдчилж зураг төслийг нь гаргажээ. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал орчмын 130 га газар, 10 дугаар хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын 2.3 га газар, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газар, Чингэлтэй дүүргийн 13, арвантав дугаар хорооны 72 дугаар сургуулийн орчим гэр хорооллын 15 га газар, Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо, телевиз орчмын 11.4 га газар, Баянзүрх дүүргийн арванхоёр дугаар хороо, Амгалан орчмын 15 га газар, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо, Цэргийн их сургуулийн орчмын 93 га газарт дахин төлөвлөлт хийх аж. Энэхүү хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэж, гэрхорооллыг барилгажуулах ажлыг эхлүүлэхээр болсон тухай хотын дарга Э.Бат-Үүл энэ үеэр мэдээлсэн юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж энэ онд нийт 40 тэрбум төгрөг баталсан бөгөөд хувийн хэвшлийнхэн болон хөрөнгө оруулагчдад санал тавьж хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа аж. Гэр хорооллын төлөвлөлтийн ажлыг шинээр байгуулагдаж буй “Гэр хорооллын хөгжлийн газар”, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” улсын үйлдвэрийн газар гардан зохион байгуулж ажиллах юм байна.
МЕТРО БАРЬЖ, ДАГУУЛ ХОТЫГ ХӨГЖҮҮЛНЭ
Гэр хорооллыг барилгажуулахаас гадна метро барихаар уг төлөвлөгөөнд тусгасан байна. Метро барьснаар нийслэлийн захын дүүрэгт амьдрах иргэдийн хувьд түгжрэлд орох, мөн гэртээ харихын тулд цаг алдах зэрэг асуудал багасна. Нөгөө талаас Энхтайвны өргөн чөлөөний доогуур тавих метрог дагаад 160 мянган ажлын байр бий болно гэх судалгаа гарсан байна. Үүнийг дагаад тэр орчмын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 1.2 тэрбум ам.доллараар өснө гэж үзжээ. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хүн амын хэт төвлөрлийг сааруулахын тулд дагуул хотыг хөгжүүлэхээр тусгасан аж. Тухайлбал, Дархан-Уул, Чойрыг улсын чанартай хот болгож хөгжүүлэхээр тусгаад байгаа бол Улаанбаатар хотыг тойрон 12 дагуул хот хөгжүүлэх аж. Японы “Жайка” олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод дээд тал нь 1.5 сая хүн амьдарч болно, үүнээс хэтэрсэн нөхцөлд ундны усны асуудал хүндэрнэ гэж үзсэн байна. Тиймээс Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд хүн амыг 1.4 сая дотор барихаар заажээ.
Р.Сарангоо
URL: