Боомтоо нүүлгэж, баялгаа зөөхөөр санаархав уу?
Монголын тусгаар тогтнолын нэгэн баталгаа нь хилийн аюулгүй байдал. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зориулаагүй амь, урсаагүй цус, асгараагүй хөлс гэж байдаггүйг дэлхийн түүх гэрчилнэ. Энэ ч утгаар тусгаар тогтнолын баталгаа болсон хилийн зурвас боомтод эртнээс өдгөөг хүртэл нухацтай хандаж ирсэн юм. Харин ойрын үед тусгаар тогтнолын илэрхийлэл болсон Хилийн боомтын тухай хуулийн төслийг байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
Хуулийн гол санаа нь олон улсын ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөхийн тулд хяналт явуулах журам, гаалийн бүрдүүлэлт хийх шаардлага, хяналт шалгалтын үргэлжлэх цаг хугацааг багасгах зорилготой гэнэ. Товчхон хэлэхэд, хяналт шалгалтын давхардлыг арилгаж, боомтын нэгдсэн удирдлагатай болгох тухай ажээ. Өдгөө хилийн боомтод хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар зэрэг таван байгууллага ажиллаж байна. Олон байгууллага байх тусам хүнд суртал, чирэгдэл хэний ч хүсэлт шаардлагагүйгээр аяндаа бий болох нь дамжиггүй. ОХУ-ын боомт 30 минутын дотор зорчигчийг нэвтрүүлдэг бол Монголын тал хагас өдөр “уядаг” гэж гомдоллох нь бий. Энэ утгаараа нэгдсэн зохион байгуулалт, нэг удирдлага чухал. Харамсалтай нь хуулийн төслийн онцлогийг ярихаас илүүтэй боомтыг нүүлгэн шилжүүлэх нь зүйтэй гэсэн санааг зарим хүн илэрхийлж байна. Тодруулбал, хоёр хөрш улстай хиллэх аймагт ашигт малтмал олборлогч эрхмүүд хилийн боомтыг өөрт ойрхноор нүүлгэх далд санаа өвөртөлжээ.
Дорноговь, Говь-Алтай аймагт энэ санааг ажил хэрэг болгохоор уурхайн ордын эзэд хор найруулж яваа сураг байна. Өөр нэг уурхайн эзэд гишүүдийг “ашиглан” боомтуудын ойролцоо ашигт малтмал илрүүлэх боломж нөхцөл эрэлхийлж байгаа гэнэ. Ингэснээр ямар ч зардалгүйгээр хилийн чанадад эрдэс баялгаа зарж борлуулах боломжтой юм байх. Нөгөө талдаа энэ хуулиар уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх том зорилттой. Үүнийг цагаан дээр хараар тодорхой бичиж найруулсан байна. Энэ нь байдаг баялагаа гадагш нь зөөх далд санаагаа албан ёсны зөвшөөрөл болгож хувиргах явуулга болж таарах нь. Нүүрс, нефть зэрэг ашигт малтмалаа зөөх зөвшөөрлийг энэ хуулиар олж авах гэсэн оролдлого гэвэл үнэнээс зөрөхгүй. Өдгөө нүүрсийг дэндүү хямд үнээр Хятадад нийлүүлж байгаа. Үүнийг залруулах гэсэн шиг “Монголчууд бидний гаргах нүүрс нь өмнөд хөршийн нүүрсний хэрэглээний 0.05 хувийг ч хангадаггүй. Далай руу шүлс хаяхтай адил” хэмээн сурталдах хүн бас цөөнгүй. Энэ нь үнэн байж болох ч ширхэг нүүрс гэсэн баялаг. Тухайлбал, 2010 оны нэгдүгээр улиралд 428162.0 тонн ашигт малтмал, 6631.1 тонн мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортонд гарч, 244440.0 тонн бодис бараа бүтээгдэхүүн улсын хилээр дамжин өнгөрсөн байна. Замын-Үүдийн боомтоор экспортолж байгаа ашигт малтмалын 70.0 хувийг төмрийн хүдэр, 19.4 хувийг зэсийн баяжмал эзэлжээ.
Экспортолсон ашигт малтмалын ихэнх нь түүхий эд хэлбэрээр байна. Иймд байгалийн баялгийг олборлоод гаргах бус боловсруулах үйлдвэрүүдийг барьж бүтээгдэхүүн болгон экспортлох нь хамгаас чухал байна. Тэгвэл Хилийн боомтын тухай хууль нэрийн дор ашигт малтмалаа гадагш нь урсгах далд санаа байж болохыг эрдэмтэн, шинжээчид анхааруулж буй нь үнэний ортой байж болох юм. Хуулийн төслийн танилцуулгад бичсэнээр бол манай улсын ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын дөрөв зэрэг нийт 46 боомт ажиллаж байна. Үүний 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, долоо нь дамжин өнгөрөх боомт. Эдгээрийн 39 нь автозамын, гурав нь төмөр замын, дөрөв нь агаарын замын боомт юм. Хамгийн сонирхолтой нь, хуулийн төслийн танилцуулгад өнгөрсөн жилүүдэд хэдэн тонн ашигт малтмал гаргасан тухай албан ёсны тоо баримтыг бичээгүй байна.
Харин өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 боомтоор 150 орны гурван сая 386 мянган зорчигч, нэг сая 515 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Сүүлийн таван жилийн хугацаанд хилийн боомтоор 17 сая иргэн, зургаан сая 547 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Хилээр нэвтрэх зорчигчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед хуулийн зохицуулалт хэрэгтэй нь үнэн. Үнэхээр хилийн боомтод шалган нэвтрүүлэн цогцолбор барилга байгууламжгүй, хилийн хяналтын байгууллагуудын албан хаагчдын орон сууцны асуудал шийдэгдээгүй, ажиллах орон тоо хүрэлцэхгүй байгаа нь бас үнэн. Тэр дундаа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, эдийн засгийн өсөлт, хөгжил болон гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлж байдаг улсын эдийн засгийн амин чухал сүнс нь юм. Иймээс төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох шаардлагыг энэ хуулиар засах боломжтой. Гэвч хуулийн утга санааг өөрчилж ерөнхий концевцээс нь өөр байдлаар ашиглах нь гэсэн хардлагыг улстөрчид онцолж байна.
Д.БОЛОРМАА
Зууны мэдээ
URL: