Үхэлтэй тэмцэж буй бүсгүйн хүсэлтийг Н.Удвал сайд 3 сар хүртэл хүлээж авахгүй гэжээ

airrrymaaМанай сонинд нэгэн ээж хандаж эмч нарын буруутай үйлдлээс болж охиных нь амь нас дээсэн дөрөөн дээр байгаа талаар мэдээлсэн юм. Үүний мөрөөр манай сонин сурвалжиллаа. Өвчтөнийг асарч буй хамаатных нь хүнтэй холбоо барьж гэрийнх нь хаягийг заалгаснаар Шархадны хоёрдугаар буудалд амьдардаг Ж.Ганхуягийнд очив. Арц хүж анхилсан жижиг өрөөнд бүсгүй хэвтэж байв.

 

Одоогоос жил дөрвөн сарын өмнө Ж.Ганхуягийн эхнэр Э.Хонгорзул гурав дахь хүүхдээ төрүүлэхээр III төрөх эмнэлэгт кесарева хагалгаанд оржээ. Жаахан хүндрэлтэй төрсөн гэх шалтгаанаар эмнэлэгт 10 гаруй хоноод гартал дөрвөн сар гаруйн дараагаас бие зовиурлах болсон гэнэ. Тэр үед эмнэлэгт үзүүлэхээр “эход харуул” гэдэг байж. Гэтэл эход харуултал онцын өөрчлөлтгүй гэсэн хариу гарсан аж.

 

Э.Хонгорзул нөхрийн хамт техникийн зах дээр бараа зарж амьдралаа залгуулдаг учраас амаржаад найман сарын дараа зах дээр зогсож эхэлжээ. Ажиллаад удаагүй байтал бие нь тэсэхийн аргагүй өвдөж, арга буюу III эмнэлгийн төлбөртэй тасагт хэвтэж эмчлүүлсэн байна. Гэтэл сар гаруйн дараа толгой нь хүчтэй өвдөж, гэдэс дотор нь хямрах атлаа өтгөн, шингэн нь гарахаа больсон байна.

 

Ингээд нэг шөнө сандаргаж III эмнэлэгт хандахад гэдэсний түгжрэл гэсэн оноштойгоор мэс засалд оржээ. Хагалгаа нэлээд удаан үргэлжилсний эцэст гэр бүлийнхэнтэй эмч уулзаж өвчтөний биеэс нэг метр гаруй марль авсан тухай танилцуулсан байна. Явж явж энэ нь жил гаруйн өмнө кесарева хагалгаанд орох үед нь эмч нарын хариуцлага алдсан хэрэг болж таарав. Эндээс л хамаг хэрэг манджээ.

 

Марль орсноос метр шахуу сунасан нарийн гэдсийг ч мөн тайрсан аж. Мэс засал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд болж, түүнээс хойш өвчтөн хоёр сар гаруй хугацаанд бие нь сайжрахгүй хэвтэрт байгаа юм байна. Биеийн байдал нь муудаж эмнэлэгт хэвтүүлэх гэхээр хүлээж авах эмнэлэг олдохгүй байгаа гэж гэрийнхэн нь хэлэв. Өнгөрсөн долоо хоногт III эмнэлэгт хэвтүүлсэн боловч гурав хонуулаад л гаргачихсан байна.

 

Нарийн гэдсээ тайруулснаар өтгөн шингэнийг нь тусгай зоруулалтын уутанд тосч авдаг болжээ. Ийм учраас өрөөндөө арц хүж уугиулсан байж. Хамгийн харамсалтай нь 31 настай энэ бүсгүй 10-аад хоногийн өмнөөс ухаан санаа нь самуурч, нэг ёсондоо сэтгэцийн өвчтэй болжээ. Дөхөөд очиход хэн ирж байгааг ч танихгүй, амандаа үглэж, дуу аялаад хэн ч харсан хэрдхийж, харамсмаар.

 

Хэвтэрт ороод удсан тул маш их турж эцжээ. Анх 60 гаруй кг жинтэй байсан бол одоо 30 хүрэхээ ч больж. Гэдсэн бие нь тэр чигтээ оёдол, шарх. Хоёр нүд нь эргэлдээд бал, цаас аван юм бичээд надад өгөв. Түүний хуудас шахуу бичгээс “Би эмнэлэгт дахиад очихгүй” гэсэн үг л уншигдсан юм. Ухаан санаа нь орж гараад буй учраас түүнтэй олон үг сольж чадсангүй. Сүүлдээ намайг тээршааж эхлэв.

 

Ойрын үед бие нь тавгүйтэж, бие нь эрс муудсанаас уулзаж чадахгүй алдчих вий гэж эмээсэн хамаатан садныхан нь цуглаж эхэлжээ. Нөхөр Ж.Ганхуяг жижиг машинаараа халтуур хийж өдрийнхөө нүүрс, түлээний мөнгийг олдог аж. Ой дөрвөн сартайгаас найман насны бүлтгэр гурван үр нь учир мэдэхгүй балчир тул хоёр бага нь хоорондоо тоглож, том охин нь хичээлээ хийж харагдав.

 

Э.Хонгорзулд III төрөхийн эх барих эмч Оюунгэрэл, бага эмч Батзаяа, сувилагч Ганчимэг нар кесарева хийсэн аж. Тэдний хариуцлагагүйгээс болж өнөөдөр эл бүсгүйн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, залуу гэр бүлийн амьдрал хүнд байдалд орчихоод байхад тэд юу ч болоогүй мэт явсаар байна.

 

Эмч нар хариуцлага алдсанаас ийнхүү хүндэрч нарийн гэдсээ тайруулсанд үнэхээр харамсаж байгаагаа ар гэрийнхэн нь тус төрөх эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга Д.Бат-Очирт уламжлахад “Юун сүртэй юм. Марль байтугай хайч хийгээд оёчихсон тохиолдол байдаг л биз дээ. Гомдол байвал тэр Оюунгэрэл эмчдээ хэл. Эмчилгээнд өгөх мөнгө манай төрөхөд байхгүй.

 

Ингээд байвал Оюунгэрэл эмчийг чинь ажлаас нь халаад өгье. Та нар хэнээс юу олж долоох юм” хэмээн басамжилжээ. Бүсгүйн ээж Г.Нарантуяа өнгөрсөн хугацаанд охиноо хөл дээр нь босгох гэж ээмэг, бөгж, барьцаанд тавьж болох бүх эд зүйлээ ломбардаж эмчилгээний зардалд өгчээ. Сүүлдээ арга тасарч Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаад охиноо хэвтүүлж эмчлүүлэхэд туслаач гэсэн албан бичгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүргүүлсэн боловч одоо болтол хариу ирүүлээгүй байна.

 

Ингээд саяхан Н.Удвал сайдад хүсэлт гаргахаар очиход түүний туслах нь гуравдугаар сараас нааш өргөдөл гомдол хүлээж авахгүй гэжээ. Түүний ээж Г.Нарантуяа “Надад туслах болов уу гэсэн бүх хүндээ хандаж үзлээ. Бидэн шиг буурай амьдралтай хүнийг хэн ч авч хэлэлцдэггүй юм байна. ЭМЯ нааштай хариу өгөх болов уу гэж их хүлээлээ. Одоо охин маань сэтгэцийн өвчтэй болчихлоо.

 

Бие нь өдөр ирэх тутам муудаж байна. Энэ гурван хүүхэд нь яана даа” гээд уйлав. Ж.Ганхуягийнх одоо амьдарч байгаа байшингаа сарын 80 мянган төгрөгөөр түрээсэлдэг аж. Гэрийн эзэн “Эхнэрийгээ эдгэчих болов уу гэж их найдаж байлаа.

 

Даанч улам даамжирсаар байгаад одоо бүр сэтгэцийн өвчтэй болчихлоо. Ээжийнх нь бие тавгүй байхаар бага хүүхдээ Хөвсгөл явуулчихсан байсан юм. Гэтэл ухаан нь орж гараад, бага охиноо асуугаад байхаар нь аваад ирсэн чинь бүр таних ч үгүй болчихож” гэсээр мөн л харууслын нулимс унагав. Сүүлийн гурван өдөр сэтгэцийн өөрчлөлт хүчтэй мэдрэгдэж гэрийнхэн нь арга буюу Шар хадны Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлэхэд өвчлөл III үедээ орсон, тэгээд ч манай эмнэлэг хагалгаанд орсон хэвтрийн хүн авдаггүй гэсэн хариу хэлснээр ийнхүү Э.Хонгорзул гэрээс өөр очих газаргүй болжээ.

 

Харьяаллын дагуу III эмнэлэгт хандахад “Манай эмнэлэг хагалгаагаа хийчихсэн. Одоо сэтгэцийн өөрчлөлттэй болсон учраас эрүүл хүмүүстэй хэвтүүлэх боломжгүй. Дөрвөн сарын дараа дахиад нарийн гэдсээ нөхүүлээрэй” гэжээ. Сэтгэцэд өөрчлөлт орсноос өтгөний уутаа авч шидэн оёдлоо нэлээд шархлуулсан харагдана. Мөн ханиалгаснаас болж оёдол нь хэрхэн задарсныг ч нөхөр нь бидэнд үзүүлсэн.

 

Зориулалтын өтгөн шингэнийг тосдог уут нэг ширхэг нь 5500 төгрөгийн үнэтэй. Биднийг байх зуурт хоёр ч удаа сольж харагдсан. Өдөрт хоёр удаа дусал залгадаг атал сүүлийн үед судас нь олдохгүй хүндхэн болоод буйгаа ч хэлж байх. Хариуцлага алдсан эмч нараас Оюунгэрэл л хааяа дусал тариа өгдөг гэнэ. Нөгөө хоёр нь бол ямар ч сураггүй. Ингээд манай сурвалжлах баг хариуцлага алдсан эмч нар, зовсон иргэдээр тохуурсан III төрөхийн захиргааныхантай уулзахаар явав.

 

13.00 цагийн үед төрөх эмнэлэг дээр ирэхэд эмчилгээ эрхэлсэн дарга Д.Бат-Очир өрөөндөө байсангүй. Төрөх эмнэлгийн лавлах бүсгүйгээс Оюунгэрэл эмч байгаа эсэхийг асуухад байгаа гэв. Харин дуудуулахад “Одоохон буугаад очъё” гэж хэлүүлчихээд алга болчихов. Дахиад дуудуулахад хагалгаанд орсон байна гэж хэлүүлэв. Ийнхүү даргынх нь өрөөг цаг гаруй сахисан боловч ирсэнгүй.

 

Хүний нөөцийн ажилтан Н.Алтантуяа “Дарга дотор л яваа байх. Энэ талаар түрүүнд зурагтынхан бас ирээд явсан. Ядаргаатай юм. Гараад хүлээж бай” гэв. Тэгэхээр тэд хэвлэлийнхнээс зугтсан болж таарав. Харин үдээс хойш Д.Бат-Очир дарга уруу утас цохитол авч байна шүү. Түүнээс Э.Хонгорзул бүсгүйн талаар тодруулах гэхэд “Би наад талаар чинь яримааргүй байна. Мэдэхгүй. Хариуцлага алдсан Оюунгэрэл эмчээс нь л мэдээлэл авахгүй юу” гээд утсаа таслав.

 

Дахиад хэд хэдэн удаа залгаж “Хариуцлага алдсан эмч нар ажлаа хийсээр байгаа нь шударга биш үү?” гэхэд “Оюунгэрэл эмчид захиргааны хариуцлага тооцсон. Батзаяа эмч нярайн амралттай байгаа” гээд дахиад л утас тас. Эрүүл хүний гэдсэнд марль чихэж гэдэс дотрыг нь илжрүүлж, хэвтэрт оруулснаа юман чинээ тоохгүй хэгжүүрхэж буй балагтай этгээдүүдээс болж нэгэн сайхан залуу гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэсэн нь Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хамаагүй бололтой.

 

Тэрбээр Н.Энхбаярыг эмнэлэгт хэвтүүлэх талаар байнга хэвлэлийн бага хурал зарлаж, улстөржиж гүйхээс эрүүл мэндийн салбарт ямар ялзрал болоод байгааг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаагийн нэгэн жишээ энэ биз ээ.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих