Б.Отгон: 2013 он амьдралд минь цоо шинэ хуудас нээж байна
ETV телевизийн мэдээний албаны дарга, сэтгүүлч Б.Отгоныг энэ удаагийнхаа дугаарын зочноор урьж, ярилцлаа.
-Шинэ оны мэнд. Таны хувьд шинэ оны ажлын гараа хэр байна, ер нь 2013 оныг хэрхэн төсөөлж байна?
-“Инфо ТВ” сэтгүүлийн уншигчдадаа ч шинэ оны мэнд хүргэе. Сүүлийн 10 жилийн турш нэг газар ажиллаж байсан миний хувьд 2013 он амьдралд минь цоо шинэ хуудас нээж байна. Шинэ оныг шинэ хамт олон, шинэ ажлын гараатайгаар угтаж байгаа учраас эрч хүч дүүрэн, улам ихийг хийж бүтээх оргилсон их хүсэл тэмүүлэлтэйгээ угтаж байна. Өөрөө дахин шинээр мэндэлсэн мэт мэдрэмж төрж байна.
-Өнгөрсөн оны төгсгөлд нийгэмд, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарынхны дунд багагүй шуугиан тарьсан асуудал ТВ9 телевизийн 30 гаруй уран бүтээлч нэгэн зэрэг ажлаасаа гарсан явдал байсан.Тийм олуулаа яагаад ийм шийдэлд хүрсэн бэ?
-Уг нь бол ийм олуулаа ажлаасаа нэгэн зэрэг гарах зорилго, төлөвлөгөө хэнд ч байгаагүй. ТВ9 телевизийг сүүлийн 8 жил удирдсан Ц.Энхбат захирал ажлаа өгч, захирлын үүрэг гүйцэтгэгч томилогдсоноос хойш телевиз дээр уран бүтээлчид удирдлагуудын дунд үл ойлголцол үүссэн. Ажлаа мөрөөрөө хийж яваа зарим нэг уран бүтээлчийг ажлаас нь халж эхэлсэн. Телевизийн бодлогод ч өөрчлөлт орж, уран бүтээлчдийг хардаж сэрдэх, шахаж дарамтлах байдал газар авсныг эсэргүүцэж удирдлагаа өөрчлөх хүсэлтийг Телевизийн ТУЗ-д хүргүүлсэн. Нийт 60-аад уран бүтээлч нэгдэж гарын үсэг зурж шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь ТУЗ-аас удирдлагыг өөрчлөхгүй гэсэн шийдвэр гарсан учраас бид энэ удирдлагуудтай ажиллаж боломжгүй гэдгээ хэлээд ажлаас гарах өргөдлөө өгсөн. Товчхондоо ийм л зүйл болсон.
-Таныг захирал болгохоор уран бүтээлчид нэгдэж шаардлага хүргүүлсэн гэж сонссон. Бас таныг дээрхи уран бүтээлчдийн бослого тэмцлийг удирдсан гэх яриа ч байна л даа?
-Үгүй. Уран бүтээлчдийн шаардлагад хамт олны хүсэлтээр захирал болгох боломжтой хүмүүсийн нэрс ч байсан. Түүн дотор миний нэр байгаагүй. Тэгээд ч надад захирал болох ямар ч хүсэл сонирхол байхгүй. Миний хувьд сэтгүүлчийн мэргэжил ямар ч дарга, сайдын албан тушаалаар арилжихын аргагүй үнэт зүйл. Би мэргэжлийнхээ үнэ цэнийг мэддэг, дуртай, энэ ажлыг сонгосондоо туйлын сэтгэл хангалуун байдаг. Би бослого хөдөлгөөн удирдахдаа тулвал нэг байгууллагын дарга солих дайны жижиг зүйлээр оролдохгүй. Харин эх орон, газар шороо, тусгаар тогтнол Монголынхоо төлөө бол бослого хөдөлгөөн байтугай амь насаа зориулахад ч бэлэн байна.
-Та яах аргагүй ТВ9 телевизид өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг эзэлсэн сэтгүүлч байсан. Олны өмнө ил байдаг хүмүүсийн хувьд телевизээ солино гэдэг амаргүй байв уу?
-Мэдээж амаргүй байсан. Гэхдээ олуулаа, хамт олноороо шийдвэр гаргасан болохоор эргэлзэх зүйл алга. Бид ажил амьдралын минь гараа болсон ТВ9 телевиздээ баярлалаа гэж хэлэх ёстой. Бас цаашид ч Монголын хэвлэл мэдээллийн салбарт эзэлсэн байр сууриа улам бататгаж, ахиулж яваасай гэж хүсч байна.
-ТВ9 телевизээс гарсан 40-өөд уран бүтээлчид баг хамт олноороо нэг телевизэд ажиллана гэдгээ олны өмнө зарлаж байсан. Энэ зорилгодоо хүрч чаджээ?
-Биднийг анх хамт олноороо нэг телевизэд ажиллана гэхэд энэ олон хүмүүсийг нэг дор багтаах телевиз олдоно гэдэгт хүмүүс эргэлзэж байсан. Гэвч бидэнд багаараа ирж ажиллаач гэж олон телевиз санал тавьсан. Бид “Тод харуулна” уриатай ETV телевизийг сонгож багаараа ирлээ. Энд Спорт, Мэдээ, Зураглаачдын албанд шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж эхэллээ. Анзаарсан бол сая спортын томоохон арга хэмжээнүүдийг шууд дамжуулж, мэдээллийн хөтөлбөр нь ч тэр чигтээ шинэлчлэгдээд эхэлсэн.
-Чухам яагаад ETV телевизийг сонгосон бэ?
-ТВ9 Телевизийг удирдаж байсан Ц.Энхбат захирал маань энд ажиллаж байгаа. Биднийг чадварлагаар удирдаж, дэмжиж өдий зэрэгт хүргэсэн захиралдаа итгэсэн. Бас энэ телевизийг үүсгэн байгуулагчид нь нам улс төрөөс ангид, төрөөс төрсөн тэрбумтан биш, цэвэр бизнесийн хүмүүс байсан нь таалагдсан. Өнөөдөр Монголын телевизүүд ихэнхи нь ардаа улс төрч, олигархи эзэнтэй. Зөвхөн эзний захиалсан хөгжмийг л тоглож байгаа нь нууц биш. Сэтгүүлч хүнд хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг ус агаар мэт хэрэгтэй. Түүнээс нэг намын, нэг улс төрчийн зэвсэг байхыг хүсээгүй учраас энэ сонголтыг хийлээ. Бас техник технологийн хувьд орчин үеийн, Монголын анхны HD телевизүүдийн нэг учраас, “Тод харуулдаг” Шинэ телевизүүдийн нэг гэдгийн хувьд бол… Бид хүмүүсийн бүтээн босгосон бэлэн зүйл дээрээ очихоосоо илүүтэй өөрсдийн хүч хөдөлмөрөөр хамтдаа бүтээн босгомоор байна. Телевизийн чансаа шинэ хуучнаар хэмжигддэггүй. Харин хэн чадсан эсэхээр хэмжигдэнэ. Өөрийн хөлс, хөдөлмөр шингэсэн бүхэн илүү амттай шүү дээ.
-Өмнөх захиралтайгаа хамтарч ажиллахаар болсон гэж та сая хэллээ. Ц.Энхбат захирал гаршсан сэтгүүлчид, ажилтнуудаа авахын тулд та бүхнийг ТВ9 телевизээс гарахад нөлөөлсөн гэж үзэх хүмүүс ч байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Энэ бол огт үндэслэлгүй зүйл. Ц.Энхбат захирал өдийг хүртэл өөрийнхөө бүтээсэн зүйлийг өөрийнхөө гараар устгах хүн биш. Харин ч биднийг ТВ9 телевиздээ тогтвор сууьшилтай ажиллахыг байнга зөвлөдөг байсан. Харин бид ажлаасаа гарсныхаа дараа Ц.Энхбат захиралтай хамтарч ажиллах хүсэлтээ өөрсдөө илэрхийлсэн.
-Та бүхэн өмнө нь хийж байсан нэвтрүүлгүүдээ энд бас хийх үү. Эсвэл бүр өөр шинэ өнгө төрхтэйгээр ажиллах уу?
-“Ардын парламент”“Анализ”, ”Эзэнгүй төрийн эмгэнэл”, “Сэтгэлд гал байхад” гээд нэвтрүүлгүүд нэрийн хувьд ТВ9 телевизийн өмч учраас тэндээ үлдэнэ. Уран бүтээл хийж байгаа хүнээсээ 100 хувь шалтгаалдаг болохоор дээрх нэвтрүүлгүүдийг гардан хийдэг хүмүүс нь ETV-д ирсэн учраас илүү чансаатай бүтээлүүд гарна гэдэгт эргэлзэх зүйлгүй. ETV телевизийн мэдээний албанд сэтгүүлч О.Баярмаа, М.Бүжинлхам, Л.Гантуяа гээд чадварлаг сэтгүүлчид ТВ9 телевизийн нүүр царай болсон нэвтрүүлэгч Я.Болорчимэг ирсэн. Мөн “Евро 2012” тэргүүтэй тив дэлхийн уралдаан тэмцээн, үндэсний спортын наадмыг мэргэжлийн өндөр түвшинд шууд дамжуулж гаршсан ТВ9 телевизийн Спортын алба ч багаараа ирсэн. Мөн чадварлаг зураглаачид багаараа ирж ажиллаж байна.
-“ТВ9-ийн Отгон” гэхээр хамгийн түрүүнд уул уурхай, газар шорооны төлөө тэмцсэн тэмцэгч бүсгүй, ард түмний хайртай сэтгүүлчийн дүр л тодордог. Энэ чиглэлээ орхихгүй биз дээ?
-Энэ бол сэтгүүлч байсан эсэхээс үл хамаарах миний хувь чанар. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, зоригт эх оронч Чингүнжавыг төрүүлсэн Хотгойд түмний үр сад болоод ч тэр үү, хөдөөгийн жирийн малчны гэрт өсч хүмүүжсэний хувиар ч тэр үү, уух ус, гишгэх газар шороо, үеийн үед оршихуйн эх үндэс болсон байгаль дэлхийг сүйтгэж байгаатэй эвлэрч хэзээ ч тэвчдэггүй. Нутаг усаа гэх сэтгэл монгол хүнд л байх эрхэм дээд чанаруудын нэг. Энэ үнэт зүйлээ хамгаалж, ирээдүй хойчид бүрэн бүтнээр нь үлдээхийн төлөө сэтгүүлчид өнөөдөр дуугарах ёстой. Харин ч энэ сэдвээр зоригтой дуугарах телевизийн тоо нэгээр нэмэгдсэнд баярлаж байна. Б.Отгоны гарах суваг нь л өөрчлөгдөж байгаагаас миний хэлдэг ярьдаг, үзүүлдэг харуулдаг бүхэн хэвээрээ гэж ойлгож болно. Харин ч тод харуулна.
-Отгон нэрнээс тань харахад айлын отгон хүүхэд үү. Багадаа ямар хүүхэд байсан бэ?
-11 хүүхэдтэй өнөр айлын хамгийн отгон охин. 3 ах, 7 эгчтэй. Манай аав, ээж энэ олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх гэж ямар их хөдөлмөрлөж байсныг харж өссөн болохоор эрхлэхээсээ илүүтэй ээж, аавдаа яаж дэм болох вэ л гэж бодож өссөн. 7 настай байхдаа нэгдлийн 1000-аад хонийг ганцаараа хариулаад өвөлжиж байсан удаатай. Хожим бодоход энэ амьдралын том сургууль байсан юм шиг санагддаг. Монголчуудын үр хүүхдээ хүмүүжүүлэх арга нь үглэж, шаардахаасаа илүүтэй өөрсдийн биеэр үлгэрлэж, багаас нь ажил хөдөлмөр эрхлүүлэх байжээ.
-Сэтгүүлчид тэр дундаа телевизийн хүмүүс цаг заваар хомс. Таны хувьд хэр чөлөөт цаг гардаг вэ? Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Яг юм хийе бүтээе гэсэн хүмүүсийн хувьд үнэндээ амарч зугаалах цаг гардаггүй. Телевизийн ажилд угаасаа эхлэл төгсгөл, хагас бүтэн сайн гэсэн ойлголт байдаггүй. Гэр бүлийнхэн ч үүнд дасч дээ. Сэтгүүлчийн ажил байнга уншиж, судалж, эрж хайж байдаг ажил учраас цаг зав ч үүнд л зориулагдана даа.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Уран бүтээлч хүмүүст найдвартай ар тал чухал гэж ярьдаг шүү дээ?
-Тэнгэрийн ивээлээр надад сайн хань заяасан. Хорин насандаа учраад хоёр хөөрхөн хүүхдийн аав ээж болоод тэгш сайхан амьдарч байгаагаа их хувь заяа гэж сүсэглэдэг. Манай гэр бүлийн хүн хувийн компанитай, жирийн бизнес эрхэлдэг залуу байдаг. Гэр бүлийн хоёр бие биенээ ойлгодог, ажлыг нь дэмждэг, урам зориг, эрч хүчийг өгдөг байж гэмээ нь хүн амжилтанд хүрч, аз жаргалтай амьдарна. Он жил өнгөрөх тусам хань бид хоёрын үзэл бодол улам л нэгдээд байгаа шиг санагддаг.
-Ярилцлагынхаа төгсгөлд та өөрийнхөө болон хамт олныхоо зүгээс та бүхнийг дэмждэг телевиз үзэгчид, уншигчдадаа хандаж хэлэх үг байгаа болов уу?
-Баярлалаа. ТВ9 телевизээс гарсан уран бүтээлчидбид хамтдаа байна гэсэн амлалтдаа хүрч ETV телевизэд багаараа ирлээ. Хамгийн шударга, шуурхай мэдээлэл, цаг үеийн асуудлуудаар бэлтгэсэн даацтай нэвтрүүлэгүүдийг бид хийх болно. Монголд хараат бус хүчирхэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоог нэгээр нэмэхэд бидэнтэй хамтран ажиллаарай гэж хэлэх байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
Эх сурвалж: Инфо ТВ
URL: