Монголчууд бүгд ажилтай болов

[Хоёр] нам, засгийн зөв мэргэн амлалтын ачаар насанд хүрсэн монголчууд бүгд ажилтай болж чадлаа.  Төрд, төсөвт, компанид алба хашигсад, арилжаа, наймаа , лангуу, түрээсээр амьдрагсад тэртээ тэргүй ажилтай байсан бол үлдэгсэд нь саяхнаас  зав чөлөөгүй хөдөлмөрлөх болжээ. Энэ ажлын хөлс нь сарын 21 мянган төгрөг. Нийслэлээр жишээ авсугай. Бүх нийтийн хамарсан энэ ажил ноднин иргэний бүртгэлээс эхэлжээ. Хороон дээр очиж зургаа авахуулах, улсын бүртгэлийн газар очих, тэнд өөрийн, эсвэл үр хүүхдийн овог нэрийн аль нэг үсэг заавал зөрсөн байх, хороон дээрээ буцаж очих, нийгмийн халамжийг зорьж “манайд хамаагүй” үгийг сонсох, дахиад иргэний бүртгэлийг зүглэх, тэнд хэдэн өдөр оочирлох, ”Ард түмний толь”-ийг дуудаж ярилцлага өгөх, үсэг засагдахыг хүлээж хэдэн өдрийг барах, банк хэзээ өгч эхлэхийг хилийн харуул мэт нүд цавчилгүй манах, сураглах, сэтгэл догдлох, “маргааш өгөх”-ийг сонсоод баясах, юунд зарцуулахаа тооцоолж нойр хулжих, үүрийн таван жингээр гэрээсээ гарах, банкыг хэд ороосон хүмүүсийг үзэх, оочирт орох, мөнгө орж ирээгүй тухай сонсоод түгших, нийгмийн халамжаас жагсаалт ирээгүй гэсэн зар унших, хэд хоног тэвчих, мөнгө орж ирсэн мэдээ дуулах, баярлах, хэд хоног оочирлох, өөрөө яваад ирсэн TV9-ын сурвалжлагчид яриа өгөх, ингээд “олон хоног үргэлжилсэн хүнд бэрх тулааны эцэст” үйлчилгээний зааланд нэвтэрч чадах, кассанд ойртох, урдуур дайрсан хүмүүстэй үзэлцэх, мөнгөө авах, замаараа дэлгүүр орох …

Ажилгүй, цалин хөлсгүй монголчууд өмнөх сарын 21 мянган төгрөгөө дурсаж, энэ сарын 21 мянгаа сахиж, ирэх сарын 21 мянгаа сэтгэл догдлон хүлээж …. 21-р зууны энэ он, саруудад өчүүхэн ч чөлөө завгүй.

http://www.ajiglagch.mn/


URL:

Сэтгэгдэл бичих