ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛУУЛАХ УУ, ЭСВЭЛ…

1_1359336610Мянгад сумын нутаг Халзан бүрэг­тэйн газрын ховор элементийн ордыг тойрсон асуудлаар энд дахин нэг баримт сөхье. 2012 оны есдүгээр сард аймгийн Засаг даргын захирамжаар тухайн газарт үйл ажиллагаа явуулж буй ком­­панид мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж, ашиглалтын лицензийг хууль бусаар авсан, байгаль орчинд нөлөө­лөх нөлөөлөлд  үнэлгээ хийлгээгүй,  хай­гуулын ажлыг хуулийн дагуу явуу­лаагүй, сум орон нутагтай хамтын ажиллагааны болон газар, ус ашиглах гэрээ байгуулаагүй гэсэн зөрчлүүдийг илрүүлж түүнийг арилгах шаардлага өгсөн байна. Ажлын хэсгийн судал­гаа, дүгнэлт болон бусад мэдээллийг үндэслэн аймгийн Засаг дарга Г.Нямдаваа Халзан бүрэгтэйн  газрын ховор элементийг ашиглах зорилгоор явуулж буй үйл ажиллагаа, тухайн газрын ашигт малтмалын лиценз зөвшөөрөлтэй холбоотой  аймаг, орон нутгийн ард иргэдийн нийтлэг эрх ашигт ноцтой хохирол үзүүлж болзошгүй сөрөг хүчин  зүйл, хууль зөрчсөн үйлдэл байгааг нягт­лан судалж, шаардлагатай тохиол­долд ашиглалтын лицензийг цуц­луулах тухай асуудлыг Байгаль орчин ногоон хөгжлийн яам,  Эрдэс баялгийн газарт тавьснаас хойш хоёр сар   болсон ч одоо болтол дээрх газруудаас ямар нэг хариу алга. Ноцтой гээд байгаа зүйлүүдийн нэгийг энд тодруулбал Халзан бүрэг­тэйн  газрын ховор элементүүдийн агуулгад цацраг идэвхт бодис буюу “уран торий” нэлээд хэмжээгээр тэр тусмаа орчин тойрондоо хорт нөлөө үзүүлж, хөнөөл үүсгэх хэм­жээнд байна гэдгийг судлаачид, мэр­гэ­жилтнүүд нотолжээ. 1980-аад онд тус газарт Оросын (тухайн үеийн ЗХУ)  геологийн  экс­педиц  хайгуул  судалгаа хийсэн байдаг. Мөн түүнээс өмнө, хойно монголын зарим судлаач, эрдэмтдийн ч судалсан  цаг үе,  тэдгээрийн судал­гааны үр дүнгээс үзэхэд цацраг идэвхт бодис уран торийн хэмжээ  зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй 25-30 дахин илүү байгаа нь тогтоогдсон байдаг.Гэтэл одоо энд үйл ажиллагаа явуулж буй компанийнхан болохоор  цацраг идэвхийн хэмжээ зөв­шөө­рөгдөх түвшинд, өөрөөр хэлбэл, ямар нэг аюултай нөлөө  үүсэхгүй гэсэн мэдээлэл өгсөөр байна.

Байдал ийм болонгуут Мянгад сум болон аймгийн хэмжээнд хоёр ч хөдөл­гөөн (төрийн бус байгууллага) бай­гуулагдаж, болзошгүй аюул хөнөөлийг  гаргуулахгүй байх, эрсдлээс сэр­гий­лэх зорилгоор шаардлагатай ар­га хэмжээ авч эхэлжээ. Нут­гийн иргэдийн дийлэнх Халзан бүрэгтэйг ашиглах зорилгоор явуулж буй үйл ажиллагааг бүрмөсөн таслан зогсооход байгаа аж.

Энэ сарын 10-ны өдөр Мянгад  сумын ИТХ-ын өргөтгөсөн хуралдаан болж, эл асуудлыг авч хэлэлцлээ. Хуралдаанд төлөөлөгчдөөс гадна иргэдийн төлөөлөл, “Алтай бидний шүтээн” ТББ-ынхан, сумын ир­гэдийн хөдөлгөөнийхөн оролцож, болзошгүй аюул, эрсдлийн талаар сумаас томи­логдож ажилласан ажлын хэсгийн мэдээлэл, Халзан бүрэгтэйд лиценз эзэмшиж, үйл ажиллагаа явуулж буй “Монголиан Нэйшинль Ийр Ийрт корп” компанийн орон нутаг хариуцсан менежерийн тайлбарыг сонсч, тодор­хой шийдэлд хүрсэн байна.

Хуралдаанд оролцогсод юуны өмнө “Алтай бидний шүтээн” ТББ-ынхны саналыг үндэслэн, уг орд газарт явагдаж буй үйл ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн зөвлөлийг хуулийн дагуу байгуулсан бол Халзан бүргэтэйн ордыг ашиглах зорилготой хайгуул судал­гааны ажил нь Монгол Улсын  хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, нутгийн ард иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх, эрх чөлөөнд заналхийлсэн гэж үзсэн байна.  Өнгөрсөн оны аравдугаар сард аймгийн Засаг  дарга холбогдох яам газарт тавьсан асуудлыг дэмжиж, нэг мөр шийдвэрлүүлэх, хуулинд заасан үндэслэлийн дагуу Халзан бүрэгтэй болон түүний ойр орчим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд, эсвэл Засгийн газрын шийдвэр гаргуулж, нөөцөд авах асуудлыг аймгийн ИТХ-д тавьж шийдвэрлүүлэх, ард иргэдийн эрхийг зөрчиж байгаль орчинд хөнөөл сүйтгэл учруулж буй аливаа үйлдэл, үйл ажиллагаатай шийдвэртэй тэмцэх талаар санал нэгдсэн байна. Сумаас томилогдож ажилласан ажлын хэсгийн мэдээлснээр дээрх ком­пани хай­гуулын ажлын төлөв­лөгөөндөө зургаан цооног өрөм­дөх  байсан ч 26 цооног өрөмдөж, төлөвлөсөн хэмжээнээсээ бараг тав дахин хэтрүүлсэн төдийгүй хууль бусаар худаг ухаж гаргасан, их хэмжээний шатах, тослох материалыг газар асгаж хөрсөнд шингээсэн зэрэг таагүй  олон юм хийсэн аж.

Худаг гаргасан гүйцэтгэгч байгууллага хууль зөрчөөгүй, зөвшөөрөлтэй гэх. Энэ нь үнэн аж. Харамсалтай нь захирамж гаргасан сумын Засаг дарга Н.Энхтуяагийн захирамж нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамж нь 2012 оны наймдугаар сарын 17-ны өдөр хүчингүй болсон Усны тухай хуулийн 16-р зүйл дэх заалт байсан аж. Энэ бол зөвшөөрөл өгсөн өгөөгүй гэх маргалдагч талуудын хэн хэнийх нь паян юм. Ажлын хэсгийнхний тооцоол­соноор дээрх компани хоногт дунд­жаар 80 гаруй тонн ус хэрэглэдэг гэж үзсэн байна. Тэгвэл Халзан бүрэгтэйн үйлдэл нь нутгийн хөрс усны нөөцөд  эрсдэл үүсгэж, экологийн аюулгүй бай­далд ноцтой заналхийлэх түвшинд хүрнэ гэсэн үг. “Монголиан Нэйшинль Ийр Ийрт корп” компанийн орон нутаг хариуцсан менежер Батаагаас мэдээлэл авахаар хандахад байнга мэдэхгүй гэдэг үгээр ам тагладаг хэмээн ажлын хэсгийнхэн хэлсэн. Хуралдаан дээр ч мөн адил манай компаний удирд­лагууд ирж мэдээлэл хийнэ. Миний хувьд та бүхний асуусан зүйлийг сайн мэдэхгүй. Мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн үгээр асуудлыг хайцаалав.

Халзан бүрэгтэйтэй холбоотой энэхүү ээдрээт асуудлын талаар  өнгөрсөн хавар хөндсөн бөгөөд саяхан халаагаа өгсөн аймгийн Засаг дарга асан Г.Нямдаваа энэ  асуудлыг судалж, шийд­вэр­тэй алхам хийсэн хүн. Харин шинэ удирдлага үүнд дорвитой анхаарч, нэгэнт эхэлсэн алхмыг гүйцээх нь аймаг орны амин чухал эрх ашигт нийцнэ. Дашрамд дурьдахад аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт энэ талаар “Халзан бүрэгтэйн газ­рын ховор элементийн хайгуул ашиг­лалтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжинэ гэсэн заалт орсон нь ойлгомжгүй байгаа юм.

Г.ТӨРМӨНХ (Ховд)

nud.mn


URL:

Сэтгэгдэл бичих