Сэтгүүл зүй монголын улстөрийн дампууралд хувь нэмрээ оруулсан уу?

z210“Цаг цагт нэг цадна цагаан сараар нэг цадна“ гэж хоолгүй өлссөн ард хүмүүс хувьсгалаас өмнө зовлонгоо тоочиж ганцхан цагаан сараар гэдсээ баярлуулж цадталаа хоол цохидог байсан аа хошигнон өгүүлжээ. Үүнтэй адил Монголын хөөрхий сэтгүүлчид сонгуулиар л нэг сайн цадах юм даа. Зурагтаар 20 хон минут ярилцлага аваад л 10 сая төгрөг нэхдэг телевизийн сувгуудын тухай сураг сонгуулийн үеэр тасрахгүй.

Монголд мэргэжлийнхээ ажлаа хийгээд цалин авах боломжгүй мэргэжилүүдийн тоонд сэтгүүлчид тооцогдох хэдий ч тэдний онцлог бол сонгуулиар ажиллаад авбал цодойтолоо цадна гээч. Ерөөсөө олигтойхон намыг бараадаад авсан сэтгүүлчид цадаад зогсохгүй шагнал авна. Иймэрхүү нам бараадсан сэтгүүлчид өнөөдөр бараг л мэргэжлийнхэн дотроо гавьяат сэтгүүлчид, баатар сэтгүүлчид эсвэл намын сэтгүүлчид гэх мэт цолтой болжээ.
Жинхэнэ сэтгүүлч хүн бол шүүхийн танхимд гэрчээр татагдсан гэрчтэй л адил нийгэмд үйлчлэх ёстой гэсэн сэтгүүл зүйн олон улсын ойлголт бий. Монголын сэтгүүлчид юун гэрчлэхтэй манатай харин нийгмийнхээ эсрэг хуйвалддаг бараг л улстөрчдийг хамгаалдаг өмгөөлөгчид болчихсон. Жинхэнэ бичдэг, олон нийтийг анхааруулдаг, нийгмийг болгоомжлуулдаг бас улстөрийг хэний ч талыг барихгүйгээр шаарддаг цаашлаад намуудын даалгавраар хор найруулж өгүүлэл бичдэг нөхдийг шүүмжилдэг хариуцлагатай сэтгүүлчид Монголын нийгэмд дутагдана. Сэтгүүл зүйн мэргэжил ерөөсөө мэргэжил гэхэд хэцүү болжээ.
 
Сэтгүүлчид гэрчийнхээ үүргийг гүйцэтгэж үгээ хэлэхгүй явсаар өнөөдөр Монгол оронд улстөрийн дампуурал туйлдаа хүрсэн биш үү. Хэрвээ сэтгүүлчид цаг тухайд нь шүүмжилж тухай бүрт нь үнэнийг зоригтой хэлж илрүүлж дэлгэж явсан бол улстөрчид юу гэж ингэтлээ даварч намуудаас төрсөн тэрбумтангууд нийслэл хотоор дүүрэн болох вэ дээ.
Сэтгүүлчид мэргэжилийнхээ ажилд үнэнчээр хандаагүйгээс сонин сэтгүүлээд олон нийтийн толь биш хувь хүмүүсийн болон олигархиудын авгай хүүхдүүдийн реклам танилцуулгууд болжээ. Авилгал дээд цэгтээ хүрсний гайгаар улс орноо хэдхэн улстөрчдийн гарт тоглуулж буй эмгэнэлт явдал яагаад цэцэглэсэн бэ гэхээр сэтгүүлчид ажиллаж чадсангүй. Тэд мэргэжилдээ үнэнч байсан бол арай л өөр дүр зураг өнөөдөр харагдах байсан болов уу.
Сэтгүүлчид зөвхөн хэвлэл мэдээлэлийг улстөржүүлсэн улстөрийн барьцаанд орж тэдний төлөө улстөржиж амиа аргацаасаар унших ч сонин олдохоо больжээ. Нэгэнт амиа аргацаасан барьцааны сэтгүүлчид байхад хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай ярих шаардлагагүй мэт. Мэдээж хүчтэй чадварлаг сэтгүүлчидтэй оронд л хэвлэл мэдээллийн эрх чөлөөг шаарддаг болов уу. Монгол оронд хэвлэл мэдээллийн эрх чөлөө бий. Харамсалтай нь эрх чөлөөтэй сэтгүүлчид алга байна шүү дээ.
Хэн нэг улстөрийн нөлөөтэй хүний нөмрөг дор амьдарцгааж хэзээ ч бичих гэсэн зүйлээ бичиж чадахгүй хэзээ ч мэдэж авсан зүйлээ ил гаргаж чадахгүй нуун дарагдуулж бусдын амаар донгодох хувь заяатай сэтгүүлчид мэргэжлийн хүмүүс биш барьцааны хүмүүс л гэмээр. Хаана ардчилал бий вэ гэвэл улстөрчид сэтгүүлчидээс айдаг газар бий гэдэг. Тэгвэл Монгол оронд улстөрчийн авгай эсвэл нөхөр нь сэтгүүлч эсвэл улстөрийн аль нэг намын хувийн хөлсний хүмүүс л сэтгүүлч байсан хойно хэнээс ч айх билээ.
Ярилцлага нэрийн дор улстөрч нэртэй хүмүүсийн бичиж өгсөн зүйлд асуултууд шургуулж ярилцлага нэртэй найруулан бичгүүд сэтгүүлчдийн хийдэг дуртай ажил. Ярилцлага хийчихээд түүнийгээ хэвлүүлэхийн өмнө яаж хариулсныгаа засаж хэвлэлтэнд оруулахаас өмнө араас нь хөөцөлддөг улстөрчид олон. Тэд согтуу байхдаа л ярилцлага өгсөн байж дээ. Түүнээс биш нэгэнт ярилцлага өгсөн мөртлөө засаж засварлаад яриагаа зохион бичлэг болгодог хүмүүсийг ямар эрүүл гэх вэ дээ. Тэднийг сэтгүүлчид л өөгшүүлнэ.
Италийн сэтгүүлч Роберто Савиано улс орондоо явагдаж буй эдийн засгийн гэмт хэргийн тухай зоригтойгоор шүүмжлэн бичиж тэр ч бүү хэл гол буруутнуудын нэрийг бичсэн тул өнөөдөр түүнийг алах гэж занасан бүлэглэлүүд олон болжээ. Түүнийг Италийн цагдаагийн байгууллага хамгаалалтандаа авчээ. Савиано 2006 оноос эхлэн хамгаалалтанд орж түүний хаана амьдардаг хаяг маш нууц бөгөөд зөвхөн гэрийнхэнтэйгээ уулзах боломжтой.
Нам бараадсан сэтгүүлчдэс хамгийн их хоол унд сайтай яваа нь уул уулхайг бараадсан сэтгүүлчид. хуул уурхайн компануудыг өмгөөлдөг өмгөөлөгч сэтгүүлчид цаашлаад тэднийг бас хамгаалдаг улаан хамгаалагч сэтгүүлчид мөнгөтэй байна. Мэргэжлийн утгаараа бол сэтгүүл зүй реклам зар сурталчилгаа биш, утга зохиол биш бас яруу найраг биш гэдэг. Монгол оронд бол жинхэнэ сэтгүүлчдийн хийдэг ажил бол уул уурхайн компануудын зар сурталчилгаа. Олон ч сонин сэтгүүлүүд Айвэнхо Майнз, Рио Тинто гээд л гадаадын компаниудын бууны нохой болсон доо.
Сэтгүүл зүй гэсэн нэртэй жинхэнэ зориг хатуужил шаардсан энэ мэргэжил журналист, репортер мөн корреспондэнт гээд л ямар их нарийн мэргэжил вэ. Харамсалтай нь социализмаас хойш ардчиллын жилүүдэд репортер ч үгүй, корреспондэнт ч үгүй бас журналист ч үгүй ердөө л намуудын улстөржсөн сэтгүүлчидтэй болжээ. Хэзээ Монгол оронд яг мэргэжлээрээ ажиллаж нийгэмдээ сэргийлэхийн үүргээ гүйцэтгэдэг сэргийлэгч сэтгүүлчидтэй болох болдоо.
Шашины сэтгүүлч, боловсролын сэтгүүлч, банк санхүүгийн сэтгүүлч, уул уурхайн сэтгүүлч гээд л нийгмийн салбаруудыг хянаж шалгаж дүгнэж бичих ёстой сэтгүүлчдийг хэзээ бэлтгэж ард түмэндээ тус үзүүлэх бол. Нэгэнт л мэргэжлийн салбарын сэтгүүлчид бэлтгэгдээгүй тул мухар сүсэгтэй бөө ярьдаг эсвэл парапсихолог ярьж нийгмийн сэхээрүүлэхээсээ илүү мухар сүсэг рүү уриалан дууддаг сэтгүүлчид хүртэл олширчээ.
Ядуу ардуудын хувьд жилд ганцхан л удаа цагаан сар болдог тул ганц удаа цаддаг байжээ. Харин сэтгүүлчидийн хувьд бол сонгуулийг л олон болговол төдий хирээр л олон цадах боломжтой шүү дээ. Одоо улстөрөө олигтойхон хийж энэ жилдээ багтаж сонгууль хийлгээд амжвал цадах боломж мөн ч их байна даа. Ялангуяа нам бараадсан сэтгүүлчид улстөрчидөд нөлөөлөх амархан шүү дээ.
Эх сурвалж: Цаг төр

URL:

Сэтгэгдэл бичих