Гал үндэстэн, цагдаа нарын дунд “сөргөлдөөн” үүслээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн албан хаагчид  “Гал үндэстэн” хөдөлгөөнхнийг “саатуулан” шалгажээ. Энэ явдал өчигдөр  12.00 цагийн орчимд боллоо. Эх сурвалжийн хэлснээр “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд гэр барих гэж байгаад  саатуулагдсан аж. Өнгөрөгч долоо хоногт тус хөдөлгөөнийхөн төв талбайд “Бүгдээрээ хэлэлцье” нэртэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байгаа. Тэд хэлэлцүүлэгээ олон нийтэд хүргэхийн тулд гэр барих шийдэлд хүрсэн нь цагдаа нарын эгдүүг хүргэжээ. Өчигдөр 12.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн гаднах талбайд морьтой арав гаруй хүн,  бусад дэмжигчдийн хамт уриа, лоозон барьж эсэргүүцлээ илэрхийллээ. Эсэргүүцэгчид гартаа “Эх нутгаа хамгаалсан, харийнхны гарт бүү өг” гэсэн утга бүхий лоозон барьсан байжээ.
“Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн гэр барих зөвшөөрөл авах гэсэн боловч цагдаагийнхан өгөөгүй аж. Үүнд нь “шарлахсан” тэмцэгчид өөрсдийн дураар гэр барихаар завдсан байна. Үйл явдлын талаар тус хөдөлгөөний гишүүн Ц.Мөнхбаяраас тодруулахад “Хулгайч” цагдаа нарт гэрээ алдчихаад арай хийж буцааж аваад байна.  Гэр барих гэсний төлөө цагдаа, иргэн хоёрын дунд муур хулгана боллоо. Одоо манай гишүүд морь унаад хотын төвөөр явах болно” гэсэн юм. Харин 16.00 цагийн орчимд тус хөдөлгөөнийхөн цагдаагийн газраас гэрээ авч 32-ын тойрогт барьж байгаа мэдээлэл ирсэн юм. Эх сурвалж тэднийг  гэрээ нэг хоногийн хугацаатай түр барьсан гэлээ.
Албаны хүмүүсийн яриагаар бол “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн гэр хулгайлсан байж магадгүй гэсэн үндэслэлээр шалгагджээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтэст “гэр хулгайд алдагдлаа” гэсэн мэдээлэл ирсэний дагуу хөдөлгөөнийхнийг шалгасан гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих