Н.Алтанхуягийн шахсан нүүрсний цацрагийн хэмжээ тав дахин их гэв үү
Өнөөдөр Улаанбаатарын утаа улам өтгөн, гашуун болчихжээ. Эрх баригчид утаа 10 орчим хувиар буурч байгаа тухай худал мэдээлж байснаа мэдээллийг хаах шийдвэр гаргав бололтой. Засаг төрийн эрх баригчид, хотын удирдлагууд худал мэдээлэл цацаж олон түмний тархийг угааж байснаас мэдээллээ бүрмөсөн зогсоосон нь дээр л дээ. Өнөө өвлийн хувьд нийслэлийн утаа яагаад улам өтгөн, гашуун болов гэдэгт ганцхан хариулт бий. Иргэдийнхээ түлээ нүүрс бэлтгэх ид үеэр Ардчилсан намын удирдлагууд, тухайлбал Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат нар сонгуулийнхаа шоунд гарч билээ. Монголд хамгийн их утаатай, хамгийн чанар муутай Багануурын нүүрсийг авчирч “хямдруулсан” нэрээр иргэддээ шахсан. Сонгуульд ялж байвал хотын утаа ямар хамаатай юм гэсэн сэтгэлээр хандсан. Н. Алтанхуяг шуудай бариад нүүрс буулгаж байгаа газар зогсож байсныг манайхан зурагтаар харсан. Буянтны дүрд тоглон “Нүүрс хямдруулан иргэддээ олгож байна” гээд зальжин нүдээр инээмсэглэж байсныг та бүхэн харсан биз ээ. Багануурын нүүрс хэмээн шахсан нүүрснийх нь лабораторийн шинжилгээг бусад уурхайн нүүрстэй жишин үзвэл илүү ойлгомжтой болох байх.
Илчлэгийн хувьд Шивээ-Овоо 2800-3000, Багануур 3000-3400, Шарын гол 3600-3800, Тавантолгой 8000-12000 ккал/кг. Эндээс харахад биднээс харамлан Хятад уруу гаргаад байгаа Тавантолгойн нүүрсний илчлэг Ерөнхий сайдын шахаж байгаа Багануурын нүүрсний илчлэгээс 3-4 дахин илүү байгаа биз. Одоо утааг нь авч үзье. Шивээ-Овоогийнх 42, Багануурынх 36.5, Шарын голынх 30, Тавантолгойнх есөн хувь байгаа юм. Утаажуулах талаар Багануурын нүүрс нь Тавантолгойнхоос дөрөв дахин их байна. Энэ нь нийслэлд Тавантолгойн ил шатаж байгаа нүүрсийг авчраад түлэхэд л хотын утаа дөрөв дахин буурна гэсэн үг.
Үнслэгийг нь авч үзье. Шивээ-Овоогийнх 15, Багануурынх 10.6, Шарын голынх 10, Тавантолгойнх найман хувь байна. Чийглэгийг нь авч үзвэл Шивээ-Овоогийнх 41.6, Багануурынх 37.5, Шарын голынх 34, Тавантолгойнх 30 хувь байгаа. Энэ бол Геологийн төв лабораторид хийсэн судалгаанууд юм.
Эндээс авч үзвэл Н.Алтанхуяг хамгийн муу илчлэгтэй, хамгийн их утаатай нүүрсийг орон нутгийн сонгуулийн өмнө нийслэлийнхэндээ шахсан нь илт байгаа биз. Тэрбээр илчлэг, утааны хувьд үүнээс ч муу үзүүлэлттэй нүүрс авчирч шахсан байж магадгүй. Багануурт хоёр янзын уурхай бий. Нэг нь их уурхай. Нөгөө нь Гүн галуутайн хуучин уурхай. Гүн галуутайн нүүрс ус шавартай муу нүүрс. Зун ухаж гаргаад хатаачихдаг, өвөл болохоор илч нь барагдаж, утаа нь ихэссэн нүүрсийг ядарсан ард түмэндээ түгээдэг юм байна л даа. Буянтны дүрд тоглосон Ерөнхий сайд маань арай тэр нүүрснээс авчраад шахчихсан биш байгаа даа гэх хүмүүс таарч л байна. Юутай ч одоо бүх зүйл өнгөрсөн. Утаа, үнс болоод Улаанбаатарын агаарт, бидний биед шингэсэн.
Энд хамгийн эмзэглэмээр нэг зүйл бий. МУИС-ийн цөмийн физикийн лабораторийн шинжилгээний дүнгээр Багануурын уурхайн нүүрсний цацрагийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс тав дахин их гарчээ. Энэ тухай тодорхой материал доктор Норовын эрдэм шинжилгээний бүтээлд байдаг гэсэн. Цацрагийн энэ үзүүлэлтийг дээгүүрээ маш их нууцалдаг, ил гаргаж тавих гэсэн хүмүүс бурууддаг гэх яриа ч бий. Хэрвээ энэ үнэн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний үнэнч нөхөд нийслэлийнхнийг зөвхөн утаагаар бус цацраг идэвхт бодисоор давхар хордууллаа гэсэн үг. Иймээс мэргэжлийн хүмүүс, иргэдийн оролцоотой шалгалт хийж нэгэн тийш шийдвэрлэх нь хэрэгтэй байна. Улс үндсээ, ард түмнээ гэсэн бодолтой бүх хүн Улаанбаатар хотын утааны талаар санаа зовж ирсэн. Тэдний нэг нь МУИС-ийг 1969 онд цахилгааны инженер мэргэжлээр төгсч Түлш эрчим хүч, Геологийн яам, нийслэлийн ТЭЦ-3, ТЭЦ-4 станцуудын хамаг хэцүү бүхнийг нугалж явсан инженер Д.Рэнцэндорж гэж хүн яалтгүй мөн. Энэ хүнийг нөхөд нь нүүрсний хувьд бол “бурхан” гэх юм билээ. Монголын түлш, эрчим хүчний бүх нарийн тооцоо судалгаа энэ хүний толгойд ч бий. Том хавтсанд нь ч бий. Намайг “Монголын мэдээ” сонинд ажиллаж байхад энэ хүн ирж уулзаж байлаа. Ингэхдээ нийслэлийн утааг гуравхан сарын дотор 50-60 хувь бууруулж болно гэсэн том төслийг тэрбээр авч явсан юм. Мэргэжлийн биш миний хувьд мэдэх ч юм байсан, мэдэхгүй ч юм их байсан. Ингээд л бид хоёр “дөрөө нийлүүлж” гарсан даа. Би сонинд бичих үүрэгтэй, Д.Рэнцэндорж маань төслөө хотын хамгийн жижиг даргаас эхлээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүртэл танилцуулах үүрэгтэй. Гэтэл хүлээн авч төсөлтэй танилцах, тайлбар сонсох хүн олддоггүй юм билээ.
Төслийн гол утга санааг энд товч сийрүүлье. Д.Рэнцэндорж бол Тавантолгойн утаагүй, үнсгүй, асар өндөр илчлэгтэй нүүрсээр Улаанбаатар хотоо хангая л гэсэн бодолтой хүн. Яахав, хятадуудад бараг үнэгүй шахам гаргаж байсан жинхэнэ коксжсон нүүрсээ азная гэж бодъё. Хятадуудын голоод хаячихсан, ил шатаж байгаа олон мянган тонн нүүрсийг л хот уруу оруулж иргэдийнхээ өвлийн хэрэгцээг хангахад нэгдүгээрт, илчлэг өндөр учир бага орно. Хоёрдугаарт, хотын утаа 50-60 хувь буурна гэж тооцоолсон юм. Дээхнэ үед оросууд Монголоос авах зүйлээ сорчилдог байсан. Адуу авна л гэхэд малин таараагүйг бол авдаггүй байж билээ. Одоо хятадууд бол Монголын баялгийг мөн л сорчилж байна. Уул нь 75 см-ээс нэг метр хуулж жинхэнэ сайн нүүрсэндээ хүрдэг бол хятадууд 1.5 метр хуулж хаядаг. Тэр өнгөн хэсгийн нүүрс зүгээр л шатаж байдаг юм байна. Д.Рэнцэндорж инженер маань тэр дэмий шатаж байгаа нүүрсийг Улаанбаатартаа оруулж ирэн айлуудад түлэхэд илчлэг сайн, утаа буурна гэж тооцоолсон байгаа юм. Тэгээд газар дээр нь бэлтгэх, Чойр уруу машинаар зөөж, тэндээс Улаанбаатарт галт тэргээр авчрах, нийслэлийн гурван цэгт хүлээн авч борлуулах маш нарийн төсөл хийсэн л дээ. Инженер маань Тавантолгойгоос авчирсан нүүрсийг эхний жилд Багануурын нүүрсний ханшаар борлуулна гэж байгаа. Би болохоор эхний жилд, ард түмэндээ өгч байгаа “Байгалийн хишиг” гэдэг утгаар нь үнэгүй тараая гэж байгаа юм. Улаанбаатарын гэр хорооллыг нэг өвөлдөө хангах нүүрс гэдэг чинь Тавантолгойн уурхайнуудын хувьд бол дуслын төдий юм. Тэртэй тэргүй хятадууд сорчлоод хамгийн хямд үнээр зөөж байгаа. Улсад орсон нь хэдий хэр байдаг юм, уут халаасанд орсон нь бол дэлхий даамгүй их л гэцгээх юм билээ.
Инженер Д.Рэнцэндорж бид хоёр ёстой л хөлөө хүрэх газар явсан даа. Хотын дарга нар сэтгүүлчидтэй уулзахад би нийслэлийн Засаг даргын орлогч асан Да.Ганболдоос асуулаа. “Хотын утааг гуравхан сарын дотор 50-60 хувь бууруулах төслийг та нар хэрэгсэхгүй юм. Наад утаагүй зуух, утаагүй түлш гэдэг чинь зүгээр л ах дүү танил талдаа их мөнгө шахсан үйлдэл болоод байна. Д.Рэнцэндорж инженерийн төслийг туршиж үзвэл ямар вэ?” гэсэн чинь “Тавантолгойн уурхайнууд хувьчлагдаагүй болохоор болохгүй байна” гэсэн. Тэгж ойлгож байгаа хүнтэй чинь юу ярих билээ. 2007 онд инженер Д.Рэнцэндорж маань нийслэлийн ИТХ-д хандсан. Тэгсэн чинь “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар ирүүлсэн таны саналыг хүлээн авч ажил хариуцсан хүмүүст уламжлав. Нийслэл хотын тулгамдсан асуудлаар үнэтэй санал ирүүлсэн тэнд талархал илэрхийлье. Дарга Н.Болормаа” гэсэн хариу ирүүлээд л өнгөрсөн юм.
Д.Рэнцэндорж маань Засгийн газарт олон удаа хандан инээдтэй хариу авсан даа… “Тавантолгойн уурхайн чулуун нүүрсийг эрчим хүч гаргах зориулалтаар, тэр тусмаа Улаанбаатар хотын гэр хорооллуудад хэрэглэх нь утааны бохирдлыг улам ихэсгэж, түлшний зардлыг нэмэгдүүлж, экологи, эдийн засгийн хувьд илүү хүндрэл учруулах магадлалтай, илчлэг өндөр тул гэрийн зууханд тохиромжгүй байна гэж дүгнэлт гаргасан болно. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны төслийн ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэгч Д.Хүрэлбаатар” гэсэн нэг хариу бий. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав гэхчилэн худал үнэн бичиг тоот ирүүлсэн олон байгууллага, хүмүүс бий. Гол нь юу гэж татгалздаг вэ гэвэл Тавантолгойн нүүрс нь илчлэг ихтэй учир зуух яндан хайлуулах бололтой шалтаг заадаг л даа. Тэгвэл Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн төв, орон нутагт олон газар Тавантолгойн нүүрсийг түлж байгаа. Шатаад, хайлаад алга болсон сураг одоо болтол гардаггүй л юм. Тавантолгойн коксжсон нүүрсийг түлэхэд анхаармаар зүйл бий л дээ. Шавар пийшинд юм уу, тоосгоор доторлосон зуух, пийшинд түлбэл сайн. Бусад нүүрс шиг бөөн бөөнөөр нь асгаж түлдэггүй, бага багаар аргал мэт зэрэглэж түлдэг, тогоо, данх савнаасаа нэлээд доор дөлөнд нь халж буцалгах байдлаар байрлуулах гэхчилэн анхаармаар зүйл бий. Хамгийн гол нь утаагүй, илчлэг өндөр. Манай говийнхон бол нүүрсээ шатаад цогшиж дуусахаар нь үнсийг нь эргүүлж аваад цайны шаар, бусад зүйлтэй хольж зуураад түлчихдэг л юм. Онцгой сайн түлш л дээ. Ийм түлшээ “Хятадууд л уушигтай байвал монголчууд яах нь хамаагүй” гээд урагш нь өдөр шөнөгүй зөөгөөд байж болохгүй биз дээ.
Тавантолгойн нүүрсийг нийслэлийнхэн биднээс харамладаг нь хэдэн нууц шалтгаантай юм гэсэн.
Нэгдүгээрт: Налайх, Багануурын нүүрсний “ченжүүд” Түлш, эрчим хүчний яамыг дэд сайдаас нь эхлээд эзэлчихсэн, одоо хэр зарим нь төр засгийн удирдлагад байгаа. Тэд Тавантолгойн нүүрсийг оруулж ирвэл ашгаа алдана гээд үхтэл айдаг юм гэсэн.
Хоёрдугаарт: Ерөнхий сайдаасаа эхлээд мэргэжлийн биш сайдад “хайртай”. Мэргэжлийн, өндөр мэдлэг чадвартай хүн байвал “цор цор” гээд амар заяа үзүүлэхгүй. Түүний оронд нүүрс, чулуу хоёроо, зэс алт хоёроо ялгахгүй шахам сайд байвал “Номхон морь, ноолоход амар” гэгчээр дуулгавартай байдаг гэнэ. Жишээ нь, саяхан М.Энхсайхан төмөр замын дарга болоод улс оронд хэрэгтэй зүйл хийх гэсэн чинь хэдэн сайд дарга нар хавсайдаад унагачихлаа шүү дээ. Н.Алтанхуягт бол ийм өндөр мэдлэг мэргэжилтэй хүн аранга л даа. Түргэхэн л зайлуулсан нь дээр болсон.
Гуравдугаарт: Түлш, эрчим хүчний салбар гэдэг чинь том шахааны газар. Аль ч Засгийн газар, тэндхийн эрх мэдэлтнүүд хотын утаа тоос гэхээсээ шахааны бизнесээ урьтал болгож хардаг.
Дөрөвдүгээрт: Төр засаг, хотын удирдлагын дээд төвшинд утаа бууруулах талаар тун сайхан ярьж чаддаг боловч үнэн сэтгэлээсээ ханддаг хүн тун ховор. Яагаад гэвэл тэдэнд утаа тоосны хор уршиг хэзээ ч мэдрэгдэхгүй. Энэ сайд, дарга нар чинь хүйтний уур амьсгал оров уу, үгүй юу л гэр бүл, үр хүүхдүүдээ гадаадын орд харш уруугаа явуулчихаад хавар дулаан болохоор авчирдаг. Саяхан Төрийн өмчийн хороо, МИАТ- ын удирдлагуудын мөнгө угаасан бүлэг хэргийг шалгахад ихэнх нь гадаадын хамгийн сайхан газруудад орд харштай болчихсон байна билээ. Тэгэхээр энэ УИХ, Засгийн газар уруу амь амьсгаагүй зүтгээд байгаа хүмүүс бүгд л гадаадад тансаглаж байгаа шүү дээ. Өөрсдөө хотод үзэгддэг ч өглөө оройн энэ их утааны үеэр уулын амуудын тансаг орд харшдаа очдог. Тэд утааны зовлонг мэддэггүй. Бие нь жаахан чилээрхвэл цай уух зуур харь оронд очиж шинжилгээ хийлгэчихээд ирдэг ийм хүмүүс утаа тоосны зовлонг яаж мэдэх юм бэ?!
Ийм байдлуудаас болоод нийс лэлийн утаа буурах нь бүү хэл улам нэмэгдээд байгаа. Бидний үеийнхэн нь утуулсаар байгаад амьсгал хураадаг юмаа гэхэд Монголын хойч үе хэцүү еэ. Эрх мэдэлтнүүдэд даанч сэтгэл дутаад байна. Инженер Д.Рэнцэндорж хоёр дахь том төслөө барьчихсан явна. Энэ нь хотыг хоёр тийш нь тэлэх “Улаанбаатар-2”, ”Улаанбаатар-3” төслүүд юм. Олон жил яригдсан ТЭЦ-5-ыг хаана барихаас бүх зүйл шалтгаална гэнэ. Нутаг булаацалдсаар байгаад ТЭЦ-5-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Чулуут, Хүрхрээгийн амуудын бэл доор барихаар шийдсэнийг “Хамгийн харанхуй хүмүүсийн бодлого” гэж нэрлэж байна. Хэрвээ энд ТЭЦ-5-ыг баривал хотын агаарын бохирдол 2-3 дахин нэмэгдэнэ гэнэ. ТЭЦ-5 бол том станц, асар уужим талбай эзлэх гэнэ. Нүүрс, үнс, утаа гурав нь хотыг харанхуйлж, Богдхан уул бараг харагдахаа болих юм байх. Туул гол, станцын хаягдал, үнс хоёроор урсч байснаа ширгэх аюултай. Ийм газар орныг сонгож авсан сайд, дарга нарт үнэн сэтгэлээсээ гомдон гасалж байна билээ.
Д.Рэнцэндорж Улаанбаатар хотыг хэдэн удаа тойрч газар үзжээ. Хамгийн тохиромжтой газар нь Сонгино хайрханы баруун талд Алтанбулаг сумын хойгуур Туул-Овоотын гүүр хүртэл 60 гаруй км урт хөндий байгаа. Энд ТЭЦ-5- ыг баривал нэгдүгээрт, усандаа ойр, нөгөө бохирлогдон урсаад байгаа Туулын усаар станцаа хангах боломжтой. Хоёрдугаарт, Богдхан уулын өмнө талаар тавигдах төмөр зам Сонгины төмөр замтай очоод холбогдчихно. Лүнгийн хар замаас хэдхэн км татаад л засмал замдаа холбогдоно. Гуравдугаарт, утаа нь гол хөндийн салхины урсгал дагуу цаашаа явна. Улаанбаатар хотод нөлөөлөхгүй. Дөрөвдүгээрт, Туул-Овоотын гүүр хүртэл орон сууцны 20 хороолол барих талбай бий. Эхний ээлжинд найман хорооллыг нь сургууль цэцэрлэг, эмнэлэгтэй нь дав даруй эхлүүлж хотын иргэдийг тийшээ нүүлгэх. Хорооллууд нь 1-2 өрөөтэй, зарим нь нийтийн хямд төсөр байр байх шаардлагатай гэнэ. Тэгвэл хотын захын гэр хорооллынхон, газар чөлөөлөхөд өртөгсөд тэнд эрүүл агаарт тааваараа аж төрж болох юм байна. Засмал замтай, энэ хахаж цацсан олон автобус тэнд л үйлчлэх боломжтой гэнэ. Энд ТЭЦ-5-ыг барьж, нэгдүгээр ээлжийг нь 2014- 2015 онд ашиглалтад оруулахад зэрэгцээд л орон сууцны шинэ хорооллууд, үйлчилгээний бүх газартайгаа ажиллаж эхлэхээр зохион байгуулах хэрэгтэй гэнэ. Инженер маань Туул-Овоотын гүүр хүртэл энэхүү бүтээн байгуулалтын зураг төслөө “Улаанбаатар-2” гэж нэрлэж байгаа юм. “Улаанбаатар -3” нь хойшоо төмөр зам, засмал замын дагуу байрлах юм байна.
Д.Рэнцэндорж инженерийн дөрөв дэх төсөл нь Улаанбаатар хотыг 370 жил ундны усаар тасалдуулахгүй хангах төсөл юм. Энэ төслийн хүрээнд Гачууртын дээд биед Туул гол дээр борооны ус тогтоох томоохон нөөц сан барих юм байна. Сан барьснаар Улаанбаатар хот ундны усны хомсдлоос бүрэн ангижирна хэмээн тооцоо судалгаа гаргажээ. Энэ судалгаа төслийн асар их материал инженерт өөрт нь яваа билээ. Тэрбээр хотыг ингэж хөгжүүлбэл улаанбаатарчууд утаа тоосгүй, ус ундаатай амьдарч болно доо гэж ярьдаг юм. Гол нь ТЭЦ-5-ын байрлалаас их зүйл шалтгаалах юм билээ. Тэр аварга том станц сэтгэлд нь ч багтахгүй яваа сайд дарга нар яаж Баянзүрх дүүргийн тэр алга дарамхан газарт станцыг багтаах юм бэ?! Эхлүүлсэн болж рекламдаад л орхиод явна шүү дээ. Улаанбаатарчууд хоолой дээрээ утаатай байсан бол “хутга”-тай болж үлдэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан Засгийн газрын хуралдаанд оролцож утааны талаар хатуухан үүрэг тавилаа. “Д.Тэрбишдагва сайд “хэрэглэгчид хаан” гэдэг их оновчтой үгийг гаргасан байна лээ. Гэтэл нөгөө хаадуудын чинь 40 хувь угаартаад унах нь байна…”, ”Ер нь яндан бүхний цаана эзэн, иргэн сууж байгаа. Иргэдийн энэ асуудлыг шийдэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага тооцмоор байна” гэж хэлсэн. Ёстой л хариуцлага тооцдог цаг хаяанд ирчихээд байна даа.
Инженер Д.Рэнцэндорж гэдэг хүн маань, өндөр мэдлэг мэргэжилтэй, өөрийн гэсэн сэтгэж бодох толгойтой, түлш эрчим хүчний талаар А ч үгүй ”махан мантуу”-нуудтай айж хулчийлгүй үзчихдэг, түүнээсээ болж хөгцтэй араанд зуугддаг, тийм л нэг хөөрхийлэлтэй хүн билээ л дээ. Одоо нас жар гарсан. Өнөөгийн энэ дарганцаруудаас хэн нь ч дэмжихгүйг мэдсээр атлаа зуслангийн байшиндаа зузаан зузаан ном тавьчихсан зураг төсөл шагайж л суудаг хүн. Ийм хүн сайд хийвэл Монгол Улс яасан түргэн хөгжих бол гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү.
/Соёлын гавьяат зүтгэлтэн/
URL: