“Чойрчээ”
Эрхэм түшээг “эрэн сурвалжилж” байна. Сүүлийн үед сураг алдраад удаж байгаа энэ хүнийг УИХ-ын гишүүнд тооцох эсэх нь эргэлзээ дагуулах болов. Энэ удаагийн сонгуулиар мөнгө тараасан хэргээр нь шүүхийн байгууллага “эрүүдэж”, эргүүлэн татах нь зүйтэй хэмээн шийдвэрлээд байгаа. Мэдээж, түүнд давж заалдах эрх бий. Гэхдээ энэ удаад түүнийг сонгогчид нь “эрэн сурвалжилж” байна. УИХ-ын танхимд Увсчуудын төлөөлөл харагдахаа больсон учраас эрж хайж эхэлжээ. Өмнөх парламентад ч хэл ороогүй тэр эрхмийг хувийн бизнестэй нь холбоотой хуулийн төсөл хэлэлцэх үеэр л дугуй танхимд морилдог гэдэг. Юутай ч мань эр сүүлийн үед чуулганы танхимд бүр ч үзэгдэхээ болив. Зарим нэг нь дүрэвсэн гэнэ лээ гэж ч алиална. Ирцийн бүртгэлд өвчтэй, чөлөөтэй, тасалсан гэх аль нэг шалтгаанд хамааруулаагүйг бодоход эрхэм түшээ Төрийн ордонд байгаа ч юм шиг. Намын нөхөддөө үзэгдэхээ болиод удсаныг бодохоор байхгүй ч юм шиг.
Өмнөх парламентад ч тоотойхон үзэгддэг энэ ховор хүнийг урьд нь зөвхөн Увсынхан л таньдаг байсан гэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн үед сонгогчдоо мөнгөөр “цохиж” унагадаг Чойжоо гэхээр хот, хөдөөгүй андахаа больж. Өмнөх сонгуулиар ч хамгийн их мөнгийг хаа тааралдсан газраа хаялж гарч ирсэн гишүүнээр ангийнхнаа тэргүүлж, алтан цом “гардах” шахсан нэгэн. Ингэж их хөдөлмөр гаргасан атлаа мань хүн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гуравхан хууль л санаачилжээ.
Ингэхдээ “Хурд-Хүнс” компанийнхаа ОХУ-ын “АРТА”-гаас импортолдог “Шар сүү”-г оруулж ирэхийн тулд сүүн дээр тавих татварыг тэглүүлчихсэн гэж байгаа.
Бас болоогүй ээ, газар сайгүй цацсан мөнгө нь газар тариалан мэт “арвижсан” мэдээллийг Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. Тухайлбал, УИХ-д сонгогдсон жилийнх нь орлого 1.361.616.3 байсан бол 2010 онд 4.016.984.0 төгрөг болон даруй гурван тэрбум төгрөгөөр өсчээ. Түүнчлэн Б.Чойжилсүрэнг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байх үед түүний мэдэлд “Хурд-групп”, “Хурд-Хүнс”, “Хурд-Авто” гэх гурван компани байсан бол өдгөө 15 болтлоо өргөжсөн байх юм. Охин компаниуд нь “Рапид харш”, “Хаусинвест”, “Талын шонхор”, “Саудгобикоэлтранс”, “Саудгобиблейкгоул”, “АпартментКейЭйч”, “Хурд ложистик”, “Хурд-Автомотив”, “Хурд-Интернэшнл” гэх зэрэг гоёмсог нэртэй.
Зайтай Чойжоо Тавантолгойн хувьцаа эзэмшигч төдийгүй нүүрсийг нь урд хөрш рүү тээвэрлэгч компанитай гэж байгаа. Уг нь Тавантол¬гойн нүүрсийг түүхийгээр нь гаргахгүй, автомашинаар зөөхгүй, харин угааж, баяжуулаад галт тэргээр, усан онгоцоор зөөнө гэж эрх баригчид том дуугардаг. Иймдээ ч Тавантолгойн нүүрсний замыг төрөөс хаах шийдвэр гаргаж байлаа. Гэвч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн лоббигоор эргэж нээсэн гэлцдэг. Үнэндээ ч Тавантолгойн тээврийн бизнес дээр гишүүн Б.Чойжилсүрэн¬гийн “Хурд” компани хүч¬тэй, бас давамгай эрхтэй юм гэнэлээ. Нийтдээ 170 гаруй машин¬аар тээвэр хийдэг компанийнхаа талаар өөрөө “Би 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилогдсоноос хойш энэ компанийн хувьцаа эзэмшигч болсон. Надтай хамтарч ажилладаг залуус хүссэн хүсээгүй шинэ бизнесүүд рүү орж байна. Тэдний нэг нь энэ тээврийн бизнес” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, төмөр торны цаадтай “цөлөгдөөд” байгаа Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Тамгын газрын дэд даргаар нь томилогдож, Тавантолгойн хувьцаа эзэмшигч болсон нэгэн. 2006 оноос хойш Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж байгаа атлаа 260 км замыг бусад компанитай хамтраад засмал зам болгочих сэтгэл нь дутсан гишүүн. Энэ ажлыг санаачилж хийх хугацаа түүнд хангалттай байсан ч ажил хэрэг болсонгүй. Сайжруулсан шороон замаар 73 тонн ачаа ачсан машин явах боломжтой гэдэг. Гэтэл тэр замаар нь 100 гаруй тоннын даацтай 1500 гаруй машин өдөр шөнөгүй давхиж, тэднээс хамаарсан ослын улмаас хүний амь эрсэдсэн мэдээлэл ч олон. Тухайлбал, замыг дөнгөж нээсний дараахан Тавантолгойн нүүрс тээвэрлэж явсан 76-45 УНЖ, 76-37 УНЖ дугаартай машинууд Хятадын Шинхуа группийн 29-85 УНЧ дугаарын машинтай мөргөлдөж хоёр хүн амиа алдсан мэдээлэл Б.Чойжилсүрэн гишүүний компанид хамаатайг хуулийн байгууллага тогтоож шуугиан тарьж байлаа.
Эрхэм түшээгийн бизнес хүний амь авч одсон тохиолдол үүгээр эцэслэгдэхгүй. Монголчуудыг сүүний гачаалд орсон үед орос үхрийн шар сүүгээр ханатал нь угжиж боломжийн хөрөнгөтэй болсон энэ эр нийслэлийн аль өнгөтэй, өөдтэй газруудыг “гарт”-аа оруулж, тэнгэр баганадсан өндөр барилгууд сүндэрлүүлэх болсон билээ. Тухайлбал, Хүүхдийн урлан бүтээх төвийн газрын 0.13 га нь эрхэм түшээгийн мэдэлд шилжжээ. Хүүхдүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг энэ газарт 16 давхар зочид буудал сүндэрлэв. Мөн Хан-Уул дүүргийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд баригдаж байсан “Рапид харш” орон сууцны хороолол ч эрхэм түшээгийнх. Тус хорооллын 26 дугаар байрны арваннэгдүгээр давхарт ажиллаж байсан краны цамхаг нурснаар уг краныг жолоодож байсан 26 настай залуу амиа алдсан гашуун мэдээ ч түүнд хамаатай. Гэтэл амиа алдсан энэ залуугийн талаар мэдээгүй, сураг л сонссон хэмээн Б.Чойжилсүрэн гишүүн хэвлэлд ярилцлага өгсөн байдаг.
Юутай ч эрхэм түшээ төрийн ажлаас илүүтэй хувийн бизнестээ илүү хайртай бололтой. Сүүдэр нь байтугай сураг үл дуулдах гишүүнээ сураглах сонгогчдын нь цувааг яалтай билээ.
Л.НИНЖ
Nud.mn
URL: