Ү Бангүө: Хятадын шинэ удирдагчид Хятад Оросын харилцааг чухалчилж байна
ХОУР-гийн мэдээ: БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө орон нутгийн цагаар 28-ны үдээс хойш Владивостокт Оросын холбооны зөвлөлийн дарга Матвиенкотой уулзах үед хэлэхдээ, Хятадын шинэ удирдагчид Оростой харилцаагаа хөгжүүлэхийг маш чухалчилж, Оросын талтай хамтран олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
Ү Бангүө хэлэхдээ, Хятад Орос эрх тэгш итгэлцсэн, харилцан дэмжиж, хамтаар хөгжин, үеийн үе найрсаг байх бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлэх нь хоёр орны удирдагчдын хийсэн стратегийн сонголт байж, хоёр орны үндсэн ашиг сонирхолд нийцэж, цаг үеийн хөгжлийн урсгалыг дагаж байгаа юм. Одоо Хятад Оросын харилцаа боловсронгуй бат бэх, стратегийн хамтын ажиллагааны төвшин өндөр, агуулга баялаг байгаа юм. Хятадын шинэ удирдагчид Оростой харилцаагаа хөгжүүлэхийг маш чухалчилж, Хятад Оросын бүх талын стратегийн түншийн харилцааг гуйвшгүй хөгжүүлэхийг Хятадын дипломат харилцааны тэргүүн чиглэл болгож байгаа. Хятад Оросын харилцаа үргэлжлэн стратегийн хамтран ажиллах, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах, найрсаг хөршийн чиглэлээр хурдтай хөгжинө гэдэгт итгэн найдаж байна гэжээ.
Матвиенко хэлэхдээ, Орос Хятадын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хоёр талын харилцааны олон талаас олж харж болно. Энэ нь Орос Хятадын өөрийн хөгжлийг ахиулсан төдийгүй олон улс болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалахад ч тустай юм. Одоо Орос алс дорнодын бүсийг нээн хөгжүүлэхээр чармайж байна. Хятадын тал идэвхтэй оролцон, хоёр орны аж ахуйн нэгж болон орон нутаг дэд бүтэц, эрчим хүчний нөөц, өндөр технологи зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, харилцан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг сайшааж байна. Оросын тал үүнд хөрөнгө оруулалтын таатай орчинг олгоход бэлэн байна гэжээ. Оросын холбооны зөвлөл БХАТИХ-тай найрсаг хамтран ажиллагааг цаашид эрчимжүүлж, Орос Хятадын харилцааг бүх талаар хөгжүүлэхэд бэлэн байна гэж тэрээр хэлсэн байна. \Сарантуяа орчуулав.\
URL: