МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Д.ТЭРБИШДАГВЫН ТАВЬСАН ИЛТГЭЛ

TWRWRWRWRWRWRЭрхэм нөхөд өө,

Бидний урилгыг хүлээн авч энэ зөвлөлгөөнд оролцож байгаа Эрхэмсэг хатагтай, ноёдоо,

Та бүхний энэ өглөөний амар амгалан эрэн мэндчилж байгааг хүлээн авна уу.

 

Нэг. ШинэчлэлийнЗасгийнгазрынбодлогостратеги

Улсын Их Хурлын  ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар Монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, иргэдийн ажлын байр, ахуйн болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, олон улсын стандартад нийцсэн нийгмийн үйлчилгээг авах боломжийг иргэн бүрт олгох, байгалийн нөөц баялгийг ашиглахдаа хүрээлэн байгаа орчин, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, Төр засгийн бүх шатны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагааг олон нийтэ ил тод, тунгалаг, нээлттэй, шударга болгож, үүрэг хариуцлагыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийн цоо шинэ зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын шинэчлэх стратеги нь чухамдаа шинэчлэлийн бодлогыг оролцогч талуудын хүсэл зориг, олон талт санаа бодол, зөвлөмж, бодит шүүмжлэл дээр тулгуурлан боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх үйл явцыг бүрэн хяналтандаа байлган, алдаа, оноогоо цаг тухайд нь зөв олж харан, засаж залруулан, үр дүнг ил тодоор эргэн тайлагнах явдал юм. Үүнийг товчоор тодорхойлбол: “Шинэчлэлийн засгийн газар бол оролцоог бүрдүүлэгч, тунгалаг, тайлагнагч Засгийн газар” юм.

Оролцоог бүрдүүлэхийн тулд “1111” төв, “Шинэчилж шийдье 2222” хэлэлцүүлэг, “Ард түмэнТа-Хаан” форум, “Төсвийн нээлттэй хэлэлцүүлэг”, “Мэргэжлийн холбоод, судлаачдын саналыг авах”, “Бодлогын зөвлөл ажиллуулах”, “Бизнесийн байгууллагуудыг сонсох” зэрэг бодит тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны ил тод, тунгалаг байдлыг хангах хүрээнд цахим хуралдааны хэлбэрийг нэвтрүүлж, мэдээллийн технологийн боломжуудыг илүү өргөн ашиглах, төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах ажлыг эрчимжүүлж, гүйцэтгэлийн сахилга, хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн бодлого үйл ажиллагаа явуулж байна.

Засгийн газрын тайлагнах үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг дээшлүүлэхийн тулд “хариуцлага, хэрэгжилт, хяналт арга хэмжээ”-г сар бүр зохион байгуулж байна. Мөн тэрчлэн шинэчлэлийн баатар шалгаруулж, шинэ санал, санаачилгыг хөхиүлэн дэмжиж ажиллаж байна.

Хоёр. Шадарсайдынэрхлэхасуудлынхүрээндэхшинэчлэлийнбодлого, стратеги

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа агентлагууд чухамдаа энэхүү том өөрчлөлтийн гол зүтгүүр буюу түүчээгийн үүргийг гүйцэтгэж байна.

Тийм ч учраас өнгөрсөн оны сүүлээр манай агентлагууд хамтран “Ард түмэн Та-Хаан” хэрэглэгчийн үндэсний форумыг Улаанбаатар хотын 6 дүүрэг болон 21 аймгийн хэмжээнд хоёр үе шаттайгаар амжилттай  зохион байгуулсан билээ.

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байгаа агентлагууд ард иргэдийн өмнө хамгийн тулгамдаад байгаа амин чухал асуудлуудыг хариуцан, тэдгээрийг цаг алдалгүй дор дор нь шийдвэрлэж байх нэн хариуцлагатай үүргийг хүлээн байгаагаараа нэн онцлог юм. Тухайлбал, бидний үйл ажиллагааны ихэнх нь нэг хором ч хойш тавихын аргагүй цаг нартай өрссөн тулгамдсан хурц асуудлууд байдгийг та бүхэн мэдэж байгаа.

Эцсийн дүнд энэ бүхэн нь та бүхний үйл ажиллагаа, мэдлэг чадвар, сэтгэлгээ, ажил үүрэгтээ хандах хандлагаас ихээхэн хэмжээгээр шалтгаалах асуудлууд учраас та бүхэнтэй уулзаж байгаа энэ цаг мөчид онцгой ач холбогдол өгч илэн далангүй ярилцаж цаашдын шинэчлэл, өөрчлөлтийн талаар илүү сайн ойлголцолд хүрч, бодлого, стратегээ тодорхой болгож,богино хугацаанд үр дүн гарган ажиллахыг хүсэж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын шинэлэг үйл ажиллагааны эцсийн үр дүн ч эндээс ихээхэн хамааралтай байх болно гэдгийг ойлгон мэдэрсний дүнд Ард түмнээ Хаанд өргөмжлөн дээдэлж, үйл ажиллагааныхаа үндсэн зорилго, хүрэх үр дүнгийнхээ шалгуур болгож байгаа юм.

“Ард түмэн Та-Хаан” үндэсний форумыг зохион байгуулах болсон зорилго нь өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, ард түмний амьдралд ачаа болж байгаа хүнд суртлыг халах, хяналт шалгалтын давхардлыг арилгах, төрийн үйлчилгээг сайжруулах, иргэндээ ойрхон төр байх, ард түмнээ сонсох, хэрэглэгч ХААН байх үзлийг нэвтрүүлэхэд оршиж байгаа юм. Энэ форумын үзэл санаа нь чухамдаа ард түмэн хаан байхыг өргөмжилсөн явдал юм.

Уг форумд  нийслэл, дүүрэг болон орон нутгийн 3000 гаруй  төлөөлөгчид оролцож, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг тал талаас нь гарган тавьж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, засан сайжруулж болох арга замыг хамтдаа эрэлхийлсэнд түүний ач холбогдол оршино.  Энэхүү форумд оролцсон иргэд, олон нийтийн дэвшүүлсэн санал, санаачилгыг үндэслэн 2012-2016 онд Шинэчлэлийн Засгийн газар болон Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд үйл ажиллагаандаа баримтлан хэрэгжүүлэх чиглэлийг  тодорхойлон, үр дүнгийн баримт бичгийг санал нэгтэй батлан гаргасан бөгөөд агентлаг бүр форумын мөрөөр авах арга хэмжээний  төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, санал санаачилга  бүрийн дагуу тодорхой ажил зохион байгуулж, хариу өгөн ажиллаж байна.

Цаашид “Ард Түмэн Та-Хаан” форумыг нийслэл болон орон нутагт жил бүр тогтмол зохион байгуулах нь ард түмнээ сонсож, тэдний өмнө тулгараад байгаа асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж байх, төрийн үйлчилгээг хариуцлагатай болгох,  сайжруулахад ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаа.

Шинэчлэлийн Засгийн газрын өмнөө тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байгаа агентлагуудын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахыг төлөө хийхээр төлөвлөөд байгаа гол өөрчлөлтийн талаар товч дурьдая:

Юуны өмнө Монгол Улсад мөрдөгдөж байгаа 6200 стандартыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор Үндэсний стандартын улсын үзлэгийг явуулж байна. Үүний дүнг үндэслэн Монгол Улсын “Стандартчилал, техникийн зохицуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлнэ.

Энд хийгдэх зарчмын өөрчлөлт бол заавал мөрдөх стандартын тоог цөөрүүлж, стандартаар худалдаа, үйлчилгээнд  учруулах техникийн саад тотгорыг арилгахад оршиж байгаа юм. Энэ шинэчлэлийн хүрээнд Европын стандартыг нутагшуулах ажлыг зохион байгуулна.

Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, стандарт, норматив техникийн баримт бичгүүдийг олон улсын шаардлагын түвшинд хүргэнэ.Олон улсын хүнсний эрх зүйн комиссын болон ISO-ийн стандарт хангасан бүтээгдэхүүнийг баталгаажуулалт, сорилт шинжилгээ хийхээс чөлөөлдөг тогтолцоонд шилжүүлнэ.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай цоо шинэ хуулийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлын намрын чуулганаар батлуулсан нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, стандарт, баталгаажуулалт, хяналтын тогтолцоог шинэчлэх үйл ажиллагаанд зарчмын шинэ боломжуудыг нээж, стандарттай монгол улсыг бий болгох уриаг дэвшүүлэн ажиллаж байна.

Оюуны өмчийн бүтээлийг үйлдвэрлэл,үйлчилгээнд нэвтрүүлэх, олон улсын зах зээлд Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд гол хурдасгах хэрэгсэл болгож ашиглахыг зорьж байна. Монголчуудын оюуны бүтээлийг дэлхийд сурталчлан таниулж, нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах болно.

Дэвшилтэт техник, технологи дамжуулах, өндөр үр ашигтай шилмэл патентийг лицензийн гэрээний үндсэн дээр худалдан авах, худалдах, шинэ бүтээл зохион бүтээгч, судалгаа шинжилгээний байгууллагыг зах зээлтэй холбох үйл ажиллагааг аль болох хөхиүлэн дэмжсэн эрх зүйн тааламжтай орчныг бүрдүүлэх болно.

Жижиг дунд үйлдвэрлэлд шинэ санаачлагыг дэмжиж, эрхийн хамгаалалт хийлгэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, оюуны бүтээлийг үнэлүүлэх, зээлийн барьцаа болгох хэлбэрийг өргөн нэвтрүүлэхэд анхаарна.

Худалдан авах ажиллагааны будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг үе шаттайгаар 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Цахим худалдан авалт нь танил тал, нам эвсэл, нутаг ус, найз нөхөд, улс төр, бизнесийн бүлэглэлээс хараат бус  нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Түүнээс гадна энэ нь худалдан авах ажиллагааны талаар мэдээлэл авахыг хүссэн иргэд, аж ахуйн нэгж болон хүн болгонд  төвөг чирэгдэлгүйгээр хүссэн мэдээллээ олж авах боломжийг ханган өгч байна.

Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөллийг үнэлгээний хороонд оруулан ажиллуулах замаар худалдан авах ажиллагааны ил тод, тунгалаг, нээлттэй байдлыг бүрдүүлж байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалсан, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжсэн эрх зүйн шинэ орчин бий болгох, түүнийг хэрэгжүүлэх нийгэм, эдийн засаг, санхүүгийн тааламжтай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн үндэсний хөтөлбөрүүд гаргаж  хэрэгжүүлнэ. Ард иргэд, хэрэглэгчийг хохироосон хэт монополь буюу давамгай байдлыг хязгаарлаж, шударгаар өрсөлдөх тааламжтай орчинг бүрдүүлнэ.

Гамшгийн эрсдэл хуваалцах даатгалын эрх зүйн орчин бүрдүүлж, гамшигт нэрвэгдсэн иргэдийн эрсдэлийг даатгалын байгууллагатай хуваалцаж, Улсын төсвөөс гарах  шууд зардлыг багасгах арга хэрэгслийг хайх болно.

Аврах ажиллагааны шуурхай байдлыг хангах, техник хэрэгслийн хангамжийг байх ёстой түвшинд нь хүргэж, аврагч нараа ч эрсдүүлдэггүй, ард иргэдээ ч авран хамгаалж чаддаг чадавхи бүрдүүлэх асуудлыг энэ 4 жилд шийдвэрлэх болно.

Аврах ажиллагаанд хийх бас нэг гол шинэчлэл бол аюул осол болсны дараа биш түүнээс урьдчилан сэрэмжлүүлэх, ард иргэдийг аливаа гамшиг ослоос өөрөө өөрийгөө хамгаалж чаддаг зохистой дадалд сургаж дадлагажуулах системийг тогтоон ажиллуулах явдал болно.

Иргэдийнхээ амар тайван, аюул эрсдэлгүй амьдрах баталгааг хангахын тулд мэргэжлийн хяналтын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөн шинэчилж, мэргэжлийн хяналтыг эрсдэлд суурилсан, туслан зөвлөх, урьдчилан сэргийлэх хяналт болгон өөрчлөхөөр ажиллаж байна. Ингэснээр эрсдэлгүй болон бага эрсдэлтэй бизнесийг хяналт шалгалтын дарамтаас чөлөөлж, гагцхүү эрсдэлтэй хэсэгт хяналт, шалгалтыг төвлөрүүлэх, ингэхдээ торгох, шийтгэхийг урьдал болгохыг зогсоож, зөвлөж тусалдаг, сургаж дадлагажуулдаг арга барилыг гол болгоно.

Гурав.Мэргэжлийн хяналтын байгууллагын хүрээнд хийх шинэчлэлийн стратеги:

Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн ажиллах эрх зүйн үндэслэлийг Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулиудад тодорхойлжээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Мэргэжлийн хяналтын байгууллага, түүний бүрэн эхийг тодорхойлсон. Энд тодорхойлсон ёсоор Мэргэжлийн хяналтын байгууллага  нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байхаар, дотроо мэргэжлийн хяналтын төв байгууллага, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын алба, сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас бүрдэхээр заасан байна.

Мэргэжлийн хяналтын төв байгууллага хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих гол үүрэгтэй байна.

Тэгвэл Захиргааны хариуцлагын тухай хуульд “Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ” гэжээ.

Зөрчил гаргасан этгээдэд 1/ торгох, 2/тусгайлан олгосон эрх хасах, 3/хууль бусаар олсон орлого, эд зүйл буюу зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, байрыг хураах, 4/ баривчлах шийтгэл ноогдуулж болохоор заасан. Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг үндсэн болон нэмэгдэл, хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хураах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хэрэглэхээр заасан байдаг.

Уг хуульд заасан захиргааны журмыг хуулиар тогтоох, ийнхүү тогтоох хүртэл Засгийн газар энэ журмыг тогтоож, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг энэ хуульд заасан хүрээнд, зөрчлийн шинж байдалд нийцүүлэн ялгавартайгаар тогтоохоор хуульчилсан байдаг.

Захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтанг энэ хуулиар тогтоож өгсөн бөгөөд үүнд хууль, тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч захиргааны хариуцлага хүлээлгэх бүрэн эрхийг эдлэхээр заасан.

Мэргэжлийн хяналтын байгууллагууд 11 салбарт 26 чиглэлийн хяналт хэрэгжүүлдэг байна.

Аялал жуулчлалын хяналт, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналт, геологи, уул уурхайн техникийн хяналт, эрчим хүчний хяналт, газрын тос, хийн хяналт, авто замын хяналт, харилцаа, холбооны хяналт, авто тээврийн хяналт, нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, төмөр замын тээврийн хяналт, санхүүгийн хяналт, шалгалт, боловсролын хяналт, соёл урлагийн хяналт, тусгай хяналт, дотоод хяналт зэрэг хүн амын нийтлэг аюулгүй байдал, эрүүл мэндтэй шууд холбогдолгүй, тухайн салбарын дотоод хяналтад байхад болохоор илүү техникийн  шинжтэй  хяналтууд ч байдаг  байна.

Монгол Улсын хяналт шалгалтын байдалд ОУСК-аас хийсэн судалгаагаар:

хяналт шалгалт нь олон дамжлагатай, эрсдэл дээр суурилаагүй, аюулгүй байдалд хамаарахгүй олон тооны хяналт, шалгалт хийдэг, давхардал ихтэй, мэдээлэл солилцоо хангалтгүй, бүх шатны улсын байцаагчид өөрийн үзэмжээр асуудалд хандах өргөн боломжтой, хяналт шалгалт нь асуудлыг шийдвэрлэхэд туслах, зөвлөх бус харин торгох, шийтгэх  талруугаа илүү чиглэсэн зэрэг зайлшгүй өөрчлөн шинэчлэх, засах, сайжруулах шаардлагатай олон тулгамдсан асуудлууд байгааг  гаргаж ирсэн байна.

Харин манай улс 2003 онд хяналтын нэгдсэн тогтолцоонд шилжсэн нь өнөөгийн дэлхийн улс орнуудад нилээн эрчимтэй явагдаж байгаа шинэ чиг хандлага руу эрт  шилжиж орсон   үнэлүүштэй давуу тал гэж тэд үзэж байна.

ОУСК-аас хэрэгжүүлж буй “Монгол Улсын бизнесийн хяналтын шинэтгэл” төслийн хүрээнд МХЕГ-ыг тэргүүн туршлагын жишиг байгууллага болгохоор сонгон авч нилээд зүйлүүдийг хийсний дотор эрсдэлийн шалгуур болон мэдээллийн сан бий болгох, ажилтнуудыг сургах, хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, хяналтын хуудас нэвтрүүлэх зэрэг  чухал шинэчлэлүүдийг хийсэн боловч хамгийн чухал зүйл болох бүтцийн өөрчлөлт хийх, мэдээллийн технологийг иж бүрэн нэвтрүүлэх зэрэг ажлууд  хийгдээгүй  байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагыг өөрчлөн шинэчлэх  үндсэн зорилго нь:

  • Шаардлагагүй хяналт, шалгалтыг хүчингүй болгох, давхардлыг цөөлөх, арилгах
  • Зөвхөн гол онцгой зүйлүүд дээр төвлөрч ажиллах, үүнд нийтийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хяналтыг гол болгох
  • Хяналт, шалгалт хийдэг бүх байгууллагууд мэдээллээ шуурхай солилцох нөхцөл бүрдүүлэх,
  • Хяналтыг эрсдэлийн үнэлгээн дээр онилон төлөвлөж хэрэгжүүлдэг болох
  • Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахын тулд бизнес эрхлэгч нарыг соён гэгээрүүлж, зөвлөн  тусалдаг, урьдчилан сануулдаг, сургалтанд хамруулдаг  болох
  • Байцаагч нарыг мэргэшүүлэх, чадавхижуулах гэсэн 6 үндсэн асуудалд төвлөрч байна.

Дөрөв. Мэргэжлийн хяналтын  шинэ агентлагийн бүтцийн ерөнхий загвар

Мэргэжлийн хяналтын шинэ агентлагийн бүтцийг Нэгдсэн үйлчилгээний алба, Хяналтын алба гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан авч үзэж байна.

Нэгдсэн үйлчилгээний алба

Нэгдсэн үйлчилгээний  алба нь хяналт шалгалтын ажилд шууд оролцохгүй, харин  хяналтын албаны үйл ажиллагаанд дэмжих үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилготой ажиллана. Үүнд:

Нэгдсэн үйлчилгээний алба нь агентлагийн үйл ажиллагаа, стратегийн зорилтуудыг төлөвлөх, санхүү, хөрөнгө оруулалтын төсөв боловсруулах, хэрэгжүүлэх, үйл ажиллагааны явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, удирдлагыг явцын мэдээллээр хангах, эрсдэлийн үнэлгээ хийж, хяналт шалгалтын объектүүдийг эрсдэлээр нь ангилах, хяналт, шалгалтанд шаардагдах мэдээллийн сан бүрдүүлэх, статистик мэдээллийг хөтлөх, цаг үеэ олсон, үнэн зөв, шуурхай мэдээллээр хэрэглэгчдийг хангах, олон нийтэд хандсан урьдчилсан сэрэмжлүүлэг гаргах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, олон нийттэй харилцах, төрийн захиргааны удирдлага, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх,  улсын байцаагч нарыг сургах, чадавхижуулах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах, бодогын хэрэгжилтийг хангах ажлыг тус тус хариуцан ажиллана.

Нэгдсэн үйлчилгээний албанд Эрсдэлийн удирдлагын  хэлтэс ажиллана. Энэ хэлтэс нь онцгой үүрэгтэй ажиллах ба салбарын ерөнхий байцаагч нараас өгсөн захиалгын дагуу сонгон авсан чиглэл бүрээр эрсдэлийн шинжилгээ, үнэлгээ хийх, болзошгүй  нөхцөлд явуулах үйл ажиллагааг төлөвлөх, эрсдлийн үеийн удирдлагыг хэрэгжүүлэх өргөн үүрэгтэй байх  юм.

Хяналтын алба

Хяналтын албанд дараах  салбарын ерөнхий байцаагчдыг ажиллуулахаар төлөвлөж байна. Үүнд:

  • Эрүүл ахуй, халдвар хамгааллын  хяналтын ерөнхий байцаагч
  • Эм, био  бэлдмэл, өвчтөний аюулгүй байдлын хяналтын ерөнхий байцаагч
  • Хүнсний аюулгүй  байдлын хяналтын ерөнхий байцаагч
  • Уул уурхайн хяналтын ерөнхий байцаагч
  • Ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал, аюултай хог хаягдлын хяналтын ерөнхий байцаагч
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын ерөнхий байцаагч
  • Дэд бүтцийн хяналтын ерөнхий байцаагч
  • Зах зээлийн хяналтын ерөнхий байцаагч

Улсын Ерөнхий байцаагчийн дэргэд сард нэг удаа хуралддаг ерөнхий байцаагч нарын зөвлөл байна. Энэхүү зөвлөлийг Агентлагийн дарга толгойлох бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь хурал байна. Зөвлөл нь улсын хэмжээнд болон тодорхой салбарын хүрээнд хийх хяналт-шалгалтын төлөвлөгөө, удирдамж, мөн хийгдсэн хяналт-шалгалтын дүнг хэлэлцэж шийдвэр гаргах үүрэгтэй ажиллана.

Салбарын хяналтын ерөнхий байцаагчийн дор тухайн салбарын хяналтын ахлах байцаагч нараас бүрдсэн хяналтын алба ажиллана. Салбарын мэргэжлийн хяналтын  ерөнхий байцаагчийн дэргэд орон тооны бус шинжлэх ухааны зөвлөл  ажиллах бөгөөд энэ зөвлөл нь хяналт-шалгалтаар тухайн салбартилэрсэн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил,  маргаан, өргөдөл, гомдлыг хэлэлцэн шийдвэрлэхэд тухайн салбарын ерөнхий байцаагчид мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэгтэй  байна.

Аймаг, нийслэлийн  мэргэжлийн хяналтын газарт улсын ахлах байцаагч, салбарын ахлах байцаагч нар ажиллана. Улсын ахлах байцаагчийн дэргэд ахлах байцаагч нарын зөвлөл байна.  Уг зөвлөл нь аймаг, нийслэлийн хэмжээнд болон орон нутаг дахь салбаруудад хууль тогтоомж, салбар хариуцсан сайдын баталсан журам, орон нутгийн иргэдийн хурал, засаг даргаас  нийтээр дагаж мөрдүүлэхээр баталсан журмын хэрэгжилтийн байдалд Захиргааны хариуцлагын тухай хуулинд заасан харьяаллын дагуу хяналт-шалгалт хийх төлөвлөгөө, хяналт-шалгалтын удирдамж батлах, хийгдсэн хяналт-шалгалтын дүнгийн талаар хэлэлцэж, шийдвэр гаргахад нь улсын ахлах байцаагчид зөвлөх үүрэгтэй ажиллана.

Сум, дүүргийн  түвшинд аймаг, нийслэлийн МХГ-т харьяалагддаг улсын байцаагч нар ажиллана.

Бүх шатны байцаагч нар аж аж ахуйн үйл ажиллагааны талаар хяналт шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчил, дутагдалтай холбоотой дүгнэлтээс өөр ямар нэг дүгнэлт, зөвшөөрөл гаргах, олгох үйл ажиллагаа эрхлэхгүй.

Засаглалын тогтолцоо

Шинэ агентлагийн үйл ажиллагааг ерөнхийд нь уялдуулан зохицуулах үүрэг бүхий   Зохицуулах хороо тус агентлагийн талаарх бодлогыг тодорхойлно. Зохицуулах хороог Монгол Улсын шадар сайд толгойлох бөгөөд энэ хорооны бүрэлдэхүүнд тус агентлагийн төлөөлөл, мөн гол  яамд болон гол оролцогч талуудын төлөөллийг оролцуулсан байна.

Зохицуулах хороо агентлагийн  удирдлагын үйл ажиллагааны гүйцэтгэлд   гол анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд агентлагаас ямар үр дүн хүлээн авахыг тодорхойлж  өгнө.  Үүний тулд тэдгээр үр дүнгүүдийг ялган тодорхойлж, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт болон түүний  тоо хэмжээг   Зохицуулах хороо батлан өгч байна.

Зохицуулах хороо нь мөн агентлагийн жилийн төсвийн төсөл болон зардлын хуваарилалтад  санал өгөх, гүйцэтгэлийн тайланг сонсож, үнэлэлт, дүгнэлт өгөх эрхтэй байна.

Энэ бол бидний хийхээр төлөвлөж буй өөрчлөлтийн талаархи ерөнхий төсөөлөл юм. Энэ асуудлыг зохих хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах, Хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын тухай хуулийг шинээр гаргахаар хуулийн төсөл боловсруулах ажлын  хэсэг байгуулагдан ажиллаж байна. Түүнээс гадна Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай зэрэг олон шинэ хууль гаргахаар ажиллаж байна. Эдгээр хуулиуд цогцоороо гарснаар хяналт, шалгалтын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрэн бүрэлдэх юм.

Тав. 2013 оны үйл ажиллагааны зорилт, тулгамдаж буй асуудлууд

Хэдийгээр ирээдүйн шинэ байгууллагын зорилго, зорилт, гэгээлэг үйлсийн талаар ярих нь аятайхан сонсогдож байгаа боловч өнөөдрийн тулгамдсан гол асуудлуудыг шийдвэрлэхгүй орхих бололцоогүй билээ.

Би илтгэлийнхээ эхэнд онцолж нэг зүйлийг хэлсэн дээ. Бидний ажил бол цаг мөч бүрт тулгамдсан хурц асуудлуудыг барьж авч дор дор нь шийдвэрлэж байхад чиглэгдэж байдаг гэж. Үүнийг бага ч болов хөнгөвчилж өгөх гол арга нь урьдчилан сэргийлэх, үүсэж болзошгүй аюул, эрсдэлийг урьдчилан олж харж, өрсөн шийдвэрлэж байх явдал юм.

Тийм ч учраас сүүлийн 2 жилд олон улсын практикаас суралцаж, эрсдэлд суурилсан төлөвлөгөөт хяналт шалгалт хийдэг болсон нь бидэнд үр нөлөөгөө өгч байна. Тухайлбал, эрсдэлтэй аж ахуйн нэгжүүдийн тоо өмнөх жилийнхээс мэдэгдэхүйц буурсан дүн мэдээ гарчээ.Өмнөх оны объектын жагсаалттай харьцуулж үзэхэд эрсдэл ихтэй үнэлэгдсэн объектын тоо 1020-оор, дунд зэргийн эрсдэлтэй үнэлэгдсэн объектын тоо 11812-оор буурсан байна.

Энэ бол сайн мэдээ. Шинэчлэл өөрчлөлт үр дүнгээ өгч эхэлж байгааг харуулж байна.

2013 он биднээс илүү ихийг хүсэн хүлээж байгаа.Эрсдэлийн ангилалд хамаарах объектын жагсаалтаас үзэхэд, улсын хэмжээнд нийт 72227объектод эрсдэлийн үнэлгээ хийгдсэнээс 18120 объект эрсдэл ихтэй, 33019 объект дунд зэргийн эрсдэлтэй, 21088 объект эрсдэл багатай үнэлэгджээ.

 

Эрсдэл ихтэй үнэлэгдсэн объектуудын талаар судалж үзэхэд, эдгээр нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийгмийн аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл учруулах магадлал өндөртэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний ажлын байрны болон эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүй, өмнөх хяналт шалгалтаар хууль тогтоомжийг зөрчсөн, өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил давтан гаргасан аж ахуйн нэгж, байгууллагууд байна.

Объектуудын эрсдэлийн үнэлгээнээс хамаарч аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн хяналтын байгууллагаас хийх хяналт шалгалтад хамруулах давтамжийн хугацааг бусад улс орны туршлага болон гадаадын мэргэжилтнүүдийн зөвлөмжид үндэслэн хяналтын чиглэл бүрээр ялгаатай тогтоогоод байна. Тухайлбал, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин, хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр эрсдэл ихтэй объектыг 6 сар тутамд 1 удаа, эрсдэл дунд объектыг 12 сард 1 удаа, эрсдэл багатай үнэлэгдсэн бол 18 эсвэл 36 сард шалгалтад хамруулахаар тус тус тогтоосон. Харин нийгмийн хамгаалал, санхүү, мэдээлэл холбоо, боловсрол, соёлын хяналт шалгалтын объектуудаас эрсдэл ихтэй үнэлэгдсэн бол 12 сард нэг удаа, дунд бол 24 сард, бага бол 36 сард нэг удаа шалгалтад хамруулахаар тогтоолоо.

Байцаагчийн тоо болон эрсдэл ихтэй объектуудын эрсдэлийг бууртал давтан шалгах зэрэг хүчин зүйлээс шалтгаалан эрсдэл бага үнэлэгдсэн объектуудын шалгалтад хамрагдах давтамжийн хугацаа 36 сараас ч их байж болох юм.

Энэхүү эрсдэлийн ангилалд хамаарах объектын жагсаалт, шалгалт хийх давтамжийн хугацаанд үндэслэн хяналт шалгалтын төлөвлөгөөг боловсруулсан ба 2012, 2013 оны хяналт шалгалт, сургалтын төлөвлөгөөг тус баримт бичгүүдэд үндэслэн  туршин хэрэгжүүлж байна.

2013 оны эрсдэлийн ангилалд хамаарах объектын жагсаалт бүхий эрсдэлийн үнэлгээний санд үндэслэн 2013 онд 11565 объектыг “хяналт шалгалт”, “байгууллагын сургалт”-д, 6295 объектыг “зөвлөн туслах үйлчилгээ”-нд, бусад объектыг “салбараар зохион байгуулах сургалт”-д хамруулахаар төлөвлөж,объектын нэрээр олон нийтэд зарлаад байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь эрсдэлийн үнэлгээгээр зөвхөн эрсдэл ихтэй үнэлэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад давтамж ихтэйгээр зөвлөн туслах хяналт шалгалтуудыг хийх,хяналт шалгалтаас гадна аж ахуйн нэгж, байгууллага дотоод хяналт шалгалтаар эрсдэлээ илрүүлэх, эрсдэлийг бууруулах чадварт сургах чиглэлээр сургалт, уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж хамтран ажиллавал үр дүнд хүрнэ.

Хяналт шалгалтын үйл ажиллагаа нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг зөвхөн шалгах, захиргааны шийтгэл ногдуулах,  торгох бус мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, зөрчилөөс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой.

Хяналт шалгалтын байгууллагад зарцуулж буй их хэмжээний төсвийг үр дүнтэй зарцуулж, аливаа эрсдэл, осол, хордлого, халдвар үүсч болзошгүй зөрчил дутагдал, нөхцөл байдлыг урьдчилан тогтоож, таслан зогсоосноор ирээдүйд гарч болзошгүй байсан улсын төсвийн их хэмжээний мөнгийг хэмнэж, эдийн засагт дэмжлэг үзүүлэх болно.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын 2013 оны хяналт шалгалт болон сургалтын төлөвлөгөөг хяналт шалгалтын объектын эрсдэлийн үнэлгээг үндэслэн боловсруулж, аж ахуйн нэгж байгууллагын нэрээр олон нийтэд зарласан нь сайшаалтай боловч үйл ажиллагааныхаа 80 хувьд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байгаа одоогийн арга барилыг эрс өөрчлөхөд онцгойлон анхаарах хэрэгтэй.

Орон нутагт болон улсын хэмжээнд эрсдэлийн үнэлгээ,  хяналтын хуудасны мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийг бууруулахад эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллахыг зөвлөж байна.

Хяналт шалгалт хийхдээ лабораториудтай хамтарч ажиллан, шинжилгээний үр дүнг газар дээр нь түргэн шуурхай гаргаж нотолгоо, баталгаатай хяналт шалгалт хийдэг байх нь чухал юм. Лабораторит эрсдэлд суурилсан үйл ажиллагааг нэвтрүүлэх, бодис, бараа, бүтээгдэхүүн бүрээр шинжлэх аюулгүйн үзүүлэлтүүдээ тодорхойлон, зөвшөөрөгдөх хэмжээг тогтоож, аюулгүйн үзүүлэлтүүдээр шинжилдэг болох, шаардлагагүй үзүүлэлтүүдээр шинжлэхийг болих нь бүтээгдэхүүний өртөгийг бууруулах, бизнесийн байгууллагын хяналт шалгалтад зарцуулж буй зардлыг хэмнэх зэрэгээрээ ихээхэн ач холбогдолтой.

Бидний өмнө хамгийн тулгамдаж байгаа өөр нэг асуудал бол улсын байцаагч нарын  сэтгэлгээг хурдан өөрчилж,  ажлынх нь арга барилыг үндсээр нь шинэчлэх явдал юм. Зарим хүмүүсийн хэлж ярьж байгаа зүйл, хийж буй үйлдэл,  бичиж тайлагнаж байгаа байдлаас нь харахад бидний яриад байгаа шинэчлэлээс ихээхэн хол зөрүүтэй байдал ажиглагдаж, мэдрэгдсээр байна.

Хүмүүсийн  сэтгэлгээг хурдан хугацаанд өөрчлөн шинэчлэхэд чухамдаа энд сууж байгаа удирдах ажилтнууд та нөхдийн манлайлал шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг  онцлон хэлэх нь зүйтэй. Бид шинэчлэл, өөрчлөлтийг хийхдээ бас хүмүүст өөрийгөө өөрчлөн шинэчлэх боломжийг олгох ёстой. Боломж олгосоор байтал хичээл зүтгэл гаргахгүй байгаа тэр хүмүүстэй цаашид нэг баг болж ажиллах боломжгүй болно гэдэг нь ч бас ойлгомжтой. Ийм болохоор энэхүү өөрчлөлт шинэчлэлийг хийхдээ аль аль талаасаа ихээхэн хичээл зүтгэл, сэтгэл  гарган ажиллах хэрэгтэй.

Сэтгэлгээний шинэчлэлийг бид чухамдаа өөрсдөөсөө эхлэхээр шийдвэрлээд байгаа. Энэ зөвлөлгөөний дараагаар олон улсын экспертүүдтэй хамтран олон улсын хэмжээнд бизнесийн хяналтыг сайжруулах чиглэлээр хийж байгаа ажлууд, туршлага сургамжаас суралцах зорилгоор нэг өдрийн тусгайлсан семинарыг та бүхэнд зориулан бэлтгэсэн.

Ингээд та бүхнийг энэхүү зөвлөлгөөн, сургалт, семинарын ажилд идэвхи санаачилгатай оролцохыг уриалж байна.

 

Та бүхний шинэ оны ажилд тань амжилт хүсье.

WWW.FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих