АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ТАЛААР – У Р И А Л Г А

47474TRTR   Ахмад настнууд та бүхэн бол улс, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа урсган тэмцэж явсан гавъяат үйлстэй, хийж бүтээсэн баялаг туршлагатай, зааж сургах өргөн мэдлэгтэй, ард түмэн, үр хүүхдийнхээ өмөг түшиг болсон үнэ цэнэтэй, хүндэт хүмүүс юм.

Ахмад настандаа хүндэтгэл үзүүлж байх асуудлыг Ахмад настны нийгмийн хамгаалын тухай хуулиндаа тусгай бүлэг болгон тусгасан бөгөөд “Жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгэн болон бусад тэмдэглэлт өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага ажиллаж байсан ахмад настандаа хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулах” асуудлыг хуульчилсан юм.

Мөн Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд ”Ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан, түүнчлэн өөр орон нутгаас шилжиж ирснээс харьяалах байгууллага, аж ахуйн нэгж байхгүй болсон ахмад настныг орон нутгийн захиргаа, нийгмийн халамжийн болон ахмад настны байгууллага билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгэн болон бусад тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.” гэж заасны дагуу харьяалах байгууллагагүй ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэхийн хамт нийгмийн суурь бусад үйлчилгээнд хамруулахад чиглэсэн сургалт сурталчилгааг олон нийтийн дунд өргөжүүлэн, ахмад настан бүрт хүрч үйлчилэхийг сум, хорооны засаг захиргаа, нийгмийн ажилтнууддаа хандан УРИАЛЖ байна.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалтын дагуу төсөвт байгууллага үйл ажиллагааны зардлын хэмнэлтээс, аж ахуйн нэгж, байгууллага үлдэгдэл ашгаас цалингийн нийт сангийн 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр “Ахмадын сан” байгуулан уг сангаасаа ахмадуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг уламжлалыг тогтоон, хэвшүүлэхийг УРИАЛЖ байна.

Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулахдаа бэлэг дурсгалын зүйл гардуулах төдийгөөр хязгаарлах бус тэдний хуримтуулсан арвин их туршлагыг хойч үеийнхэндээ өвлүүлэн ажиллахад дараах ажлуудыг чиглүүлэхийг УРИАЛЖ байна. Үүнд ахмадуудын санал сэтгэгдэл, сургааль дурсамжийг сонсдог, хийсэн бүтээсэн зүйлсийг нь ном бүтээл болгон хэвлүүлэн олны хүртээл болгодог, залуучууд, өсвөр үеийнхэн, залуу гэр бүлтэй уулзалт ярилцлага хийдэг, уралдаан тэмцээн, урлаг спортын тоглолт зохиодог, мэргэжлийн салбар, чиглэлийн дагуу ахмад мэргэжилтнүүдийн зөвлөх баг, бүлэг байгуулах, тэднийг салбарын үйл ажиллагаандаа татан оролцуулах, оруулсан хувь нэмрийг нь үнэлэх, урамшуулах, нийгмийн оролцоог нь сайжруулахад чиглэсэн олон төрлийн бүтээлч арга хэмжээ зохион байгуулахыг Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шат шатны төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж , хамт олонд хандан УРИАЛЖ байна.

Тус яамнаас салбартаа ажиллаж байсан “Ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх журам”-ыг боловсруулан мөрдөж эхлээд байна.

Үүний нэгэн адилаар бүх аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх журам” боловсруулан мөрдөхийг УРИАЛЖ байна.

Ахмадууд та бүхний өгсөн үнэтэй сайхан сургааль зөвлөмж, арвин туршлага мэдлэг чадвар тань хойч үеийнхэндээ өвлөгдөн, залуу үе, үр хүүхдүүд, ач зээ нарт нь болон тэдний гэр бүлийн төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Энэхүү “УРИАЛГА”-ыг Монголын нийт ард түмэн, гэр бүл , ураг төрөл, үр хүүхэд, ач зээ, ах дүүс хотол олноороо дэмжин, ахмадуудаа хүндэтгэн дээдлэнэ гэдэгт ХҮН АМЫН ХӨГЖИЛ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ -ны зүгээс итгэж байна.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ


URL:

Сэтгэгдэл бичих