Ерөнхий сайд аа, гаальд чинь дахиад чөтгөрүүд үүрээ заслаа
Гаалийн байгууллага Монголын үеийн үеийн дарга нарыг ах дүү, амраг садан, найз нөхдийнх нь хамтаар бүгдийг нь тэжээдэг том “ферм” болоод удаж байна. Сонгуулийн дараа энэ “ферм”-д аль илүү ашигтай гэсэн мест эзлэхийн төлөө зодоон цохиондоо тулахаас буцахгүй, яг л улай сахисан хэрээ аятай гуугачин бужигналдана. Одоо ч тэд шинээр томилогдсон дарга нарынхаа тухай болоод гаалийн улсын байцаагч нарынхаа халаа сэлгээг ярилцан шуугилдацгааж байна. Иймээс хэн гэдэг сайдынх нь хамаатан, ямар албан тушаалд очих, хэний эхнэр хаанахын гаалийн байцаагч болох нь зөвхөн тэдэнд төдийгүй нийт Монголчуудад нэлээд сонирхолтой сэдэв ажээ.
Гаалийнхан үнэхээр хүн бүрийн арааны шүлсийг асгаруулам арвин их мөнгөн хамдаг “машин” тул цаашлаад Орос, Хятад хөршүүдийнхээ чихийг ч чамгүй дэлдийлгэж эхэллээ. Саяхан Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав нь дараагийнхаа ээлжийн мөнгөний “машин”-д халаагаа тавьж өгөв. Энэ тухай Хятадууд одоо ид шаагилдаж байна. Тэдэнд Монголын гаалийн даргаар хэн гэдэг товариш томилогдох нь хамгийн сонирхууштай зүйл бололтой. Тэгвэл Д.Цэвээнжавын оронд түр үүрэг гүйцэтгэгчээр О.Ганбат гэгч нөхөр томилогдов. О.Ганбат нь Сангийн сайд Ч.Улааны хүн гэнэ. Тэрбээр урьд нь Сангийн яаманд газрын даргаар ажиллаж байжээ. Гаалийн энэ удаагийн халаа солионы өөр нэг хөгийн явдал гэвэл хүний нөөцийн хэлтсийн даргаар нь бас л Ч.Улааны эхнэрийн дүү томилогдов. Түүнийг О.Даваасүрэн гэх бөгөөд хэдэн жилийн өмнө бөөн хэрэг мандуулж явжээ. Өнөөх Гаалийн Х.Баатарынхаа хань хамсаатан болж, олон удаа гэмт хэрэгт орооцолдсон лут эр юм байна. Түүнийг Эрээн, Хөх хотын Хятадууд “Хөнгөн цагааны” Даваа хэмээн андахгүй, бүр манайхнаас илүү сайн мэддэг гэлцэнэ. Учир нь мань хүн Дорноговь аймгийн хилийн боомтоор танил талаа ашиглан их хэмжээний хөнгөн цагаан хууль бусаар Хятад руу зөөж байсан юм билээ. Олон хавар нэгэндээ гэгчээр түүний ийм хар наймаа нэг л “гэрэл”-д цохиулж, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомт дээр цагдаа нарт баригджээ. Энэ бол 2006-2007 оны адал явдал. Дорноговь аймгийн шүүхийн шүүгчид тухайн үед харин толгойг нь эвтэйхэн илээд өнгөрчээ. Хэдэн зуун тонн хөнгөн цагаан хулгайгаар хил давуулсан үйлдлээрээ уг нь тэр доод тал нь таван жил шоронд суух байсан боловч хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонсон азаар наранд үлджээ.
Гэвч тэнсэнгийн хугацаандаа зүгээр суусангүй. Хууль журам зөрчсөөр байж. 2007-2008 онд угаасан, угаагүй баахан ноос, ноолуур сэмхэн хил давуулж байгаад дахиад баригдав. Ингээд мөн л яаж ийж байгаад хууль хяналтынханыг араар нь тавьж, амиа аргалан ялгүй салжээ. Ер нь “Хөнгөн цагааны” Даваа хилээр ямар ч бараа таваар гаргахдаа татвараас байнга зайлсхийж, жин хэмжээг нь хасч гаалийн бүрдүүлэлт хийлгэж чаддагаараа алдартай гэж хашир гаальчид нь өнөөдөр шивэр авир дурсан ярьцгааж байна. О.Даваасүрэн ийнхүү хууль бус наймаанаасаа олсон мөнгөөр хамгийн сүүлд 2011 он хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчийн сэнтийд заларч байжээ. Энэ үедээ бас нэлээд их хэмжээний мөнгө идэж уусан асуудлаар цагдаа, шүүхийн хаалга сахиж суужээ. Ийм хүнийг Гаалийн ерөнхий газрын тийм чухал албан тушаалд томилсон нь үнэндээ аймаар юм. Түүний удаа дараагийн залилингийн хэргийг хүргэн ахын хувьд Ч.Улаан нь улаан нүүрээ улалзуулан хамгаалж хаацайлсаар ирсэн нь ч нууц биш ажээ. Тиймээс бага ч барьсан, их ч барьсан баас өмхий гэгчээр тэд дахиад гаалийн мөнгийг хамжаад сэгсэрч орхих санаатай байх шиг байна.
Хуулиар яривал О.Даваасүрэн гэгч нь Гаалийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдохдоо Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхолын зөрчлийн мэдүүлгээ өгөх учиртай байлаа. Харамсалтай нь өгсөнгүй. Дээрээ сайд ахтай, дэргэдээ сайдын эхнэр эгчтэй гэдгээрээ тийнхүү гул барьж Авлигатай тэмцэх газрыг хүртэл үл тоож байгаа юм болов уу даа. Ер нь хууль л бол хууль. Хууль бол хууль. Хүмүүсийг ямар хамсаатан, ах дүүс вэ гэдгээр хэмждэггүй. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой. Гэтэл ашиг сонирхолын зөрчлийн эсрэг хуулийг нулимж хаясан нь гаальд урьдын адил “чөтгөрүүд” үүрээ засч эхэлснийг л хэлээд байна даа, Ерөнхий сайд аа.
Б.Отгонбаяр
URL: