Нийслэлийн шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтын шуурхай зөвлөгөөн 2013.01.28-нд боллоо. Шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Ба-Үүл удирдан явууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс 2013.01.14-нд болсон удирдлагын шуурхай зөвлөгөөнд Засаг даргын өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр 14 төрлийн үүрэг даалгавар өгчээ.
Шинэ томилгоог танилцуулаа
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун өнгөрсөн хугацаанд томилогдсон албан тушаалтнуудыг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Ц.Энхцэнгэл, Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Гэр хорооллыг барилгажуулах төслийн нэгжийн дарга А.Лхагвадорж, Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар, Тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨҮГ-ын захирал Ж.Наранцэцэг, Улаанбаатар хотын захирагчийн Дамбадаржаа, Сэлх, Бэлхийн ажлын албаны дарга Э.Ганбат, Улаанбаатар хотын захирагчийн Шандан, Дэвшил дэх ажлын албаны дарга О.Булгаа нарыг томилжээ.
Нисэхийн дулааны шугамыг аюулгүй болгожээ
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хан–Уул дүүргийн нутаг дэвсгэрт 1-р сарын 12-ны бямба гаригт “Норд бенз” маркийн 99-27 ӨМА дугаартай хүнд даацын автомашин өгсүүр газар өгсөхдөө хальтиран дулааны 13 магистралийн 2ф700мм голчтой шугам мөргөжээ. Үүний улмаас Нисэхийн чиглэлийн орон сууцны хороолол, албан газрыг дулаанаар хангадаг 3 цэгт рольк /өнхрөх тулгуур/ шугамын ивээс тулгуураасаа мултарчээ. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газар, УБДС ТӨХК, Хан-Уул дүүргийн мэргэжлийн ажилтнууд газар дээр нь ажиллаж 01-р сарын 16 өдөр машиныг дулааны шугаманд гэмтэл учруулахгүйгээр тулгуур дээр нь байрлуулжээ. Мөн Дондогдулмын рашааны хөлд буусан, Баянзүрх дүүргийн 27–р хорооны Сэлбийн 30-35 гудамжны айлууд усанд автсан байна. УСУГ, тус дүүргийн онцгой байдлын газар, дүүргийн тохижилтийн компани, Усны барилга НӨҮГ-тай хамтран усыг зайлуулах арга хэмжээг цаг алдаггүй авчээ. Тусгайласан арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд айл, өрхийн амьдрах боломжийг хэвийн нөхцөлд оруулсан байна.
Архи,пиво борлуулах таван тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
НЦГ-ийн газраас ирүүлсэн албан тоотын дагуу холбогдох хууль тогтоомж зөрчин ажилласан хоол үйлдвэрлэл үйлчилгээний 5 газрын /баар/ согтууруулах ундаагаар үйлчлэх таван рестораны “Тусгай зөвшөөрөл”-ийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/10 тоот тушаалаар хүчингүй болгосон байна .
Тэдгээр баар, рестораны байршил:
Сүхбаатар дүүрэг
Ø “Нью рейн сторм” ХХК “Брикс” баар
Баянзүрх дүүрэг
Ø “Голден дрийм” ХХК баар “Ибиза”
Ø “Ноён капитал” ХХК баар “Лиидэрс”
Ø “Хэрлэн буян” ХХК баар
Сонгинохайрхан дүүрэг
Ø “Баясах оюу” ХХК баар “рокси“
зэрэг газрууд байна. Ерөнхий менежерийн тушаалын хувийг НЦГ, Баянзүрх НМХГ, НТГ, Дүүргүүдийн ЗДТГ-т тоотоор хүргүүлжээ.
Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөрийг хэлэлцлээ
“Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөр”-ийг боловсруулж 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Иргэний танхимаар иргэд, БААН, ТББ, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Хэлэлцүүлгээс гаргасан санал, хүсэлтийг уг хөтөлбөрт тусгах талаар судлах юм. Мөн иргэний танхимаар өнгөрсөн долоо хоногт Реклам мэдээллийн байгууламжийн журамыг шинэчлэх тухай асуудлыг нээлттэй хэлэлцүүлсэн байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам мэдээллийн байгууламж байрлуулах, түүгээр дамжуулан зар сурталчилгаа түгээх үед нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад мөрдөх журмыг боловсруулж байгаа бөгөөд энэхүү журам нь 8 бүлэг 34 зүйл 119 заалт, 3-н хавсралтаас бүрдэх юм байна.
Нийслэлийнхэн их цэвэрлэгээ хийлээ
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийнхэн Бямба, ням гаригуудад их цэвэрлэгээнд гарч хотын хэмжээнд нийт 92 гудамж, зам талбайн явган хүний зам, автозамын цас мөсийг арилгалаа. Ингэснээр гудамж талбай бүрэн хальтиргаагүй болсон бөгөөд цэвэрлэгээнд 5916 байгууллага, аж ахуйн нэгжийн 27709 хүн оролцсон байна. Ерөнхий менежерийн гаргасан тушаалын хүрээнд их цэвэрлдэгээ хийх удирдамж батлагдан, удирдамжаар онцгой анхаарч цэвэрлэх гудамж, зам талбайн жагсаалтыг дүүрэг бүрээр гаргасан байна. Үүний үр дүнд их цэвэрлэгээг дүүргүүд идэвхтэй зохион байгуулж, жагсаалтад заагдсан зам талбайн цас мөсийг бүрэн арилгажээ. Мөн сар шинийн баярын бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01-р сарын 22-ний өдрийн А/ 46 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2013 оны 01-р сарын А/13 дугаар тушаал гарч замын хөдөлгөөнийг зохицуулах ажлууд хийгджээ.
Үүнд: 2013 оны 01 дүгээр сарын 26, 02 дугаар сарын 02-ны өдрүүд болох бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, 01 дүгээр сарын 27, 02 дугаар сарын 03-ний өдрүүд болох ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгойгоор төгссөн авто тээврийн хэрэгсэл язгаарлалтын бүсэд өглөөний 1000-2000 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан, Сар шинийн баярын өргөтгөсөн худалдаа зохион байгуулах цэгүүдийн байршлыг тогтоож, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан , Нарантуул ОУХТ-ийн хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөн, 12 чиглэлийн буухиа автобусны үйлчилгээг явуулсан зэрэг ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: