Улстөрчдийн шоуны хөлд хүчгүйдсэн төгрөг буюу инфляци
Инфляци өсөх нь Засгийн газарт ашигтай болж таарлаа. Засаг төр чадах чинээгээрээ инфляци буюу төгрөгийн үнэгүйдэлтэй тэмцэж байхад ийм зүйл ярих нь ёсонд үл нийцнэ гэж магадгүй. Тэгвэл өнөөдөр улстөрчдийн суудлаа авч үлдэх хамгийн том шоу нь цалин нэмэх, халамж үзүүлэхэд оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, төгрөг үнэгүйдэж, бараа бүтээгдэхүүний ханш өсөхөд төрийн албан хаагчдын цалинг нэмж буйгаа албан ёсоор мэдэгдэж “баатарлаг” үйлсээ тунхаглана. Ханшийн өсөлтөд дарлуулсан ард түмэн үүнийг ариун явдал гэж хүлээн авдаг.
Гэтэл өнөөдөр монголчуудын хэдэн хувь нь төрд зүтгэж, төсвийн цалингаар амь зууж байгаа бол. Төрийнхний цалин нэмэгдлээ гээд хувийн хэвшил, ажилгүйчүүдэд сохор зоосны нэмэр болохгүй. Харин ч цалингийн сургаар инфляци хөөрөгдөгчид бүр ч баярлан ханшаа буулгах нь бүү хэл сэм, сэмхэн өсгөсөөр ирсэн.
Монголбанкны тооцоогоор өнөөдрийн байдлаар инфляци 16.6 хувьтай гарчээ.
Үүнийг бүдүүн тоймоор тайлбарлавал, иргэн А сард шимтгэл, татвараа төлөөд гар дээрээ 450 мянган төгрөг авдаг. Энэ бол Монголын дундаж давхаргынхны орлогын хамгийн ерөнхий хэмжээ. Тэгвэл инфляци 16.6 хувьтай байхад 450 мянган төгрөгийн худалдан авах бодит чадвар нь 375.3 мянган төгрөгтэй дүйцнэ.
Тодруулбал, 75 мянга орчим төгрөг нь бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлөөс болж огт үнэгүй цаас болон хувирч байна гэсэн үг.
Энэ тохиолдолд Засгийн газар “шуурхай сэргийлэх” арга хэмжээ авч, төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмлээ гэж бодъё. Тэгээд төсвөөс цалинждаг хүмүүсийн авдаг мөнгө нэмэгдмэгц бэлнээр гүйлгээ хийгчид буюу мах, бензин, гурил тэргүүтэн худалддаг бизнесмэнүүд мөнөөх инфляцийг бас л хөөрөгдөж орхино. Эцсийн дүнд нь засагт байгаа улстөрчид аврагч баатар болж, цалингаа нэмүүлэгсэд хэлэх үггүй хоцорч, инфляци төгрөгийн чадлыг дахин шавхаж, хувийн хэвшлийнхэн эдгээрийн хөлд чирэгдэж үлдэнэ.
Монголбанкнаас гаргасан тойм судалгаанд инфляцийн дарамт нийгмийн давхарга бүрт харилцан адилгүй нөлөөлдөг. Бага орлоготой иргэдийн хувьд инфляци өндөр байх үед олсон мөнгөнийхөө 60-80 хувийг зөвхөн хүнсэнд зарцуулж, үлдсэнээр нь бусад хэрэгцээгээ хангах гэж оролддог. Тэглээ гээд хангалттай хэмжээний хоол, зохих шим тэжээл авч чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүнсний зардал ядууст 80 хувийн дарамт болдог байх нь.
Тэгвэл дундаж орлоготой иргэд цалингийнхаа 35-50 хувиар хүнс авдаг. Харин ядууст 80 хувийн дарамт болдог инфляци дээд давхаргынханд нэг ба түүнээс бага хувиар л нөлөөлдөг тухай бичсэн байв. Тэгвэл дээр дурдсан бэлнээр гүйлгээ хийгчид буюу мах, бензин, гурилын монополиуд гэж хэн бэ. Эдгээрийн эздийг хэн ч харсан хувийн бизнесээ цэцэглүүлсэн шударга хөдөлмөрчид. Гэтэл яг үнэндээ тэдэн шиг улстөрчид байхгүй гэхэд буруудахгүй.
Үүнийг нь тэдний сонгуульд өрсөлдсөн байдлаас харж болно. Өнөөдөр бензин импортлогчид дунд шат, шатны сонгуульд нэр дэвшээгүй “цэвэр” нэгэн үлдээгүй. Мах үйлдвэрлэгчид ч ялгаагүй. Мөн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 50 тэрбум төгрөг өгөх гэж сүйд болсон Засгийн газар шатахуун импортлогчдод 130 тэрбумын бага хүүтэй зээлийг зүгээр л гаргаад өгчихсөн. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр нь өөрчлөгдөхгүй.
Эцэст нь байртай болох гэж байдгаараа мэрийсэн ч иргэд бахь байдгаараа хоцорчихоод байхад жилийн дөрөвхөн хувийн зээл авчихаад ичих ч үгүй шатахууны үнэ нэмсэн луйварчид, инфляци нэрээр ард түмний халааснаас тэрбум, тэрбумаар нь хумслах төр засаг нийгмийн дүр төрхөд ганц ч сайн зүйл гаргасангүй.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: