Ц.Нямдорж: Шатахууны үнэ нэмэгдэж, урд талд нүүрсний зам хаагдаад байгаа нь төмөр замын царигтай л холбоотой

527-1359340931nyam1УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.
- Эд нар Хятад, Орос, Солонгосыг Америктай давхар хуурчихсан юм шүү дээ- 
-Төмөр замын асуудал сүүлийн үед нэлээд яригдаж, олны анхаарлын төвд байна. Ялангуяа М.Энхсайханыг ажлаас халсан нь хүмүүсийн анхаарлыг татлаа. Таны хувьд Төрийн өмчийн хорооноос гаргасан уг шийдэрийг хэрхэн дүгнэж байна вэ? 
-М.Энхсайханы яриад байгаа зүйлийг би дөрвөн жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Монголд төмөр зам барих анхны зөвшөөрөл 2007 онд олгогдсон байдаг юм. Засгийн газар зөвшөөрөл өгөх хуультай. Гашуун сухайт чиглэлийн 47 км төмөр зам барих зөвшөөрлийг нэг компани, Нарийн сухайтын чиглэлийн 247 км төмөр зам барих зөвшөөрлийг нэг компани авсан.
Ингээд 2008 онд С.Баярын Засгийн газар байгуулагдахад эдгээр төмөр замын ажил эхлэх гэж байсан. Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ нь хийгдэж, хөрөнгө нь босчихсон. Хоёр жилийн дотор барьж дуусгах байсан юм. Гэтэл үүнийг “Өргөн төмөр зам бариулна” гэж бодлого батлуулж, зогсоогоод өргөн ч үгүй, нарийн ч үгүй болсон.
Одоо мөрдөж буй төмөр замын талаар баримтлах төрийн бодлого гэдэг баримт бичгийн дотор “Өргөн царигийн төмөр зам тавина. Тэгэхдээ арилжааны чиглэлийн төмөр зам барихаар болбол Засгийн газар саналаа УИХ-д оруулж батлуулна” гэдэг давхар заалттай. Би “Арилжааны төмөр замын саналыг УИХ-д яаралтай шилжүүлж шийдвэрлүүлээч” гэж С.Баяр, С.Батболдын Засгийн газрын үед зүтгээд дийлээгүй.
ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулгатай муудалцсан шалтгаан энэ байсан. Тухайн үед би М.Энхсайханы одоо яриад байгааг хэлээд байсан юм. Тэгээд сүүлд нь 1180 км төмөр замыг оросуудтай барина гэж “Дэд бүтцийн хөгжил” гэдэг компани байгуулж, дараа нь оросуудыг хуурсан. Оросуудтай тийм хэлэлцээр хийж байхдаа одоогийн Зам тээврийн сайд А.Гансүх Хятадын төмөр замын дэд сайдтай тус төмөр замыг мөн хамтарч барина гэж санамж бичиг үйлдсэн.
Тэгээд Хятадын төмөр замын дэд сайдыг Бээжингийн онгоцны буудалд буухад “Өчигдрийн бидний гарын үсэг зурсан санамж бичиг хүчингүй шүү” гэж манай талаас мэдэгдсэн. Дараа нь 1180 км төмөр замыг солонгосчуудтай барина гэж бас хуурсан. Ингээд ажил дампуурсан. Тиймээс М.Энхсайхан бодит үнэнийг хэлээд эхэлмэгц Төрийн өмчийн хороон дээр хоёр сайд нь очиж, айлган сүрдүүлж ажлаас нь халуулж, зайлуулж байна.
Хоёр жилийн дараа гэхэд Монголд төмөр зам барина гэж Х.Баттулгын бидэнд өгсөн дурсамжийн бичиг одоо миний ширээн дээр байна. Гэтэл төмөр зам алга. Хуураад байхаар яаж барих юм. Хамгийн аюултай зүйл нь үүнээс болж улс хоорондын харилцаа туйлын хүнд байдалд орсон. Хятад, Орос, Солонгосыг Америктай давхар хуурчихсан. Яг үнэндээ шатахууны үнэ нэмэгдэж, урд талд нүүрсний зам хаагдаад байгаа нь үүнтэй холбоотой.
Энэ үнэнийг ард түмнээс нууж байна. Өнөөдөр, маргааш нууж болно. Харин нөгөөдөр нууж чадахгүй. Эцсийн дүндээ төмөр замгүй боллоо. Тухайн үед би “Нэг толгойгоор нэг тэвш зөөж энэ байгалийг дуусгах уу, нэг толгойгоор 100 вагон зөөх үү гэдгээ та нар шийд. Одоо уул уурхайн хөдөлгөөн ид өрнөж байгаа Нарийн сухайт, Гашуун сухайт дээр эхлээд асуудлаа шийд” гэсэн энгийн асуулт тавиад байсан юм.
Оросоос өөр өргөн төмөр замтай улс дэлхийд байхгүй. Сталины үед стратегийн зориулалтаар өргөн төмөр зам баригдсан. Оросын Ерөнхийлөгч В.Путины хамгийн ойрын хүн Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Иванов гэдэг хүн бий. Энэ хүн дөрвөн жилийн өмнө “Оросын өргөн царигийн төмөр зам эдийн засгийн хорлон болж хувирлаа” гэдэг дүгнэлт хийсэн.
Өнөөдөр төмөр зам стратегийн асуудал байхаа больсон. Дээр үед танкийг төмөр замаар зөөж, тэр нь стратеги болдог байлаа. Гэтэл өнөөдөр нарийн царигийн төмөр зам баривал “Монголын уул уурхайн баялаг гадагшаа хяналтгүй урсах гэж байна” гэж их сонин зүйл яриад байгаа юм. Хил дээр гааль, хилийн цэрэг, тусгай албад нь бий. Яагаад баялаг хяналтгүй урсана гэж. Вагон болгон дурангаар орж гарна шүү дээ.
Ийм хөгийн зүйлээр хууран мэхэлж, аль 2010 онд ашиглалтад орох байсан төмөр замыг бүтэн таван жил улстөрийн зорилгоор хорлолоо. Миний хэлж байгаа зүйлд нэг ноцтой юм бий. Жишээ нь, гадаадын нэг компанитай байгуулсан гэрээнд “1180 км замыг тухайн компани барина. Оронд нь Тавантолгойг ашиглах онцгой эрхийг тухайн компанид өгнө” гэсэн баримт бичигт гарын үсэг зурчихсан байдаг. Би үүнийг л эсэргүүцээд байсан юм.
-Тэгвэл төмөр замыг ийм байдалд хүргэсэн хүн тэй хариуцлага тооцох цаг нь болсон юм биш үү? 
-Эхний ээлжинд эрх барьж байгаа хүчин, төрийн тэргүүн уг асуулдыг авч үзэж, төмөр замын асуудлыг дахин ярьж, улс хоорондын харилцааг хорлосон хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Үүнийг ярихгүйгээр цааш явахгүй. Би зүгээр нэг зүйлтэй орооцолдсон хүн биш. “Маккензи” ХХК-д төмөр замын талаар урьдчилсан зөвлөгөө үзүүлсэн гэж бараг 10-аад сая ам.доллар өгсөн.
Энэ мөнгийг өг гэж намайг Засгийн газарт байхад нэхэж байсан юм. Үүний дотор хуулийн зөвлөгөө үзүүлсэн Ганбат гэдэг хүний хуулийн компанид хоёр орчим сая ам.доллар өгнө гэдэг санал гарч Хөгжлийн банкнаас мөнгө нэхэж, бөөн хэрүүл болсон. Энэ үнэн шүү. Гэтэл Х.Тэмүүжингийн батлуулсан Ашиг сонирхлын тухай хууль юу болж байна.
Нөгөө сонирхлын зөрчил ярьдаг Х.Тэмүүжин сайд энэ талаар дуугарч байна уу. Үгүй л байна шүү дээ. Хэдий хүртэл энэ байдал үргэлжлэхийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан М.Энхсайханыг үнэн үг хэлсний төлөө зайлуулсан хэрэг. Бодвол мөнгө, төгрөг ийш тийшээ болгоход нь саад болсон юм байгаа биз. Би тэгэж л ойлгосон. М.Энхсайхан ч өөрөө ярьж л байна лээ.
-Энэ бүхний ард яг ямар ашиг сонирхол яваад байна вэ, тэгвэл? 
-Хувийн л ашиг сонирхол, шунал л байгаа. Өөр юу байдаг юм. Улстөрчид шуналаа тэвчиж сурах хэрэгтэй. Монголд олигархийн засаглал тогтож байна. Хоёр, гуравхан компани Монголын төрийг, УИХ-ын гишүүдийг бүхэлд нь багцлаад авчихлаа. Хоёр компанийн удирдлага, ил далд эзэд юу гэж хэлнэ түүгээр нь нөгөө хэдэн гишүүн асуудалд ханддаг.
УИХ нь ийм болчихлоо. Засгийн газартаа компанитай хэдэн нөхөд өөрсдөө ороод суучихсан. Дээрээс нь тэд л юу хүснэ, тэр шийдвэрийг шүүх гаргаж байна шүү дээ. Үүнийг олигархийн засаглал гээд байгаа юм. Манайх одоо бүр цагаандаа гарч байна. Нүдэн дээр хууль, зарчим дэвсэлж л байдаг. Хэн ч үг хэлдэггүй. Түүнийг нь эсэргүүцэж үг хэлсэн мань мэтийг өдөр шөнөгүй телевизээр харлуулж, гүтгэлэг тараасаар байгаад дуусгах гэж оролдож байна.
Энэ жижиг асуудал биш. Улс хоорондын харилцаа, аль хэдийнэ босох байсан төмөр замыг хорлоод, одоо дахиад өргөн царигийн төмөр зам барина гээд гүйгээд байх юм. Зардал ихтэй гэдгийг нь М.Энхсайхан хэлсэн. Шилжүүлэн ачих зардал гэдэг аймшигтай их. Эндээс Европт нүүрсээ гарахад 15 000 км явна. Харин урагшаа Тяньжин хүргэхэд 1000 км хүрэхгүй. 15 000 км явж бараагаа зарах нь хямд уу, эсвэл 1000 км явж зарах нь хямд уу гэдгийг хар ухаантай малчин өвгөн хэдийнэ бодчихно.
Монголын Тавантолгойгоос 100 вагон нүүрс ачаад түүнийгээ 247 км явж буулгаад эсвэл шилжүүлэн ачна гэхээр бөөн зардал гарна. Ийм эрүүл саруул зүйлийг хүлээж авах тэнхээ энэ Засгийн газарт алга. “Өргөн царигаар барина гээд бодлого гарчихсан. Үүндээ захирагдана” гэж Засгийн газар яриад байх юм. Энэ бол 15, 20-ийг 14, 80 болгож дөрвөн ширхэг тоо солих л асуудал. Эсвэл тоог нь солихгүй арилжааны төмөр зам барих боломжийг тухайн компаниудад нь өгөх хэрэгтэй.
-Бондын мөнгөөр төмөр зам барих асуудал яригдаж байгаа шүү дээ. Энэ зөв алхам мөн үү? 
-Бондын мөнгөөр улсаа дэнчин тавьж уг төмөр замыг барина гэж ярьцгаах юм. Энэ ухаантайн шинж мөн үү. Хувийн компаниуд өөрсдийнхөө зардлаар төмөр зам барья гэж байхад дундуур нь гүйж ороод бараг дөрвөн хувийн хүүтэй бондын зээл авч, 30 хувийг нь өгнө. 70 хувьд нь бусдыг оруулна гэж байгаа нь хэнд хэрэгтэй юм. Энэ зүгээр л тэнэглэл.
Би ойлгохгүй байгаа юм. М.Энхсайханы ярьсан нэг ноцтой тоо бий. “Нарийн царигийн төмөр зам дээр 232 сая ам.доллар өгвөл уг төмөр замыг 2016 онд ашиглалтад оруулж, найман жилийн дараа зардлаа нөхөх бололцоо байна” гэж. Харин Зам тээврийн сайд А.Гансүх нарын зүтгүүлээд байгаа өргөн царигийн төмөр замд 400 сая ам.доллар зарцуулна гэж байгаа. Энэ хоёрын хооронд асар их зөрүү байгаа биз.
Эцсийн дүндээ ард түмэн хохирч байна. Намайг үүнийг хэлэхээр “Ц.Нямдорж 300 хүнд даацын машинаар нүүрс зөөж байна” гэсэн гүтгэлэг тараасан. Надад нэг ч хүнд даацын машин байхгүй. Ийм л зүйлүүд Монголд болоод байна. Би төмөр замын асуудлыг дахин ярих ёстой гэж хатуу боддог хүн. Та нар бодоод үз л дээ. Баян-Өлгийгөөс Дорнод уруу төмөр зам тавина гээд яриад байгаа.
Юу зөөх юм, хэн зөөх юм гэдэг нь тодорхойгүй. Ийм тооцоогүй, бодлогогүй зүйл хийгээд байна. Ер нь манай дарга нар тооцоо хийлгүй амнаасаа үг алдчихдаг. Дараа нь хэлсэн үгээ төрийн бодлого, ажил болгох гэж хойноос нь савчсаар байгаад ажил ч үгүй, замд нь баахан хөрөнгө үрэн таран хийгээд сүүлд нь хар толгойгоо аваад зугтдаг. Улс хоорондын яриа, хэлэлцээ хийхдээ ийм л байдлаар хандаж байна.
Бондын мөнгөнд сохроор хандаж байгааг нь хар л даа. Дөрвөн хувийн хүүтэй бондын мөнгө оруулж ирчихээд өөрсдийгөө магтаад байгаа юм. Өдөрт 270 сая төгрөг хүүнд нь төлж байна. Гурав хоногт тэрбум төгрөг бондын хүүнд төлж байна гээд бод доо. Тэрбум хүрэхгүй төгрөгөөр цэцэрлэг барьдаг л байхгүй юу. Хоёр жилийн өмнө 960 хүүхдийн сургуулийн зардал хоёр тэрбум 400 сая төгрөг байсан.
Арван өдрийн бондын хүүгийн зардлаар нэг сургууль барих байсныг байхгүй болгочихлоо. Тэгээд Монголбанкин дээр байршуулчихаад Засгийн газарт эрсдэлгүй гэж яриад байгаа юм. Монголбанкны мөнгө гэдэг Монголын л мөнгө. Монголын эдийн засгийн салбарын 60 хувь нь банк, 40 хувь нь санхүүгийн салбарт байдаг гэж ярьдаг. Тэгээд Монголбанкинд байршуулчихаад хүүнд идүүлээд байхаар улсад ашигтай болж таарч байна уу.
Ийм хачин юм ярьж өөрсдийгөө өмөөрч байна. Энэ сайн зүйлд хэзээ ч хүргэхгүй. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ярилцлага өгсөн байхыг харсан. Бондын асуудлаар их эвгүй юм ярьж байна лээ. Бонд авахаасаа өмнө эхлээд төслөө бэлэн болгоод батлуулчих хэрэгтэй. Тэгээд ашигтай гэх төсөлдөө хөрөнгө оруулаад эхэлсэн бол болох л байсан. Гэтэл тэгсэнгүй.
Одоо автозамд бондын ихэнх мөнгийг өгөх юм гэнэ. Бондыг мөнгийг эргэж төлөх ашгийг автозамаас олохгүй. Дулааны цахилгаан станц барина гээд төсөл нь байхгүй зүйл яриад байх юм. Хэзээ төсөл нь бэлэн болж, хэн барих юм. Эдгээрийг харахад юу ажиглагдаж байна гэхээр одоогийн Засгийн газар нэг өдөр нэг морь барьж унаад орой нь тавьчихаад, маргааш нь дахиад нэгийг барьж унаад байдаг адуучин хүн шиг л байна.
Засгийн ажлыг ингэж хийж болдоггүй юм. Ингэж засгийн ажилд хандаж байгаа учраас биднийг юм ярихаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Анхнаасаа л өргөн царигийн зам барина гэсэн юм бол барих нь яасан юм. Намайг саад боллоо гэж баахан худлаа ярьсан. Би садаа болоод яах юм. Би ямар мөнгө мэддэг сайд байсан биш. Мөнгийг нь С.Баярцогт мэддэг байсан.
С.Баярцогт мөнгийг нь өгөх нь яасан юм. Харамсалтай нь миний бодож байсан бүх муу тооцоогоор бүгд явлаа. Сүүлийн үед яригдаж байгаа ноцтой асуудал бол төмөр замыг Тавантолгойтой холбохгүй гэж тогтсон гэж яриад байгаа. Тавантолгойтой төмөр замыг холбохгүй бол төмөр зам яриад яах юм. Тавантолгой, Оюутолгой хоёрт Монголын эдийн засгийн гол хүч төвлөрч байна.
Үнэнийг хэлэхэд эдийн засгийн 17 хувийн өндөр өсөлт үүнээс шалтгаалсан. Энэ хоёр үйлдвэрээ төмөр замтай холбохоо больж байгаа бол бүх зүйл дуусч байна гэсэн үг.
-МИАТ-тэй холбоотой мөнгө угаасан хэрэг өмнөх Засгийн газар, Төрийн өмчийн хорооны даргатай холбоотой гэдэг зүйл яригдаж байна. Таныг Хууль зүйн сайд байхад энэ талын ямар нэг асуудал хөндөгдөж байгаагүй юу? 
-Сонин дээр гараад байгаа энэ асуудал бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд явагдаж байгаа ажиллагаа. Гүйцэтгэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах гэсэн гурван төрлийн ажиллагаа бий. Үүнд нууц гэж бий. Энэ тохиолдолд мөрдөн байцаагч бие дааж шийддэг. Удирдаж байгаа хэлтсийн дарга, Мөрдөн байцаах газрын дарга л оролцвол оролцоно.
Ажиллагаанд нь саад учруулж болзошгүй гэж үзвэл хэнд ч мэдэгдэлгүй гүйцэтгэх ажил хийдэг. Ийм ажиллагаанууд байдаг учраас Хууль зүйн сайдын мэдэх асуудал, ярьдаг ч сэдэв биш. Засгийн газрын хуулийн зургадугаар зүйлд “Засгийн газар /Хууль зүйн сайд/ гүйцэтгэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаахаас бусад асуудлаар цагдаагийн байгууллагыг удирдана” гэж заасан байдаг.
Одоогийн яригдаж байгаа асуудал бол хүн хорьсон эрүүгийн хэрэг. Үүнд зөвхөн прокурор хяналт тавьдаг. Түүнээс нуусан хаасан зүйлгүй. Нууж хаах нь хүртэл хуультай. Онц хүнд, хүнд гэмт хэргийг мэдэж байж цагаатгаж, нуун дарагдуулсан бол ял өгнө гээд Эрүүгийн хуулийн 255, 256-д заасан. Хэрэв би тийм хэрэг хийсэн бол тэр зүйл ангиар шийтгүүлнэ шүү дээ. Засгийн газрын ордонд ч тэр аливаа хэргийн талаар ярих ёсгүй.
Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн бүлэгт зааж, Шүүхийн ерөнхий зөвлөлийг тусад нь байгуулсны учир энэ. Улстөрийнхөн хэрэг шалгах ажиллагаанд оролцож болохгүй л гэсэн үг. Асуудал эргээсээ халиад улстөрийн сэдэв болж хувирдаг. Би сайд байхдаа цагдаад шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл огт хийдэггүй байсан нь ийм учиртай. Эрүү үүсгэх, татгалзах, түдгэлзүүлэх, шүүхэд шилжүүлэх, яллахаас татгалзах гээд бүх шийдвэрийг прокурор гаргадаг. Хэрэг дээр ажилладаг хоёрхон хүн бий. Нэг нь мөрдөн байцаагч, нөгөө нь тухайн ажиллагаанд хяналт тавьдаг прокурор.
-Өмнөх Засгийн газар ЗТБХБ-ын дэд сайдаар ажиллаж байсан, одоогийн Зам тээврийн сайд А.Гансүх энэ асуудлаар тухайн үед УМБГ-т хандаж байсан гэсэн шүү дээ. Та энэ талаар мэдээгүй хэрэг үү? 
-Мөрдөн байцаах, прокурор хоёрын нэг дээр л байдаг юм л даа. Надад ирлээ гэхэд би бүх өргөдлийг харьяаллын дагуу шилжүүлдэг. Тиймээс Хууль зүйн сайд хойноос нь хөөцөлдөж, шалгах, хяналт тавих ямар ч эрхгүй. Х.Баттулга гурван жил зургаан сар сайд хийсэн. Сонинд бичсэнээр бол Х.Баттулгыг сайд байсан хугацаанд гадагшаа мөнгө гарсан. Тиймээс надаас биш өөрсдөөсөө ял, хариуцлага хоёрыг асуух хэрэгтэй.
МИАТ-ийг би биш Зам тээврийн яамныхан удирдаж байсан. Захирлуудыг нь тэд тавьсан. Төрийн өмчийн хороо сайд нарынх нь саналаар ойлголцож, тавь гэсэн хүнийг нь тавьдаг байхгүй юу. Сүүлд нь Х.Баттулга асуудал үүсгээд байхаар нь ТУЗ-ийн гишүүдийн олонхи нь салбар хариуцсан яамнаас байх шийдвэрийг С.Батболдын Засгийн газрын үед гаргасан. Тэгж байж томилгоонууд хийгдсэн.
Одоо Төрийн өмчийн хороог ҮХААЯ-нд шилжүүлснийг хуулийн хувьд би ойлгодоггүй юм. ҮХААЯ бол салбарын яам. Харин Төрийн өмчийн хороо бол бүх салбарын улсын өмчтэй холбоотой асуудлыг зохицуулдаг Ерөнхий сайдын мэдлийн агентлаг. Төрийн өмчийн хороог Х.Баттулга сайдын мэдэлд өгөх саналыг Н.Алтанхуяг оруулж ирэхээр нь “Энэ хүн хүнд дарамтад амьдарч байгаа юм байна даа” гэж ойлгож, өрөвдөөд байдаг нь ийм учиртай.
Төрийн өмчийн хорооноос улсын өмчийн том компаниудын захирлуудыг томилдог. Жишээ нь, цахилгаан станцуудын даргыг томилох асуудлыг ҮХААЯ шийддэг заваан зүйл болж хувирлаа. Надад зохих мэдээлэл бий. Одоо “Монголиан Эйрлайнс” гэдэг компани яригдаж байгаа. Уг компанийн ард улстөрчид, хоёр аж ахуйн бүлэглэл бий. Эхэлж гурван хуурамч компани байгуулж, тэдгээрийг сүүлд нь зохиомлоор нэгтгэхэд “Женко” болон “Бодь” групп оролцсон гэж сониноор бичигдсэн нь үнэн.
Ер нь миний яриад байдаг олигархийн зовлон ингэж л гарч ирдэг. Тэгээд “Монголиан Эйрлайнс” гэдэг шинээр гарч ирсэн компанид ноднин АН яг хамтарсан Засгийн газраас гарахын өмнө гадаад нислэгийн эрх олгогдсон. “Аэро Монголиа” гэдэг компанийн гадаад нислэг техникийн шалтгаанаар зогссон. “Изинис Эйрвэйс” компани гадаад нислэгийн эрх авна гэдэг зүйл яриад тус компанийн гадаад захирал Монголын өргөмжит консул гээд австрали хүн над дээр орж ирж энэ сэдвээр ярьдаг юм байна.
Тэгэхэд би салбарын яамтай нь “Адилхан боломжийн онгоцтой компаниудад гадаад нислэгийн зөвшөөрөл өгчихөд яагаад болдоггүй юм” гэж ярихаар л хав дараад байсан. Хачин хачин зүйл зөндөө хийгдсэн. Миний ярьж ганцаардаж, ад үзэгддэгийн цаана дандаа л ийм заваан юмнууд байдаг байхгүй юу.
-Хэрэг аль нэг шатнаасаа Хууль зүйн сайдад хамааралтай болно гэж байх уу? 
-Аль ч шатанд Хууль зүйн сайд орж болдоггүй юм. Хэрэв Хууль зүйн сайд оролцвол хуулийн алтан зарчмыг зөрчлөө л гэсэн үг. Хууль зүйн сайд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх чиглэлээр ажилладаг. Энэ бол Х.Тэмүүжингийн ч илрүүлсэн хэрэг биш, миний ч илрүүлсэн хэрэг биш. Ер нь МИАТ-ийнхэн асуудал тавиад тухайн судалгааны хүрээнд далд явагдаж байсан ажиллагаа гэж би ойлгодог.
Ц.Жаргалцэцэг
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих