Эрүүл амьдрах эрх олгооч
Уул уурхайн түүхий эд, арьс, шир, барилгын материалаас эхлээд эдэлж, хэрэглэж буй бараа бүтээгдэхүүн гээд цөм хятадаас хараат.
Харин өдгөө идэж буй хоол хүнс нь хүртэл урд хөршөөс хараат болж. Үүний жишээ бол хятадаас орж ирж буй үй түмэн чанаргүй хүнсний бүтээгдэхүүн, бас урд хөршид үйлдвэрлэгдсэн сүү тараг. Та бидний амтархан уудаг “Гоё” гэх таргийг Хятадад үйлдвэрлэдэг тухай яриа хэдэн жилийн өмнөөс л чих дэлсэх болсон. Харин өнгөрсөн долоо хоногт Хятадад үйлдвэрлэдэг гэдгийг нь нотолж орхив. Уг нь хүнсний аюулгүй байдал хэмээн олон жилийн турш ярьж байгаа даа бидний хэдэн монголчууд.
Тэгсэн хэрнээ аливаа асуудлыг цаг алдалгүй шийдчихэж чадахгүй, бусдыг даврааж байх юм. Ёстой л өнөөх сүх далайтал үхэр амар гэгчээр монголчууд бид “Гоё” хэмээх энэхүү таргийг хятадад үйлдвэрлэдэг юм гэсэн гээд л хэрэглээд байдаг мөн ч хэнэггүй, тэнэг гэмээр хүмүүс шүү. Тэр ч бүү хэл Эрээнд эрийтэл өрөөстэй байгааг нь харсан хэрнээ авч хэрэглэсээр л байсан. Тиймээс ч өдгөө энэ тараг сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд хэдийнэ өөрийн гэсэн байр суурийг эзэлж, худалдан авагчтай болчихож. Зүй нь энэ бүтээгдэхүүнийг зах зээлээс шахаж гаргах хэрэгтэй байсан юм. Учир нь хятад тарагнаас одоогоос хэдэн жилийн өмнө хар тугалга, кадми зэрэг хүний эрүүл мэндэд хортой хүнд металл илэрч байсан. Гэтэл энэ удаад ч хашрахгүй “Гоё” таргийг “гого” хэмээн ууж, хэрэглэсээр хэчнээн хүн эрүүл мэндээрээ хохирсныг хэн ч таашгүй.
Монгол тарагнаас тэс өөр нялуун амттай, өтгөн энэ таргийг их уухаар дотор эвгүйрдэг юм билээ. Тиймээс ч “Хөдөөний” тарагны исгэлэн таатай амтыг “Гоё” тарагнаас лав мэдрээгүй байх. Үхэр, ямааныхаа сүүгээр элгэн тараг бүрэх монгол технологийг лав дотор ухаан гадарлах ч, хийж чадахгүй. Тиймээс ч хүний үсээр жан, хуванцар материалаар хүнс үйлдвэрлэдэг шигээ л таргаа хийж байгаа.
Харин тал дүүрэн ярайх таван хошуу малтай бид “но”-той таргийг нь “гоё” хэмээн авч хэрэглэсээр байна. Тэр ч бүү хэл улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлж байгаа дийлэнх компаниуд хятад хуурай сүүгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэх. Тал дүүрэн бэлчих таван хошуу малтай монголчууд өнөөдөр яагаад хятадаас сүү, таргаа зөөхдөө тулав. Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангачихаж өлхөн дөнгөх хэрнээ яагаад гадаад зах зээлийг дэмжиж, эдийн засгийг нь тэтгээд байна вэ. Гаднаа байгаа саалийн үнээгээ шувтраад таргаа бүрчихэж чадахгүй дээ өнөөдөр урд хөршөөс сүү таргаа зөөж байгаа юм гэж үү. Арай үгүй байлгүй. Зунжин, намаржин сааль, сүүгээ бэлтгэдэг малчдынхаа хөдөлмөрийг үнэлээч. Үйлдвэрлэл эрхлэх гэж ядаж яваа иргэддээ шударгаар өрсөлдөх боломж олгооч.
Хятад хүнс хортой, гэхдээ яах вэ, махаа идээд, сүү цагаан идээгээ хэрэглээд байхад монгол хүн алзахгүй дээ хэмээн тайван явсан бидний эрүүл мэндэд хятад сүүн бүтээгдэхүүн заналхийлж байна. Хятад сүү, таргийг зах зээлээс шахаж, иргэддээ эрүүл амьдарч, урт наслах эрхийг өгөөч. Дээл өмсч, шилбүүр барьчихаад хонь хариулах нь холгүй яваа энэ хазгай хэлтнүүдийг байх ёстой байранд нь оруул. Тэгэхгүй бол арьс ширний зах зээлийн 80 хувийг атгаж байгаа шиг ээ даврах вий. Уг нь эх орондоо үйлдвэрлэгч нь, хэрэглэгч нь хаан байх ёстой. Цэр нь цээжинд, бөгс нь бөөрөнд байг хэмээн нэгэнтээ эзэн хаан маань сургасансан.
Х.Өнөржаргал
МОНГОЛЫН МЭДЭЭ
URL: