Гишүүд нэгдсэн ойлголтод хүрч чадсангүй

00441АХУИХ-ын баасан гаригийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан нэлээд ширүүхэн боллоо. Учир нь шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш төрийн албан хаагчдыг хууль бусаар хоморголон халсан гэх шүүмжлэлд өртөх болсон билээ. Тиймээс уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт гүйцэтгэх засаглалын тэргүүнд асуулга хаягласан.

Харин уг асуулгын хариуг энэ өдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг тодруулсан юм. Учир нь өнгөрөгч парламентын ээлжит сонгуулийн дараа УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан өмнөх бүтцэд ажиллаж байсан зарим яам, агентлагийн үйл ажиллагааг зогсоон, тэдгээрийн чиг үүргийг хуулийн дагуу шинээр байгуулсан яамдад шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсан. Үүний дагуу зарим яамдыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн аж.

Түүнчлэн зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарыг хүсэлтээр нь, өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан өөрчлөлт хийсэн гэв. Мен тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг үндэслэлүүдээр мөн ажлаас чөлөөлсөн байна. Нөгөөтэйгүүр, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.3.1-д дэд дарга, орлогчтой байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан үүргийг нь дэд дарга, орлогчоороо, тэд орлох боломжгүй бол чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай тухайн байгууллагын бүтцийн нэгжийн даргаар, 4.3.2-т дэд дарга, орлогчгүй байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар тус тус албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр заасан байдаг. Гэтэл өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан, шинээр байгуулагдсан яам, Засгийн газрын агентлагийн хувьд дээрх журмын дагуу асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Тиймээс дэд дарга, орлогч дарга байхгүй, холбогдох нэгжийн дарга нь томилогдоогүй байгаа нөхцөлд асуудлыг хэрхэх нь тодорхойгүй байсныг тодрууллаа.

Өдгөө өөрчлөн буюу шинээр байгуулсан яам, агентлагуудын үйл ажиллагаа, зохион байгуулалт нэгэнт жигдэрсэн тул яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарыг томилох ажлыг зохион байгуулах захиалгыг Засгийн газраас Төрийн албаны зөвлөлд хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалтыг зарласан гэлээ. Энэ дагуу татан буугдсан болон өөрчлөн байгуулагдсан агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас чөлөөлөх шаардлагатай болсныг онцлов. Ийнхүү холбогдох тодорхой албан тушаалтнуудыг нэрийг цохож, “яагаад” ажлаас чөлөөлсөнд хариулт өглөө.

Мэдээллийн дараа нэр бүхий гишүүд асуулт тавив. Тухайлбал, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, Д. Лүндээжанцан, А.Тлейхан, Я.Содбаатар Ө.Энхтүвшин нарын гишүүдийн зүгээс хууль зөрчин Төрийн албан хаагчдыг хоморголон халах үзэгдэл нь цадигаа алдаад байгааг хатуухан шүүмжилж, энэ байдлыг хэзээ цэгцлэх вэ гэдэгт хариулт шаардав. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлсэн юм. Харин гишүүдийн асуултад Ч.Сайханбилэг сайд “Бид хууль зөрчсөн эсэхийг чуулганы хуралдааны танхимд тогтоохгүй ээ. Хууль эрх зүйн зохицуулалтынхаа хувьд бол Засгийн газар хууль зөрчөөгүй” гэдгийг удаа дараалан тайлбарлаж байв. Гэвч асуулт тавьсан гишүүд уг асуудалд сөрөг байр суурь илэрхийлсээр байлаа. Ийнхүү хоёр тал энэхүү асуудалд нэгдсэн ойлголтод хүрч чадсангүй.

Харин дараагийн асуулгын хариуг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гишүүдэд сонор-дууллаа. Уг асуулгыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдад “Хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон малчдыг нийгмийн даатгалд хамруулах үйл ажиллагааны хэрэгжилт”-ийн талаар тодруулахыг хүссэн байв. Холбогдох сайдын тайлбараар, малчдын нийгмийн буюу тэтгэврийн даатгалд хамрагдсан байдлыг сүүлийн таван жилээр судалж үзвэл хамрагдвал зохих нийт малчдын 4-6,3 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 14.7-20.5 хувь нь сайн дурын даатгалд хамрагджээ. Энэхүү үзүүлэлтээс харахад, зорилтот бүлгийн даатгалд хамрагдалт хангалтгүй байгаагийн шалт-гаан нь тэтгэврийн даатгалын тогтолцоо, тэдний хөдөлмөрийн болон орлогын хэв шинжтэй нийцэхгүй байгаатай холбоотой гэнэ.

Шинэчлэлийн Засгийн газар нь эдгээр хэсгийг нийгмийн даатгалд хамруулах хүрээнд хэд хэдэн удаагийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан аж. Харин хувийн хэвшлийн салбарт ажилласнаар 52334 хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд, 148723 иргэнийг эрүүл мэндийн даатгалд тус бүр хамруулжээ. Цаашдаа энэ арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулна гэв.

О.Сэлэнгэ

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих